Өвсөн толгой бөхөлзөөд л... өглөө оройдоо жиндээгээд л...орсон ч гарсан ч гэгэлзээд л яах аргагүй намар цаг ирсэн дэг ээ. Хүйтний ам наашилж хөхүүрийн ам цаашлах цаг ингээд яах ийхийн зуургүй гадаа ирээд уяан дээр буучихдаг байжээ. Намар бол миний хамгийн дуртай улирал.
Харьж байгаа, буцаж байгаа тусмаа амьдралыг тэгэхээс тэгэх гэсэн юм шиг үнэ цэнэ оруулж байдаг, хүн бүхний дотрыг гогодон хөвхөлзөж хөндүүрлүүлж байдаг энэ цагт яагаад ч юм би дуртай.
Хорвоод ирснээсээ хойш үзэж өнгөрүүлсэн гуч гаруйхан намар минь эргэн санахад бүгдээрээ надад үнэтэй санагдана.
Өндөр эмэг дээрээ сүү биш сүүл энэ тэр хөхөн, бараг сайн дураараа хүн болох гэж ядаж байсан би арай ядан есөн сар хүрээд яг өнөөдрийнх шиг сэнгэнэж сэрвэлзсэн ийм нэгэн намрын өдөр айлд өргөгдсөн байдаг.
Тэр бол 1971 оны есөн сар. Хувь заяаны минь анхны намар. Өндөр эмэг гэдэг маань миний хэзээ ч уулзаж үзээгүй, ухаа мэдээ орсон цагаасаа хойш нэг ч удаа хараагүй хүн юм. Миний эмээгийн ээж болох Догосүрэн гэх тэр хөгшин эцэг эх нь тарж бутраад алга болсон цагаас хойш намайг өөр дээрээ хэдэн сар авч байсан гэдэг. Нэгэнт эцэг маань өөр амьдралын мөр хөөж, эх маань шаралхаад хүн дагаад алга болчихсон болохоор түүнээс өөр намайг авах хүн байсангүй. Нас өндөр гарсан эх нь хүүхэд харж хүчрэхээ байсан нь нүдний өмнө ил үзэгдэн зовоож, өвөг эцэг маань шилтэй цэнхэр, даалуу хоёрын араас бараа сураггүй хэдэн хоногоор арилчихсан, дээрээс нь юу юугүй хаяа хот хөвсөлзүүлсэн намар цаг сэнгэнэж эмээ маань байж суухад хэцүү шаналаад миний хувь заяаг тийнхүү өөрийн дураар цохож орхисон нь тэр. Тэр үед эмээд маань над шиг хаягдмал амьтны хувь заяаг шийдэх нь ээмэг бэлзгээ арилжихаас амархан зүйл байсан байж таарна.
Том охиныхоо гаргаад хаячихсан хүүхдийн асуудлыг тэр хүн шийдэхгүй өөр хэн шийдэх билээ. Ёстой нөгөө нэгдлийн даргад ч мэдүүлэхгүй цорын ганц юм энэ.
Ингэж би эмээгийнхээ шийдвэрээр ой ч хүрээгүй байхдаа айлд өргөгдсөн түүхтэй.
Дашинчилэн сумын Лах бригадын нутаг миний унасан газар, угаасан ус юм. Тэндэхийн царцаа шаргисан шар тал миний сэтгэл дундуур шаргалтаж, гал халуун нар нь зүрхэн дотор мандаж байдаг. Тийм ч учраас би өөртөө хичнээн дараад ч оргилж ирээд болдоггүй халуун чанарыг тээж явдаг юм шиг.
Холбооны даргынх хоёр хүүтэй айл. Охин хүүхэд өргөж авахсан гэж байна гэнэ гэх яриа тэр намрын нэг найрнаас нөгөө найрны дунд ниссээр эмээгийн маань чихэнд хийсч ирсэн тэр өдөр би гэдэг хүн сүүний машинд суун сумын төв рүү жирийлгэж явжээ. Эмээ маань найруулсан спирт ууж халамцаж аваад хүнд өгч байгаа хүүхдийг хувцастай өгдөггүй юм гээд намайг яах ийхийн зуургүй чармай нүцгэлж суулгачихаад босгон дээгүүр бүсээ хөврүүлсээр гарч одсон гэдэг.
Мах цусны тасархайгаа хаа хамаагүй хар элгийн улсад урилга заллага ч үгүй авчирч өгчихөөд уйлж унжих ч үгүй хээв нэг сэтгэлээ уужруулж, хэргээ бүтээж аваад яваад өгч байсан эмэг эхийн маань дүр төрх тэр үеийн хүмүүсийн элдэв цээр маяггүй, шашин энэ тэргүй гүдэс төрхийг илтгэдэг.
Хожим ч Должинсүрэн гэх тэр тарган бор авгай надад тэгтэл нялуурч сүйд болж яваагүй. Үр минь, ач минь гэж эргэж нэгээхэн ч зууралдаагүй. Эмээгээ алив хаа байна,миний хүү гээд дуудах тоолон би буруу харчихаад нүүр рүү нь харж өгөхгүй байхаар ээж маань их гайхаж байсан гэсэн. Хол замд давхиж ирээд гэдэс гүзээ нь дүүрч, тавгүйтсэн намайг манай эмээ хээв нэг “Энэ чинь бүр гэртээ ирчихээд намайг тоож харахгүй байна гээч, гэрээ мэдчихэж” гээд тас тас хөхөрч байсан гэдэг. Юуных нь гэрээ мэдэх байхав дээ, өнөө жаал чинь шар өвчин тусаад хүндэрчихсэн сүйд болдгийн даваан дээр тулсан амьтан байсныг өгсөн авсан улсын хэн нь ч мэдээгүй байж.
Ингээд ээж аав хоёр маань Хайсандайгийн Уранчимэг гэж бичсэн нэгдлийн даргын гарын үсэгтэй төрсний гэрчилгээ болох цорын ганц баримт бичигнээс өөр юу ч үгүй улаан нялзрай амьтан тэврээд гайхан хоцорсон түүхтэй.
Олон сар эмнэлгээр явж арай ядан ой таван сартайдаа сая нэг юм тогтсон намайг аав маань захиргаан дээр очиж Хайсандайгийн Уранчимэг биш Бадамдоржийн Ганчимэг болгон шинэ гэрчилгээ авч манайх тэр орой даруухан баярын ширээ засч байсан гэдэг юм.
Манай аав Булган, Архангай, Хөвсгөл зэрэг олон аймагт томилогдож, оч гэсэн сум суурин болгонд нь очин ажиллаад, эцэст нь Булганы Дашинчилэн сумын холбооны даргаар ирж суурьшсан, тэнд бол гадны хүн байлаа.
Өөрийнх нь төрсөн сум Булганы Бугат сум ч хэтэрхий олон жил ажиллаж амьдарсан болоод тэр үү аавыг маань хүмүүс угаасаа л Дашинчилэнгийн хүн гэж эндүүрдэг байсан юм. Намайг авахаас есөн жилийн өмнө тэр манай суманд ээлжит томилолтоо өвөртлөн ирж суурьшсан байлаа.
Хожим аав маань радио релейний дарга хийж байгаад тэтгэвэртээ гарч, намайг 17-той байхад аймгийн төв рүү нүүж билээ. Манайхыг тэндээс нүүхэд яагаад ч юм бас л намар байсан. Хар бухын гол хүрэнтэж хуйлран урсч, намрын салхинд эргийнх нь зэгэс сэтгэл сэнсэртэл шуугиж, зундаа урсгалд нь бараг гэртэй юутай хээтэйгээ умбаж байдаг айлууд цэрвэн холдож тээр тэнд буучихаад алсаас бөгжний шигтгээ шиг гялалзан хүнийрхэж байсан жихүүн өдөр бид тэнд бууж бяцхан үдэлт хийж байсансан. Аав маань нүдэндээ нулимс цийлэлзүүлэн байж “Буянтай нутаг шүү, бор охиныг минь надад хайрласан юм. 26 жил усыг чинь ууж, ёсыг чинь дагаж, нэртэй төртэй амьдарч, гурван хүүхдээ хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэлээ” гээд урсгалаас нь адис авч байсан нь одоо ч нүдэнд минь харагддаг.
Есөн сарын нэгэн болж сургуулийн хүүхэд шуугилдаж, хонхны дуу сэтгэл нялхруулан цангинах тоолон аав минь илүүтэй их санагдана. Долоон настайдаа би тод улаан өнгөтэй ширээр хайчилж оёсон томоо гэгчийн туулайны дүрстэй хар цүнх үүрээд аав ээж хоёрынхоо гараас хөтлөн сургуулийн хаалгаар орж байлаа. Хожим 14 настайдаа бас л аавтайгаа аймгийн нэгдүгээр арван жилийн үүдэнд зогсч байсан. Орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангид сумаасаа шигшигдэж аавынхаа магнайг хагартал баярлуулж явсан нь тэр. Ахиад хэдхэн жилийн дараа аавтайгаа их сургуулийн гудмаар алхаж явлаа.
Аавыгаа би хүүхэд байхдаа дандаа баярлуулж явсан юм шиг. Аавтай байхдаа хүн дандаа жаргаж явдаг юм шиг. Аавтай хүн алдаж энддэггүй ч юм шиг.
Манай аав хоёрын хоёр хүүтэй хүн атлаа хөвгүүдээ эр хүн болгох гэж нэг их зүдрээгүй хүн. Том ахыг сахилгагүй учраас цэргийн сургуульд оруулна гэх ганцхан шийдвэр гаргаад л тоонд толгойтой сурлага сайтай хүүгээ конкурсын дараа өдий төдий олон их сургуулиудаас Цэргийн ерөнхий дээд сургуулийн холбооны инженерийн анги хүчээр авахуулан хувь заяаг нь шийдчихэж байсан. Харин бага ах маань хэзээний томоотой, зодоо цохио хийдэггүй, гадуур дотуур шуугидаггүй, охид голдуу найзтай, урлагаас өөр юм хөөцөлддөггүй сонин даруухан хүүхэд байсан. Аав түүнийг наймдугаар ангидаа бүх ард түмний урлагийн их наадмаас алтан медаль аваад ирэнгүүт урлагийн зам руу жолоог нь эвхээд дуугүйхэн түлхчихсэн.
Багшийн сургуулийн соёлын анги дүүргээд сумандаа хэсэг багшилж байснаа ахиад хэл үг ч үгүй Соёл урлагийн их сургуульд яваад өгөхөд нь юу ч хэлээгүй. Дараа нь давраад Свердловскийн консерваторт яваад өгөхөд нь ч юм хэлээгүй. Эр хүн хувь заяагаа өөрөө олдог юм гэж аав маань хэлдэг байлаа. Үнэнийг хэлэхэд тэр үг нь надад тийм ч их таатай хүлээж авмаар үг санагддаггүй байсан юм. Хн... тэднийг болохоор сул зоргоор нь хаяад надтай болохоор зууралдаад л байдаг юм гэсэн шүү юм санаж дотроо гэдийж суудагсан.
Эмээлийн бүүрэг шиг ийм сайхан хоёр ахыг аав нь чамд үлдээлээ шүү гэж аав маань надад нэг удаа хэлж байсан. Нээрээ ч би гэдэг хүн ах нарынхаа нуруун дээр зайдалж явсаар хүн болжээ.
Эцэг маань ил шударга үгтэй, иртэй тонгорог шиг хурц зан төрхтэй, элдэв нялуун аяг араншингүй, өөрийнхөө зөв гэж бодсон замаар эргэж буцахгүй алхдаг хүн явсан. Тэр ямар ч намгүй, бас ямар ч ламгүй хүн байв. Сумын хэдхэн сэхээтэн бүгд яруу алдарт намын гишүүд явсан тэр цагт ч миний эцэг намын батлахны эсрэг үзэлтэн явсан. Тиймдээ ч дээшээ татагддаггүй, эрэмгий хүн болохоор доошоо бас орж өгдөггүй ийм л нэгэн сонирхолтой кадр.
Радио релейний хүүхнүүдэд нь сумын сааль сүүний төлөвлөгөө гүйцэж өгөхгүй хэцүү байна гэх нэрээр дайчлах хуудас ирүүлэхэд нь намын даргатай “Би эднээр чиний үнээний дэлэнг шувтруулж залхаалгахгүй ээ. Эд бол инженерүүд, техникчид. Чи тэр хэдэн саальчиддаа наад хуудсаа явуул” гэж тачигнатал хэрэлдэж байсан эсэргүү.
Аавын маань тухай дээд газар насан туршид нь матаас очиж байсан гэдэг. Өөрийнхөө амьдралыг өөрөө түвэгтэй болгож байна гэх үгийг ээж хааяа түүнд зориулан унагадаг байсан нь ийм учиртай. Эцэг хүний өөрийгөө авч явсан хамгийн гол дотоод чанар хөвгүүдэд нь илүү их шингэж үлддэг юм шиг надад санагддаг. Миний хоёр ах ч дарга даамлуудтай учраа олж амьдрах тал дээр дутагдалтай хүмүүс болж төлөвшсөн нь анзаарагддаг.
Аав маань хааяа алддаг эр хүн явлаа. Архи ууж заримдаа сүрхий халамцана. Энэ хорвоод жаргалтай амьдрахад олон юм хэрэггүй гэж ярина. Надад бурхан хэрэггүй. Миний бурхан бол миний зөв гэсэн л үзэл гэж хэлнэ. Хүнд хоосон найдвар төрүүлдэг улс бол хамгийн адгийн дүлгэнүүр амьтад байдаг. Чи бусдын өмнө чадах бол чадна, үгүй бол үгүй, ийм л тодорхой байх ёстой гэж ярина. Бодож байгаа амьтан болж бөөрөнхийлж, айж суугаа хүн шиг сул дорой юм байхгүй. Санаанд чинь нэг л багтсан бол бариад л авах хэрэгтэй гэнэ. Хүн хэзээ ч хүнтэй муудалцаж, дайсантай болохыг хүсдэггүй. Гэвч хувь заяа чамайг өөрийн эрхгүй хүнтэй муудалцуулж, дайсантай болгож байдаг. Тийм болохоор энэнээс зугтах хэрэггүй гэж хэлнэ...
Аавын маань эдгээр онолууд зарим талаас ихээхэн туйлширсан санагдавч үр хүүхэд нь болж заяасан бидний өөрөөс нь хойш амьдралдаа хийж яваа өдий төдий алхмуудын цаанаас одоо ч ханхалж л байдаг нь хачин.
Одоо намайг хамгийн их зовоодог асуулт “Чи өөрөө өөрийнхөөрөө амьдарч чадаж байна уу, үгүй юу” гэх асуулт болсон нь сонин.
Эцэг маань халамцуудаа жаахан бачим ч зөв хоолойгоор “Үлэмжийн чанар”-ыг сэвэлзтэл авна.
Мөнхийн ус нь байдаг бол
Хаанаас ч гэсэн олох юмсан
Миний ээжий настай хүн
Хайртай ээждээ өгөх юмсан... гэж бас дуулна. Ингээд л түүний дуулдаг дуу дуусна. Дургүйгээ хүрвэл агсам ч тавина. Нударга ч зөрүүлнэ. Бас цэвэрхэн наймаа хийчихнэ. Ийм л нэг эр хүн. Сумандаа анхны мотоциклийг унаж, анх удаа зурагт авчирч, бас анх удаа хар мод тарьж олон юманд анхдагч болж явсан. Манай суманд илжиг гэдэг амьтныг хамгийн анх Сосорбарам гуай гэдэг шавилхан шар өвгөн авчирч байлаа. Харин манай аав анх удаа гахай авчирч тэжээсэн. Хүүхдүүд гахай, илжиг хоёрыг үзэх гэж хуйлралддаг сан. Тэр бас гайхалтай сэжигч, цэвэрч нямбай нь дэндсэн хүн байж билээ.
Эрхүүд суралцсан, каракул захтай ноосон пальто, каракул малгай духдуулж, бас машин унадаг ганган дарга явсан аав минь одоо ч тэр л төрхөөрөө нүдэнд харагдана. Хуучны дуутай хамт ургаж ирэн харагдана. Хуудас эргэх тоолон амьдралын манан дунд сүрлэг дүр төрхөөрөө үзэгдэн тэнгэрээс нэгийг шивнэнэ.
Будан татаад униартсан
Буурал хангайн сайхныг ээ
Буурь нь хүртэл арилаагүй
Буурал аавын нутаг аа
Ай хө зэ хө...
Буурал аавын минь нутгаар
Бууж мордоод яваарай.... Найрын гэрээс дуу ийн хадна.
Ай, аавтай явсан он жилүүдийн жиндэж үзээгүй амьрал...
Аавдаа би анх удаа гуравдугаар ангид байхдаа нэг ороолгуулж үзсэн. Арга байж уу сумын төвийн цорын ганц цаг уурын ажиглалтын станцыг би юу ч үгүй түйвээчихсэн юм чинь. Хашааг нь давж ороод хэмжилтийн багаж энэ тэрийг нь нэгийг ч үлдээлгүй хагалж орхисон. Хийсэн хэрэг илчлэгдэж сумын захиргаан дээр багштайгаа хамт дуудагдаж очоод байж байтал аав ороод ирсэн.
Сумын нарийн бичгийн дарга надаас “Чи яах гэж тэр газарт зоолттой байсан хэмжигчүүдийг авч хагалсан юм бэ” гэхэд нь би “Шилэн шугамтай болох гэж, бас мөнгөн ус гэдэг юмыг нь уух гэсэн юм” гэж хариулж бөөн шуугиан болж билээ.
Орой гэртээ ороод иртэл аав тачигнаж гарч байна. Үгүй ер тэр мөнгөн усыг уувал чи үхнэ шүү дээ, бас тэр шилэн шугам гэж юугаа яриад байгаа нөхөр вэ гээд л дуу нь өндөрсөөд явчихсан сан. Шидмэсээр нэг ороолгуулж аваад орондоо бөөн гомдсон амьтан уйлж ааваараа аргадуулж сайдаад унтаж байсан сан.
Тэртээх он жилүүд гэрэлт шувуу шиг нисэн одсон ч ийнхүү цээжний минь гүнд шулганан жиргэсээр.
Манай аав ээж хоёр шөнө дөл болсон хойно орондоо орчихоод нэг нэгэндээ ном уншиж өгдөг байлаа. “Хошуу цагаан нутаг” гэдэг роман гарч тэр хоёр лав гурван шөнө уншсан юм даг. Нутгийн нэг сайхан бүсгүй нэгдлийн дарга залууд дурлаад л, юу юу ч болдог билээ дээ. Би хөнжил дотроо унтсан дүр үзүүлэн нэг бүрчлэн сонсож хэвтэнэ. Нэг удаа аав аймаг яваад ирэхдээ “Ниссо” гэдэг зузаан ном авчирлаа. Тэгээд намайг унтуулчихаад гал тогооны өрөөнд тухлан сууж аваад ээж эхлэн уншиж гарав. ...Роза зөвхөн нүдээ ил гарган нүүрээ цагаан алчуураар бүтээж гэрийнхээ хаалгыг чулуугаар дараад Мир Алийн илжигний урд орон явлаа. Дуоб суурингийнхан энэ эмэгтэйн хувь заяаг бага сонирхож байсан болохоор хэн ч үдэж гаргаж өгсөнгүй... хэмээн ээж ер бусын намуун хоолойгоор уншиж эхэллээ. Нэг мэдэхэд өглөө болжээ. Нөгөө гоё эхлэл юу болж дууссаныг бүү мэд.
Ахин шинэ орой болж ээж аав хоёрын уншлага эхэллээ. Аав тайзан дээр гарсан хүн шиг хоолойгоо хэдэнтэй зассанаа ийн эхлүүлэв. ...Кендры зогсоогоороо алчуур саван ч үгүй үсчин хүний ямар ч хэрэгсэлгүйгээр хөгшний дэргэд зогсон сахлыг нь хусаж эхэллээ. Өвгөний ширүүн сахал нь саржигнатал дуугаран өвдөхөд нь тэрээр шүд зуун хэзээ дуусахыг нь хүлээн сууна...Би тэссэнгүй. Амандаа хөнжлийнхөө үзүүрийг чихээд ч тусыг үл олж тэсрэв. Өвдөж хавдан байж өрөвдөлтэйгөөр сахлаа гудчин хусуулж байгаа өвгөнийг шоолсон, хоолойгоо засан ээжийн өмнө бэлтгэл хийж ирээд уншлагаа эхлүүлсэн аавыг шоолсон хоёроо одоо ч ялгадаггүй. Унт чи, маргааш хичээлтэй байж том хүний ном сонсоно гэнээ...гэх аавын чанга дуунаар нам болон хэдэн хормын дараа амтат нойрноо умбан орсонсон. Павел Лукницкийн Ниссо гэдэг тэр роман тийм ч гайхалтай роман биш л дээ.
Гэхдээ л би сэтгэлд үлдсэн дурсамжаасаа болоод ч юм уу тэр номыг нандигнан хадгалж явдаг. Манай аав ээжтэй анх бараг хүүхэд байхдаа Булганы арын Дундатын голд танилцсан гэсэн. Хайр сэтгэлийн холбоотой болоод төд удаагүй байтал аав хот руу Холбооны техникумын анхны оюутнуудын нэг болон одсон юм байх. Хотод очсон том оюутан ээжээс сураг тасраад хэдэн жил болсны дараа ээж аймгийн мал эмнэлгийн даргын гэргий болон очиж тэдний холбоо бүрмөсөн тасарчээ. Гэвч нэг намар тэд айлын найран дээр ахин учирч бөөн хэрэг мандааж орхисон гэдэг. Аав маань мал эмнэлгийн даргын авгайг мянгын дугуйн дээрээ сундлан давхих болж, хэл үг ч намрын өвсөнд тавьсан гал шиг аймгийн төвөөр түгэж.
Ингээд ээж маань тэр айлаас хоргодох үр хүүхэд ч байх биш дээ гээд ханилж явсан нөхөртөө баахан хувцас оёж бэлдчихээд ганцхан оёдлын машинаа аваад гарсан гэдэг. Хурал хуй болж мал эмнэлгийн газрын даргыг шуудангийн даргаар сольсон ээжийг маань шийтгэж 45 хоног заан хадланд хөөж орхижээ. Өдөр болгон шуудангийн машин ирж ээж захиа авна. Тэгж явсаар өгсөн шийтгэл нь ч дуусч, эцэг эх хоёр маань гал голомтоо зоримогхон асаажээ. Жилийн дараа тэд Гансүх гэдэг хүүтэй болж, дараа нь Ганхуяг гэж удаах хүү мэндэлжээ. Тэр үед аав Архангай аймаг руу томилогдсон. Дараа нь Дашинчилэнд томилогдсон. Дашинчилэнд нүүж ирснээс хойш есөн жилийн дараа би ирсэн. Ингээд манайх гэдэг айл бүрэлдсэн түүхтэй.
Аав маань миний өсөх насанд ээжээс илүү надтай хөөцөлдөж явжээ. Наймдугаар ангид байхдаа би анхны хайр гэгч юмтай учирч, аавыгаа хэзээ ч байгаагүй ихээр зовоож орхисон. Үерхдэг хөвгүүн маань миний үрчлэгдсэний гэрчилгээг үзчихээд Хайсандай гэсэн ээжийн маань нэрийг Хай син дой гэдэг хятад хүн байна гэж сүрхий нээлт хийж намайг гомдоож орхидог юм байна. Тэр явдлаас болж би бүр хэвтэрт орж, аав маань сумын төвөөс аймаг руу дотуур байранд давхин ирж, турж царай алдан, хичээл сурлагаа гаргуунд нь хаясан намайг аргадаж нэг, аашилж нэг үзэн аргаа барж байсан сан. Муу аавыгаа яах гэж тэгж зовоож байв даа. Найз хөвгүүнтэй маань уулзах гэж тасгаар нь очиход тэр хүү гараад л чавхдчихсан гэдэг. Хөгжилтэй түүх байгаа биз.
Манай том ах аравдугаар ангид байхдаа наймдугаар ангийн хамгийн царайлаг Энхтуяа гэдэг гоё эгчийг гэртээ дагуулаад ирж байсан. Тэр эгч одоо манай том бэр. Бага ах маань бас 17-тойдоо хотоос Мөнхжин нэртэй танихгүй охин дагуулаад гэнэт шуугиж ирсэн. Тэр охин одоо бас манай бэр. Манайх гэр бүлдээ авсан хэн нэгнийг буцааж гаргах дургүй, бүр яая даа гэмээр халуун нялуун хачирхалтай гэр бүл. Би л аавыгаа зовоон байж гэрлээд, хожим өнгөрсний нь дараа охиныхоо эцгээс салж орхисон юм. Аав маань намайг гэрлэхэд насандаа муудаж үзээгүйгээрээ надтай муудсан. Гэрлэх гэж байгаа залуугийн маань хойд эцэг дээр үед тэмээний хэргээр орон шоронд орж явсан гэнээ.
Аав тас гүрийлээ. Би яасан ч тэрэнтэй худ ураг болохгүй. Чи жирийн нэг малын хулгайч эцэгтэй яваагүй гэдгээ санаж яв гэж хэлээд гэдийгээд хэвтчихсэн. Би ч гөжсөн. Тэгвэл би үхлээ шүү гээд уул руу гүйж, араас аав маань “тэг ээ тэг, чи тэр айлдаа оч. Харин би тэр тэмээний хулгайчтай чинь нэг хоймор сууна гэж битгий бодоорой” гэж араас аргаан баран хашгирч байсан нь одоо хааяа санагдаж дотрыг минь сэмлэдэг.
Удалгүй би хуримаа хийсэн. Гэхдээ аав маань хэлсэн үгээрээ болж, ганц охиныхоо хуриманд ирээгүй. Ааваасаа зөрж болдоггүй орчлонд анх удаа би тэгж зөрөөд амаараа шороо үмхэн амьдралын хатуу хөтүүд алгадуулж үзсэн. Арга буюу шахаанд орсон том ах маань найрын хоймор суугаад
Цэцгийн анирхан уулс дундаа
Цэнгэлийн сайхан хөдөө юм аа хө
Цэвэрхэн охид нь хань болмоор
Цэнгүүн сайхан нутаг юм аа хө... гээд жаахан гунигтай дуулж суусан тэр өдөр миний амьдралын хамгийн хачин, олон зүйл тодорхой биш, яах ийхийн зуургүй манан дунд өнгөрсөн мөчүүд шиг санагддаг.
Аав минь нэг л өдөр алга болохыг анзаарч санаж яваагүй ангарай залуу насны өдрүүд кино юм шиг, тэртээ он жилүүдийн салхинд мартагдаж гээгдсэн дуу юм шиг.
Аавдаа би шүлэг бичиж үзэв. Аавдаа би дуу зохиож үзэв. Аавдаа би ном зориулж бичив. Аавыгаа харин эргэж үл олов.
Яг ийм намраар
Аав минь одсон
Яагаад намраар буцсаныг нь
Бодоод бодоод олдоггүй
Эхлээд модод шарласан
Энд тэндгүй навч хийссэн
Дараа нь шувууд уйлалдаж, Хяруу унасан
Даанч дээ, өглөө сэрэхийн зуурт
Одчихсон байсан
Яг ийм намраар
Аав минь одсон
Яагаад намраар буцсаныг нь
Бодоод бодоод олдоггүй. ... Энэ миний эцэгтээ зориулж бичсэн анхны шүлэг.
Аав маань тэтгэвэртээ гарсныхаа дараа аймгийн төвийн ар руу Зүүн түрүүнд нүүн ирж төвхнөөд хэдэн хоньтой, саалийн үнээтэй, ач нараа өсгөн амар жимэр амьдарсан. Ардчилсан хувьсгал гарч, улс орон хямралд автсан тэр үед анх удаа картаар гурил авч ирээд аав маань “За яахав мөнгө шиг адгийн бохир юм байхгүй гэж бүх насаар минь номлож номлочихоод одоо ингээд нэг л өдөр мөнгөний төлөө яв аа гээд зөнд нь хаячихдаг юм байж. Амьд явахад их юм үзнэ гэдэг энэ дээ” гэж бодлогошрон хэлж байсан нь санаанаас гардаггүй. Ингээд эцэг маань насаа нэлээн явчихсан үед амьдралдаа ахин нэг шинэ үеийг зоримогхон эхлүүлж байлаа. Дарга даамал явсан аав минь ийн хонь хурга, үхэр тугалтай хөөцөлдөх сонин ажилд шимтэн орсон юм даа. Хонь нь овоо өссөн.
Эцэг маань барьж авсан юмаа зүгээр нэг аялуулж байдаг идэвхгүй хүн биш. Хөдөлгөж, зүлгэж, хөгжүүлж байдаг зүгээр суудаггүй хурдтай хүн байсан. Зуугаад хоньтой, айлтай ээлжилж хонинд явдаг тийм нэг ажилтай, хааяа хүрэн морио унаад төв орно. Сонин хэвлэл, чихэр жимс тээж ирнэ. Тэр үед би оюутан байлаа. Нэг хавар надад муу мэдээ ирлээ. Аавын чинь хоттой хонь руу гал ороод сүйд болж гэнээ гэв. Утсаар ярив. Ач нараа галд өргөчихөөгүй авч гарлаа. Хонь яахав дээ ...гэсхийгээд аавын дуу сулрав. Дууных нь өнгө шаналж, гунисныг нь түвэггүй илтгэнэ. Хоёр муу бөөсийн чинээ ачтайгаа хавсарганд хонио арай гэж хашаад орж. Гэтэл гадаа бөөн хиншүү хярвас, орилоон майлаан гарчээ.
Гүйгээд гартал яах ийхийн зуургүй хашаатай хонинд нь гал авалцаад дуусч байсан гэдэг. Хаа байсан Тэшиг суманд ажиллаж амьдарч байсан том ах маань дуулаад давхин ирж, үнс нурам, шатсан малын сэг бүгдийг нь цэмцийтэл хусан ачиж хогийн цэг дээр асгаж, хоёр хоногийн дотор цоо шинэ хашаа саравч барин, Орхон руу явж хонь худалдан авчирч, эцгийнхээ хотыг дүүргэж, голыг нь цайлгаж байсан.
Эцэг хүнд сайн хүүтэй явах цээжний бахархал. Магнайд нь гийх баярын оч юм билээ. Хүүтэй эцэг шиг дэлхий дүүрэн хүн үгүй. Энэ явдал надад ийм л зүйлийг мэдрүүлсэн. Харин хэд хоногийн дараа аав маань хонио шатсанаас илүү нэг зүйлд гонсойж билээ.
Төрийн төв хэвлэл “Ардын эрх” дээр манай хонь шатсан тухай мэдээ гарчээ. “Халтар царайтаас болж хоттой хонио шатаажээ” гэсэн гарчигтай. Тэр үед “Халтар царайт” гэгч савангийн дуурь гарч хотод хүртэл замын хөдөлгөөн зогсдог байсан цаг. Энэ явдлаас болоод эцэг маань намайг амралтаар очиход “сэтгүүлч хүн гэж хэнийг хэлэх вэ” гэсэн ерөнхий асуулт тавьж байн байн бүлтгэнүүлдэгсэн.
Амьдрал аа гэж. Аав маань энэ явдлаас хойш хоёр жилийн дараа элэгний хорт хавдраар тэнгэрт хальсан билээ. Аавыг минь хэвтэрт ороход нэгэн үед хамтдаа зүтгэж явсан яамных нь сайд хүртэл эргэж ирж байлаа. Насан туршид нь жолоог нь мушгисан жолооч нь, өвгөн болсон монтёрууд нь, ажил албыг нь залгуулан авсан дарга нар гээд бүгд эргэж ирэн, тэд шөнөжин найрлаж С.Эрдэнэ баавайн “Өвгөн шувуу” шиг юм болж байсан.
Миний эцэг жаргасан шиг жаргаж, наргисан шиг наргиж, бас гунисан шиг гунидаг эр хүн явсан. Нас барахаасаа сарын өмнө гадаа гаргуулаад зүлгэн дээр тэнгэр ширтэн удаан хэвтэж билээ. Нэг харсан өргөн шанааг нь даган нулимс нь чимээгүй урсаж байсан. Дэргэд нь очоод суутал “Хүн гэдэг амьтан чинь барж идэхийн аргагүй шуналтай амьтан байдаг юм байна. Одоо болсон, ханасан гэж хичнээн бодоод хоргодох сэтгэл л дийлээд байдаг юм байна” гэж шивнэж билээ. Аав маань амьдралд хайртай хүн байлаа.
Уулын чулуу хагалам эр хүний гунигийг ингэж би халуун энгэрээс нь мэдэрч өссөн билээ.
Нүүдлийн олон шувууд нь
Нуураа нэг, тойрмоо нэг эргэлээ дээ
Нутгийн хэдэн буурлаасаа би
Нуугдаж нэг, зүүгдэж нэг уйллаа даа... Эцэг минь ингэж дуутай хамт дотор минь оршин байдаг. Эцэг минь ингэж намартай хамт зүрхэн дундуур урсан байдаг.
Тэнгэр минь надад ийм эцэг заяалгасанд баярлалаа. Үүний тань төлөө би үргэлж танд талархана.
0 сэтгэгдэл