Дэлхийн хамгийн гайхалтай хотуудын нэг болох Истанбулд та нэг л хөл тавьсан бол ахиж ирэхгүй байх боломжгүй юм хэмээх өгүүлбэрийг олон жилийн өмнө хаа нэгтэйгээс уншиж билээ. Магадгүй дэлхийг тойрч хэрэн хэсэх тэр чигээрээ амьдрал нь болчихсон хаа газрын нэгэн аялагчийн л тэмдэглэн үлдээсэн үг биз ээ.
Би ч анх тэртээх 1999 онд энэ хотод анх ирснээс хойш янз бүрийн хугацаагаар олон удаа ирж буцжээ. Ирэх тоолон сэтгэл догдолдог танил дотно хотод энэ удаа харин аз аврал гуйн, алга хавсран залбирсаар буулаа. Амьдрал сорилтоо илгээж ханах биш дээ.
Монголчууд сүүлийн жилүүдэд энд эмчлүүлэхээр олноороо ирэх болсон. Ялангуяа хүнд оноштой хүүхдүүд их ирж байгаа нь сэтгэл шимшрүүлнэ. Энд ирээд нэлээд удаж байгаа болохоор чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орох ч зардал нь хүрэхгүй маш хүнд байдалд байгаа Х.Эрхэс хүүгийн асран хамгаалагчдыг олж уулзахаар шийдсэн юм. Түүнд туслах #SaveErkhes аян цахим орчинд өрнөж байсныг манай уншигчид санаж байгаа байх. Яг одоо бол Эрхэс хүү ээжийн хамт эмнэлэгт вакум орчинд байгаа юм байна. Гарч орохгүй гэсэн үг. Хүү чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орно. Гэвч зардал бүрдээгүй учраас хүлээж буй.
Эмч нар нь “Та нар яаравчлахгүй бол байдал хүндрээд байна. Цаашид хүлээх боломжгүй болно” гэж хэлсээр...
Эрхэсийн аав Хэрлэнгийн байгаа айлыг олох гэж нэлээн хэд хоног сураг тавьсаны хүчинд дүү маань ашгүй тэдэнтэй холбогдож, бид уулзахаар болов. Монголчууд олноороо амьдардаг гэх ....дүүрэг рүү ийнхүү зорив. Машинууд нь ч учраа олж зөрөхөд төвөгтэй ороонг нарийн гудамжуудыг сүлжин, огцом огцом өгсөж уруудсаар нэгэн байрны орчим ирж зогслоо. Гэвч бид хаяг андуурчээ. Гэсэн ч ойр ойрхон монголчууд зөрөх нь сэтгэлд цаанаасаа дотно.
Ямар ч байсан бид олоод иржээ. Холгүйхэн байрны үүдэнд хүүгийн аав Хэрлэн биднийг хүлээгээд зогсож байлаа. Ингээд зургаан давхарт байх түүний байгаа айл руу орцгоов. Хаалгаар оронгуут хав хар нүдтэй хөөрхөн хүү сониучирхсан харцаар биднийг анхааралтай гэгч ширтсээр тослоо.
Цонхоор сонсдох мөргөлийн дуунд бидний хэн хэн маань аль хэдийн дасчээ. Цахлайн хашгираан, муурын ямбалаг эвшээлт, далайн үнэр, машин тэрэгний шуугиан, шинэ талхны ханх тавьсан үнэр, хүн зоны урсгал нь энэ хотын нүсэр хэмнэлийн үндсэн агаар нь юм. Энэ бүхнийг таслан цонхоо хааж аваад өөд өөдөөсөө харан суув. Зовлонг сөрөн, зол гуйж арга мухардан яваа эцэг хүн миний өмнө сууж байна. Энэ бол хорвоогийн хамгийн аймшигтай үе гэдгийг би мэднэ.
Яриагаа эхлүүлж төвдөхдөө хаа холоос ахыгаа аврахаар зүтгэж ирсэн Маргад хүүтэй үг солих гэж оролдов.
-Чи мундаг юм аа. Чамаар бахархаж байна. Ахыгаа удахгүй аварна, тийм үү ?
-Тийм. Би ахыгаа аврана...хүү үүнээс өөр үг хэлсэнгүй.
Гэнэн ариухан, гэм хорын өчүүхэн ч буртаггүй энэ нялх амьтны харцанд хүртэл ямар нэгэн зүйл хүлээсэн юм шиг, энгийн нэг ойлголтоор амархан тайлбарлан хэлэх боломжгүй зүйл шингэжээ. Аргагүй дээ, түүний эргэн тойронд ганцхан л сэдэвтэй яриа өрнөж байгаа. Тэд олон сарын турш тэр ганцхан сэдвээр л амьсгалж байгаа болохоор...
Ингээд бидний яриа эхэллээ.
-Уучлаарай, би диктафонгүй явна.
-Одоо чинь бүх юм гар утсан дотор орчихсон шүү дээ.
-Тийм. Гэхдээ диктафонтой яриад сурчихсан. Хоёулаа хүний газар хүнд хэцүү үед уулзлаа. Ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд баярлалаа.
- Танд би маш их баярлаж байна. Биднийг зориод, олоод ирсэн нь сайхан байна.
- Одоо Эрхэс хүүгийн биеийн байдал яг ямар байна вэ. Эмнэлэгт ээжтэйгээ хамт байгаа гэж сонссон. Хэвтээд хэр удчихав ?
- Манай гэр бүл Истанбул дахь Монголын консулын гадаа очсон доо. Та сошилоор харсан байх. Тэр үйл явдлаас хойш тав хоногийн дараа эхнэр хүү хоёр маань эмнэлэгт хэвтсэн. Тэгээд одоо бол чөмөг шилжүүлэн суулгах бэлтгэл ажилдаа ороод, эмчилгээ нь явагдаж байгаа. Маргааш бага хүү бид хоёр эмнэлэгт хэвтэнэ.
- Донор маань хэвтэх нь гэсэн үг биз дээ?
- Тийм.
-Танайх хоёр л хүүтэй юу?
- Манайх гурван хүүтэй. Эрхэс маань миний дунд хүү. Том хүү минь эмээтэйгээ монголд байгаа.
- Энд та нар ах дүү нар дээрээ ирсэн байна уу ?
- Үгүй дээ. Бидэнд энд ямар ч ах дүү, хамаатан садан байхгүй. Анх ирээд үнэхээр хэцүү байсан. Ялангуяа эмнэлгээс маш хүнд байдалтай хөөгдөж шахам гарахад бид дөрвүүлхэнээ л зогсож байлаа. Тэгээд нэг таньдаг дүү рүүгээ мессеж бичээд... Тэр минь ирж бид нарыг гэр рүүгээ явчирсан.
- Би ч ялгаагүй. Бидний чанар олны ярьж бичдэг шиг тэгтлээ муухай болчихоогүй. Сайн хүмүүс нь олон.
- Тийм ээ.
- Тэгэхээр дүү нь ахдаа донор болох гэж байна гэдэг бол бас л маш хэцүү явдал. Гол нь энэ хоёр маань жаахан хүүхдүүд. Таныг харахад л хэцүү байна. Юу туулж байгааг тань ойлгож байна. Хоёрын хоёр хүүхдийн тань амь насны асуудал хувь заяаны дэнсэн дээр байна.
-Тийм ээ. Ярих ч хэцүү юм. Яаж тайлбарлахаа, юу гэж хэлэхээ мэдэхгүй тийм байдалд би сууж байгаа хүн.
- Өвдсөн хүүхдээ та нар анх яаж мэдсэн бэ. Монголд тийм их хугацаа алдчихсан юм уу?
- Бид монголд хугацаа алдсан. Анх хоёрдугаар сарын 28-нд хүүгийн маань хамраас цус гарч эхлэсэн. Ерөөсөө тогтохгүй, энгийн биш байсан учраас тэр дор нь бид эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд 3 сарын 2-нд шууд Эх нялхасын эмнэлэгт хэвтсэн. Тэнд бараг сар гаруйн турш эмчилгээ хийлгэсэн. Цус сэлбээд л байлгаад байдаг. Шинжилгээний хариу маш удаан гардаг юм байна. Нэг сар болсон.
- Хариу хүлээгдээд үү ?
-Тийм.
- Яг ийм өвчин байна гэсэн онош бол тэр болтол тодроогүй байсан гэсэн үг биз дээ ?
-Тодроогүй л байсан. Тэгээд сар хүлээгдсэн шинжилгээний хариу нь гарч ирсэн. Монголд эмчлэгдэх боломжүй, чөмөгний үйл ажиллагаа ямар ч ажиллагаагүй болсон байна гэсэн тийм хариуг бид хүлээж авсан л даа. Эх нялхасын эмнэлгийн зөвлөх эмч нараас тэр бүх дүгнэлт, бичгээ аваад л бид гадаадыг зорихоос өөр аргагүй байдалд орсон.
- Эмчилж чадахгүй гэдгээ өөрсдөө шууд л хэлдэг юм байна уу?
- Ер нь бол хэлдэг юм байна. Монголд эмчлэгдэх боломжгүй гэсэн хариу өгч байгаа юм л даа. Дүгнэлт гаргаж байгаа, тэрийг нь хүлээж авч байгаа хоёр тал хоёулаа л хүнд. Яалтай билээ.
- Оношлох явц удаан явагдсан, дээрээс нь эмчилж чадахгүй гэх хариу хүлээж авах бол маш хүнд л дээ.
- Маш хүнд. Тэгээд дээрээс нь бид гадаад руугаа явах мөнгө цуглуулах гэж бас хугацаа алдсан. Бид хашаа, байшингаа зараад, мөнгө болох бүх л юм юу байна тэрийгээ шавхаад гацсан. Мөнгө хайж, эрэлхийлж хаа сайгүй явсан. Тэгсээр байгаад хоног алдагдсан. Солонгос, Хятад гээд янз бүрийн орнуудыг судалсан ч 600 сая, тэрбум төгрөг гэсэн үнэ ирсэн. Тэгээд Турк руу хандсан. Турк бол хүлээж авъя гэсэн. Тэгээд л наашаа ирсэн. Эхнэр, хүү хоёр маань эхэлж явсан.
- Гэнэт л хамраас нь цус гараад эхэлсэн үү. Өмнө нь тэгж байгаагүй юу?
- Үгүй, гэнэт л цус гараад эхэлсэн. Ерөөсөө тогтохгүй. Тэгээд хэдхэн хоногийн дотор л тураад, биеийн байдал маш хурдан хүндэрчихдэг юм билээ.
- Эрхэс маань хэдэн настай билээ?
- 11 настай.
- Дүүгийнх нь ?
- Зургаан настай.
- Зургаахан настай энэ маань донор болно гэхээр үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Монголд эмчлэх боломжгүй гэх үг сонсоод явж байхад “Бид эдгээж чаднаа” гэх хариу эндээс очих гайхамшиг байсан байх даа?
- Хонгилын үзүүрт гэрэл асна гэдэг л болсон.
- Та нар гэр бүлээрээ шинжилгээнд орсон гэсэн үү?
-Тийм. Туркт манай эхнэр хүүхэд хоёрыг ирсэний дараа “За, донорыг та нар яаж сонгох вэ” гэдэг асуулт тавигдсан л даа. Гэр бүл дотроос байж болно. Дэлхийн донорын төвөөс байж болно. Эсвэл Туркийн донорын төвөөс гээд гурван сонголт байна гэж хэлсэн. Дэлхийн донорын төвөөс болохоор үндсэн төлөвлөсөн төлбөр дээр 13 мянган евро нэмэгдэнэ. Туркийнх донорын төвөөс болохоор 10 мянган ам.доллар. Тэгээд бид нар “Ямар ч байсан гэр бүлээрээ шинжилгээ өгөөд үзэж болох уу” гэсэн. Эмч нар зөвшөөрөөд бид нар гэр бүлээрээ шинжилгээнд орсон. Тэгээд манай бага хүүгийнх таарсан.
- Нарийн шинжилгээ хийгддэг байх ?
- Маш нарийн шинжилгээ байдаг юм байна. Бүх үзүүлэлтүүдээр нь шинжилдэг.
- Ер нь нийтдээ Эрхэсийн маань эмчилгээнд хэдэн төгрөг шаардлагатай юм бэ. Энд бид зөвхөн хагалгааны зардал яриад байгаа шүү дээ. Хагалгааны дараах эмчилгээ?
-Тийм. Одоо бид гэр бүлээрээ шинжилгээ өгөхөд л 3500 ам.доллар болж байгаа юм. Өвчтөн бол ганцаараа явцын дунд эмчилгээ хийгдэж байгаад л нэг шинжилгээ авдаг юм байна. 15 хоног тутамд л хийгдэнэ. Тэр тоолон 3500 ам.доллар. Тэгээд өдрийн эмчилгээ нь 500 ам.доллар гээд л явагдаж байна. Эмнэлэг бол ер нь 154 мянган ам.долларт бүх үйл ажиллагаа дуусна гэж бидэнд анх хэлсэн л дээ. “ Та бүхэн ирээд 154 мянган ам.доллароо төлсөн тохиолдолд нэг жилийн дотор бүх эмчилгээ хийгдэж дуусна” гэсэн.
- Дараах эмчилгээнүүд, нөхөн төлжих явц гээд л.
- Тийм. Тэгээд урьдчилгаа 70 мянган ам.долларыг бэлэн авч ирж хийж байж чөмөг шилжүүлнэ гэсэн.
- Төлбөр бүрддэггүй. Гэтэл одоо хүүхдийн биеийн байдал муудаж байна гэж байна шүү дээ.
- Ирмэг дээр л бид зогсож байна даа. Эмнэлгийнх нь эмч, санхүү хоёр нь энд тусдаа бүтэцтэй байдаг юм байна. Санхүүгийн байгууллага нь бид нарт мөнгөө өгөөд эмчилгээндээ орж болно гэж зөвшөөрсөн цагт эмч эмчилгээгээ эхэлдэг юм байна л даа. Бид нарт эмч нь болохоор, “Та яарах хэрэгтэй. Хүүхэд бол эмнэлэгт байхаас өөр аргагүй байна. Мөнгөний асуудлыг би бол мэдэхгүй. Би өвчтөнөө л мэднэ. Ер нь чөмөгний үхжилт үүсч эхэлж байна шүү. Ямартай ч хүүхэд эмнэлэгт эмчилгээндээ л байх ёстой нөхцөл байдалд байна” гэж хэлж байгаа. Тэгээд хүүгээ эмнэлэгт нь эмчилгээтэй нь байлгах гэтэл 70 мянган ам.долларыг яаралтай төл гэж санхүүгийн алба нь нэхээд... Хэрвээ байхгүй юм бол цаашид манай эмчилгээ явагдахгүй ээ” гэдэг хориг л тавигдчихдаг юм байна.
- Түрүүн та ярьж байсан. Хүүхдийнхээ дуслыг дуусгалгүй салгуулаад эмнэлгээс аваад гарсан гээд... Үнэхээр аймшигтай юм болжээ.
- Эхнэр, хүү хоёр ирчихээд 20-иод хоночихсон байсан. Тэр үед би Монголд хандивын аян явууллаа. Дээрээс нь УИХ-ын гишүүн, Төрийн гурван өндөрлөг гээд бүгдэд нь хандаад гүйж байсан л даа. Тэр үеэр манай эхнэр над руу залгасан. “За, бидний шинжилгээний хариу гарлаа. Маргадынх таарчихсан байна. Яаралтай та хоёр ир. Яаралтай чөмөг шилжүүлэн суулгах шаардлагатай боллоо. Миний хань хурдан ир” гэсэн. Тэгээд би ерөөсөө наашаа гарсан. Хандиваар 12 мянган ам.доллар боссон байсан. Тэгээд тэрийгээ аваад л яаралтай ирсэн. Ирээд бид хүүгээ эмчилгээнд оруулсан. Энэ бага хүү маань ч гэсэн эмчилгээнд ороод, бэлтгэл ажилдаа орсон. Гэтэл нэг өдөр санхүүгийн албанаас дуудаад “За, 70 мянган ам.доллароо хурдан байрлуул. Тэгээд үндсэн эмчилгээндээ ор” гэсэн. “Бид нар шооконд орсон л доо. “Та нар анх яг ингэж хэлээгүй шүү дээ” гэсэн чинь “Монгол эмчид чинь хэлсэн байх ёстой. 70 мянган ам.долларыг яг одоо эмнэлгийн дансанд байршуулахгүй бол бид энэ эмчилгээг хийхгүй” гэсэн. Би ердөө 12 мянган доллартой байдаг. “Бид одоо байгаа 12 мянган ам.доллароо өгье. Надад хэд хоногийн хугацаа өгөөч. Заавал 70 мянган ам.доллар авчирна. Бид эх орондоо хандив явуулах аян зохион байгуулж байгаа. Компаниуд, хувь хүмүүст хандана” гээд гуйлаа. Тийм юм байхгүй гэж байна. Тэгэхээр нь би “Яагаад ингэж байгаа юм бэ, та нар ингэж болохгүй” гэлээ. “За, за ер нь бид одоо энэ эмчилгээг зогсоолоо” гэж байгаа юм. Хүүгийнхээ өрөөнд ороод ирсэн чинь “За, хүүгээ аваад гар” гээд эмнэлгийн ажилтнууд зогсож байсан. Цус залгачихсан байсан, дээрээс нь 2-3 дусал залгаатай байсан. Тэр нь дуусаагүй, дундаа л орж байхад шууд салгаад л биднийг эмнэлгээс гарахыг шаардсан. (Өөрийн эрхгүй нулимс бүрхэж, яриаг цааш нь үргэлжлүүлэхэд хэцүү болов) Тэгээд л би тэндээс хүүгээ үүрээд л гарсан даа. Эмнэлгийн доор дөрвүүлээ нэлээд удаан суусан. Сууж байхдаа нэг монгол эмэгтэй рүү мессеж бичээд учраа хэллээ. Өөр хаашаа ч хандах гээд юу ч санаанд орж ирэхгүй байсан. Угаасаа хэн ч байгаагүй. Тэр монгол эмэгтэй ирж бид нарыг авсан. Ёстой нэг ч хүн танихгүй хүний газар тийм байдалд орох үнэхээр хэцүү байдаг юм билээ. Юутай зүйрлэж, яаж тайлбарлахаа би сайн мэдэхгүй байна л даа.
- Ойлгож байна. Надад өөрт маань тийм байдал тулгарч байсан. Тэр өдөр та Истанбул дахь Монголын консулын гадаа очсон юм уу ?
- Тийм .
- Элчин, Консулын газрууд бол шууд хариуцлага хүлээх газрууд биш л дээ. Ер нь төрийн байгууллагуудын нүүр хатуу. Монголчууд олноороо оршин суудаг улс орнуудад амьдардаг иргэд консулын газрууддаа асар дургүй болчихсон байх юм билээ. Би сэтгүүлч хүн болохоор олон ч газраар явсан. Тэдний харьцаа, нөхцөл байдлыг сайн мэднэ. Бараг авч хэлэлцэхгүй дээ.
- Бидний хувьд ерөөсөө гарах гарцгүй мухардсан. Миний толгойд ерөөсөө Монголынхоо Ерөнхий консулын газар очьё гэдэг бодол л орж ирсэн. Өвчтэй хүүхдээ үүрээд, нэгийг нь хөтлөөд эмнэлгээс хөөгдсөн бид өөр хаашаа хандах билээ. Монголоо л гэдэг юм билээ. Монгол улсаа, монгол хүнээ төлөөлөх газар чинь тэр л газрууд биз дээ. Бид нар харийн газар явж байгаад асуудал тулгарахад, паспортоо гээснээс эхлээд л Консулын газраасаа л тусламж гуйдаг. Өөр ямар ч арга байхгүй. Тэр утгаараа ерөөсөө Консул руу л очих ёстой юм байна гээд алхсан. Тэр айлд хоноод маргааш нь өглөө эрт бид дөрөв 8 цаг гээд гарсан. Консулын газар тэр айлаас бараг 80-аад км газар юм билээ. Гурав, дөрөв дамжаад автобусаар очсон. Тэгээд очсон чинь Бурханы төрсөн өдөр гээд (Бурхан багшийн дүйчэн өдөр) амарчихсан байсан. Үнэндээ би маш их бухимдсан. Тэр бол үнэн. Тэгээд би хэвлэх газар хайж олоод “Биеийнхээ эрүүл эрхтнийг зарна” гэж бичиж хэвлүүлээд бариад зогссон. Би юу хийж байна вэ гэж эргэцүүлэх ч боломж надад байгаагүй. Эцэг хүн үр хүүхдийнхээ төлөө юу ч байсан хийх хэрэгтэй гэж би өөрөө боддог. Эцэг хүн шүү дээ, би. Тийм биз дээ. Миний мах цусны тасархай, миний үргэлжлэл, надаас үлдэх, намайг залгамжлах залгамж болж ирсэн үр минь шүү дээ. Миний хүү чинь ямар хүү билээ. Яаж би зүгээр суух юм бэ. Тэгээд ерөөсөө л энд эмнэлэг нь хөгжчихсөн газар. Тийм болохоор надад ганц л боломж байна. Өөрөө би хэн нэгний донор болох ёстой. Ингээд хүүгээ аврах боломжтой болно гэж бодсон.
-Та үнэхээр эрүүл эрхтэнээ заръя гэж бодсон юм уу?
- Тийм.
- Одоо таны хувьд хэцүү нөхцөл байдалтай нүүр тулсан. Шууд хийж байсан дусал, цус хоёрыг нь салгуулаад хүний нутагт хүүхдээ үүрээд гарсан хүний дотор юу болж байсныг хэн ч мэдэхгүй. Би бол сэтгэл санааны тань байдлыг ойлгож байна. Зарим хүмүүс бол буруу ойлгосон.
- Монголчууд тэр чигээрээ аливаа юмыг буруу хатуугаар дүгнэдэг хүмүүс бол биш л дээ. Ийм зовлонтой учраагүй, хана мөргөж, сөхөрч унаж үзээгүй хүн ойлгоход бас хэцүү. Хоёр идэж, хоосон хонохгүй түвшний амьдрал туулж үзээгүй хүмүүсээс л элдэв үг гардаг. Монгол баян улс шүү дээ. Баялаг нь байна. Бүх л юм нь байна. Баячууд нь гэхэд л халаасандаа тэрбум тэрбумаар тоологдох мөнгөтэй л байж байгаа шүү дээ. Тэгэхэд нэг л зүйл хийгээгүй. Монголынхоо ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ төлөө яг ийм эмнэлэг барьчихаагүй. Ерөнхий Консулын гадаа зогсож байхдаа би үнэхээр шархирч байсан. Эд нар Монгол улсыг, монгол улсынхаа иргэдийн эрх ашгийг төлөөлөх гэж л энд байгаа биз дээ. Би энэ үгийг хэлж байгаагаараа л улс төржиж байгаа юм шиг харагдаж байгаа байх. Үнэндээ үгүй байхгүй юу. Энэ Төр засгийн эрх барьж байгаа нөхдүүд чинь бид нарыг сайхан амьдруулна гэж гарч ирдэг биз дээ. Тэгж л ярьж, амлаж улс төрд гарч ирдэг. Бүгдээрээ маш ухаантай. Маш боловсролтой хүмүүс, тийм үү. Гэтэл сүүлийн 30 жилийн хугацаанд хүнээ эмчлэх олигтой эмнэлэггүй л байж байна. Эх нялхасын эмнэлэгт бол 40-50-иараа ингээд л гэдэснээсээ, тархинаасаа гуурс цувуулчихсан хэвтэцгээж байгаа хүүхдүүдийг хараад нүдний нулимс урсаж байгаа юм. “Ёстой нээрээ Монгол Улс болохоо байж байгаа юм байна” л гэж тэнд л ойлгосон.
- Тэгээд Консул хүлээж авч уулзсан уу ?
- Маргааш нь над руу Консулын газраас ярьсан. Т.Энхтүвшин гээд Дорноговь аймгаас гарсан, манай УИХ-ын гишүүн ярьж хэлсэн юм билээ.
- Төмөртогоогийн Энхтүвшин гишүүн.
- Тийм. “Манай энэ хүмүүст туслаач ээ. Энэ хүмүүсийг хүлээж авч уулзаж өгөөч” гэдэг санал тавьсан юм байна. Тэрний дагуу намайг дуудаж, бид очиж уулзсан. Тэр уулзалтын үеэр бидний дунд бас жаахан маргаан үүссэн л дээ. Ямар тус хэрэгтэй байна, ямар асуудал тулгарсан юм гэж бид нарыг дуудчихаад, яваад очингуут эхлээд эвгүй харьцсан. “Тэр боломжгүй, энэ ч болохгүй” гээд бүх л юман дээрээ хоригтой. Хүйтэн хөндий. Үнэхээр уур хүрсэн л дээ.
- Зовлонд унасан хүмүүс үр хүүхдээ тэврээд орж байхад хэтэрхий хэгжүүн, өөдгүй харьцаад, та тэрэнд нь шатсан байх л даа.
- Ерөөсөө л тэр.
- Ер нь бол Элчин сайдын яам, Ерөнхий консулын газрууд нийтээрээ тиймэрхүү ёс зүйтэй. Бүр тогтчихсон юм билээ.
- Тэгээд бид нар ойлголцсон. Ер нь бол миний бодсон зүйл гадаадад Монгол улсыг төлөөлж байгаагийн хувьд жаахан ч гэсэн хүнлэг байх хэрэгтэй юм байна гэдэг л зүйл юм. Эх оронд нь эмчилж чадахгүй гээд чадан ядан, хамаг байдгаа зарж үрээд, итгэл найдвар тээгээд зүтгэн байж ирж байгаа иргэд нь шүү дээ. Ядаж суугаа орныхоо эрүүл мэндийн хууль, эмнэлгүүдийнтанилцуулга, үнэ ханш, судалгааны мэдээллүүдээр хангачихдаг байвал хичнээн сайхан. Өвчнөө оношлуулчихсан, гадаадад эмчлэх боломж байгаа болоод л энд ирж байгаа ийм хүмүүст ядаж ийм ийм утсаар ингэнэ шүү гээд хэрэгтэй мэдээллүүдийг сайтдаа тавьчихдаг байж ч болно шүү дээ. Иргэдийнхээ татварт төлсөн мөнгийг үргүй зардаг зардлаасаа жаахныг ийм зүйлд зарцуулахад яагаад болохгүй гэж. Мэдээллийн ажилтан байдаг бол учраа олохгүй яваа, танил талгүй иргэд нь очоод “За, бид нар ийм ийм эмчилгээтэй ирсэн. Одоо яах вэ, аль эмнэлэгт хандах вэ” гэхэд “Стамбулд ийм ийм эмнэлэг байдаг юм. Энэ эмнэлэг нь тийм чиглэлээрээ сайн. Танд холбоод өгье. Та энэ утаснуудыг нь аваад ярьж болно” гээд тусламж үзүүлчихдэг бол хичнээн сайхан. Ядаж консулын газрын улсууд маань ингээд сууж баймаар байгаа байхгүй юу. Тийм юм хийдэггүй нь тодорхой л байна билээ. Тэгж л санагдсан, надад. Би зовж зүдэрч яваа нэг л иргэн. Үнэхээр сэтгэл санааны хүнд цохилтод орсон байсан учраас бухимдсан. Консулын ажилтантай маргалдсан. “Та ямар нэгэн гаргалгаа надад хэлж өг” гэж би өөрийн эрхгүй шаардсан. Өөр хэнээсээ би гуйх юм бэ. Тэгээд тэд “Бид нар эмнэлэг дээр чинь очиж өгье. Энэ байгаа мөнгийг чинь өгөөд, жаахан хугацаа олгооч гэж гуйя” гэсэн. Тэгээд тэд манай эмнэлэг дээр очиж уулзсан. Эмнэлгийнхэнтэй уулзаж, бидний учир байдлыг хэлж ярьж, хүүгийн минь эмчилгээг таслахгүй байхыг гуйж өгсөн.
- Одоо 154 мянган ам.долларынхоо 70 мянгыг нь өгчихөөд байгаа юм уу?
- Тийм.
- Одоо 70 мянга нь сох дутуу.
- Тийм. Тэгээд ямар ч байсан консулынхан очиж уулзаж өгсөн. Эмнэлгийнхэн мөн л “үгүй” гэж хариулсан. Зөндөө ярилцаж байж зөвшөөрсөн. Ингээд гурав хоногийн хугацаатай хоёр хувааж өгсөн.
- Тэгээд л одоо Эрхэс маань эмнэлэгтээ хэвтэж байгаа юм байна шүү дээ.
- Тэгээд бид нарыг ахин хүлээж авч, чөмөг шилжүүлэн суулгах бэлтгэл ажилдаа ахиад эхнээс нь явж байгаа юм.
- Та одоо хүүтэйгээ уулзаагүй хэр удаж байна ?
- Нэлээн хэд хонож байна.
- Эрхэсийн маань ухаан санаа, ерөнхий биеийн байдал нь ямархуу байгаа юм бол ?
- Би хүүтэйгээ уулзаад дотроо бодсон. Миний хүү бүр турчихсан. Харж байгаа харц нь нэг тийм гөлгөр. Хааяа юм хэлэхээр маш сонин хардаг. Хариулж байгаа хариулт нь хүртэл нэг л тийм...нөгөө сэргэлэн цовоо зан чанар нь байхгүй болчихсон. Тархинд нь ямар нэгэн юм л болоод байгаа юм биш байгаа гэж дотроо шаналах юм.
- Таны айдсаас болж ингэж санагдаж байгаа байх ?
- Өвчний явц нөлөөлөөд байгаа юм шиг л санагдсан.
- Аливаа зүйлийг ойлгодог, мэддэг болчихсон болохоор болж байгаа үйл явдлууд сэтгэлд нь хүнд тусч байгаа байх л даа. Ээж аав минь ямар хэцүү байдалд байна вэ. Надад ийм асуудал тулгарснаас болоод бид ингэж зовж байна гэж бодоод шаналж байгаа болов уу. Бас дүүгээ донор болох тухай бодож байгаа...
- Тийм байх л даа. Би элдвийн л юм бодох юм. Хүү маань мэдрэлийн талаасаа асуудалтай болчих вий дээ гэх айдас байна. Саажилттай хүмүүс нэг тийм юм ярихаар сонин “...аан..” гээд тодорхойгүй хараад байдаг даа. Тийм байдал надад ажиглагдсан.
- Үгүй байх аа. Туйлдаа байлгүй дээ. Жаахан хүүхэд шүү дээ. Хичнээн удаан эмнэлэгт шаналж байгаа билээ ?
- Юм ярингуут нэлээд удаан өөдөөс харж байснаа тийм ийм гэх байдалтай л...
- Одоо тэгээд вакумжсан орчинд ээжтэйгээ хоёулаа хэвтэж байгаа юм байна, тийм үү ?
- Тийм. Хоёулаа.
- Танай хоёр талын гэр бүл дотор бизнес эрхэлдэг ч юм уу, та бүхэнд тусалчих хүмүүс байхгүй юу ?
- Даанч алга даа. Бид ерөөсөө л ажилчин удамтай, ажилчин хүмүүс. Манайхан бүгд л ажил хийж амьдралаа авч явдаг. Зарим нь төсвийн ажилтай. Эхнэрийн маань ах л бялууны цех ажиллуулдаг. Тэгээд л бас төрийн хянадаг шалгадаг албаныханд дарамтлуулаад л, хавчигдаад явж байдаг л хүн байдаг юм. Миний талаас нэг ч бизнес юм эрхэлдэг хүн байхгүй. Манай ээж төмөр замын барилгад л насаараа ажилласан хүн. Тэгээд манайхан гэж дандаа л төмөр зам дагасан хүмүүс байдаг юм. Бүгд ажилчин хүмүүс. Манай өвөө Даваажав гээд олон арван шавь нар бэлтгэсэн, хүндэт төмөр замчин хүн.
- Одоо та бага хүүгээ аваад эмнэлэгт хэвтэнэ. Хүүг бэлтгэхэд идэх уух юмнаас эхлээд хориглох, янз бүрийн дэглэм шаардах юм уу ?
- Одоохондоо хориглосон юм байхгүй.
- Энэ айл бол та зүгээр л таньдаг, танай гэр бүлд тусалж байгаа монгол хүмүүс юм байна шүү дээ ?
- Тийм. Хуурай дүү нар. Мөн ч их түшиг болж байна. Туркт байдаг монголчууд маань бидэн дээр их ирсэн. Хүмүүс бүлэг бүлгээрээ ирж уулзаж, тусалж дэмжсэн. “ Хэрэгтэй зүйл юу байна. Мах авах уу” гээд л, бүх л байгаа бүхнээрээ туслах гээд л орж ирцгээсэн. Эмнэлэг рүүгээ 60-70 км явдаг юм байна. Монголчууд байгаа газраа бай, манайд ирээд нэг хоночих. Манайд ирээд хоёр хоночих ч гэдэг юм уу. Хүмүүсийн сайхан сэтгэл гэж агуу юм даа. Ингээд л тэднийхээ дэмээр явж байна. Хүүгээ л хурдан эмчлүүлчихмээр байна. Хүүгээ эмчлүүлээд, хөл дээрээ босоод сайхан болохоор нь монголдоо очоод ингэж, хүү шиг минь зовж байгаа бяцхан хүүхдүүдийн төлөө зүтгэнэ.
- Хүмүүс ярьдаг шүү дээ. Итгэл гэдэг юм ерөөсөө бөхөж өгдөггүй гээд... Та тэр мөчид тулж ирээд байж байна. Ийм нэг бяцхан зүрх хүртэл нэгийгээ аврахаар хажууд чинь бүлтгэнээд цохилж байхад ухрах газар гэж байхгүй байхаас яах билээ дээ?
- Ёстой энэ зүйлийг л жинхэнэ мэдэрч байна. Бүх эд эсээрээ мэдэрч байна.
- Танай гэр бүлийн итгэл нугараагүй. Энэ бол маш том хүч ...
- Надад яг уначихаж байгаа юм шиг нөхцөл байдал байнга тулгарч байна. Би унаж болохгүй шүү дээ. Хүүгийнхээ төлөө би унаж болохгүй гэж өөртөө шүд зууж би хэлдэг. Хэзээ ч би итгэл, сэтгэлээ унагахгүй. Энэ бол миний хүү. Би хүүгээ заавал босгох ёстой.
- Таны эхнэр хүчирхэг эмэгтэй юм. Консулын гадаа гартаа бичиг бариад зогсож байгаа зургийг нь хараад тэгж бодсон...
- Миний эхнэр бол үнэхээр мундаг хүн шүү дээ. Үнэхээр маш зоригтой, тэсвэр тэвчээртэй.
- Та хоёр хэдэн жил хамт амьдарч байгаа хосууд вэ ?
- 17 жил.
- Уулзах хүсэлтийг минь хүлээж авсанд баярлалаа. Жаахан ч гэсэн сэтгэл тань онгойж байгаа байх гэж найдаж байна. Бүх зүйл сайхан болно. Эргээд заавал баяртай уулзана гэдэг үгээр яриагаа өндөрлөё...
- Заавал эргэж баяртай уулзана. Танд маш их баярлалаа.
Бяцхан Маргад биднийг ярилцах зуур чихэр жимс болон гүйж байснаа явахаар бостол гүйгээд ирэв.
-Маргад аа, чи мундаг юм аа. Хоёулаа бие биедээ амжилт хүсээд гараа цохих уу ?
- Тэгье...( Тэр жижигхэн алгаа тэнийлгэсээр ирж алга нийлүүлэн цохингоо инээж байна... )
Би ч гэсэн хүчтэй болчих шиг боллоо. Чамайг ахыгаа аварсаны дараа эгч нь заавал ирнээ. Чи чаднаа...
Эрхэс өвдөөгүй байхдаа дүүтэйгээ өдөржин тоглодог, үргэлж хамгаалдаг, хаа ч байсан хамтдаа гүйж явдаг байж. Одоо тэр эмнэлгийн орон дээр өдрөөс өдөрт тэнхэлээ алдан хэвтэж байна. Хүмүүс ээ, зургаахан настай дүү нь донор болох гээд хүний газар, айлын гэрт бүлтгэнээд байж байна. Энэ хоёрыг авраач. Эрхэс хүүд ахин тусламжийн гараа сунгаач гэж би та бүхнээс чин сэтгэлээсээ гуйж байна.
Зовлон жаргал сүлэлдсэн, золио тэнхээ сорьсон энэ нүргээнт хотод аз ивээл эрэн алагхан зүрхээ цохилуулж байгаа Эрхэс хүүг аварцгаая.
2022.7.8 Истанбул хот
0 сэтгэгдэл