Албан ёсоор угтав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стуббын урилгаар 2026 оны 10 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб өнөөдөр албан ёсоор угтаж авлаа.
Ерөнхийлөгч Александер Стубб угтан мэндчилсний дараа хоёр улсын төрийн дуулал эгшиглэв. Төрийн тэргүүн нарт хоёр талын төлөөлөгчдийг танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн ордны “Хүндэт зочны дэвтэр”-т дурсгалын үг бичиж, дурсгалын зураг татуулав.
Албан ёсны хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Александер Стубб нар ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийлээ.
Монгол, Финландын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтын дүнд нийгэм, эдийн засгийн олон салбарт идэвхтэй өрнөж байгаад төрийн тэргүүн нар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Талууд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, соёл, батлан хамгаалах, байгаль орчин, эрчим хүч зэрэг салбарт бодит үр дүн, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхийн төлөө байгаагаа нотоллоо.
Түүнчлэн Монгол Улсад өрнөж буй “Тэрбум мод”, “Цагаан алт” болон “Хүнсний хангамж, аюулгүй байдал” зэрэг үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Төрийн тэргүүн нар НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар санал солилцлоо.
Албан ёсны хэлэлцээний үеэр харилцан тохирсон хамтын ажиллагааны асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход төрийн тэргүүн нар дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор 10 баримт бичиг байгуулав
Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стуббын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хэрэгжүүлж буй төрийн айлчлалын хүрээнд талууд 10 дугаар сарын 23-ны өдөр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор 10 баримт бичиг байгуулав.
“Боловсрол, спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Финланд Улсын Засгийн газар хоорондын хамтарсан тунхаглал”-д Монгол Улсын Боловсролын сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, Бүгд Найрамдах Финланд Улсын Боловсролын сайд Андерс Адлеркройц нар гарын үсэг зурав.
Тунхаглалын хүрээнд талууд биеийн тамир, спорт, боловсролын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, хүн амын биеийн хөдөлгөөний идэвхийг дэмжихэд чиглэсэн бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Энэхүү хамтарсан тунхаглал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Финланд Улсын боловсрол, спортын салбарын хамтын ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлж, байгууллага хоорондын харилцаа, туршлага солилцоог өргөжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
“Монгол Улсын Боловсролын яам болон Бүгд Найрамдах Финланд Улсын Туркугийн их сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Боловсролын сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, Бүгд Найрамдах Финланд Улсын Туркугийн их сургуулийн ректор, профессор Марьо Каартинен нар гарын үсэг зурав.
“Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын яам болон Бүгд Найрамдах Финланд Улсын Зүүн Финландын их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээ”-нд Монгол Улсын Боловсролын сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, Бүгд Найрамдах Финланд Улсын Зүүн Финландын их сургуулийн сургалт эрхэлсэн проректор, профессор Лаура Хирсто нар гарын үсэг зурав.
Энэхүү баримт бичгүүдийг байгуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд шалгарсан суралцагчдыг Туркугийн их сургууль болон Зүүн Финландын их сургуульд суралцуулна. Зүүн Финландын их сургуульд жил бүр 5 хүртэлх монгол оюутныг бакалавр, магистрт элсүүлэн суралцуулах бөгөөд Боловсролын яам болон Боловсролын зээлийн сангаар дамжуулан боломжийг нээж байгаа болно.
Түүнчлэн талууд суралцах ухаан (learning science), тархи судлал (neuroscience), хүүхдийн цогц хөгжил, боловсролын дата аналитик, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээний чиглэлээр хамтарсан судалгаа хийнэ.
Мөн Монгол Улсын Боловсролын их сургууль болон Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн Бүгд Найрамдах Финланд Улсын дээрх их сургуулиудтай хамтран багшийн боловсролыг шинэчлэх, байгууллагын чадавхыг бэхжүүлнэ.
“Монгол Улсын Чингис хаан Үндэсний музей болон Финландын Үндэсний музей хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын “Чингис хаан” Үндэсний музейн ерөнхий захирал, академич Сампилдондовын Чулуун, Финландын Үндэсний музейн ерөнхий захирал Элина Анттила нар гарын үсэг зурав.
Санамж бичгийн хүрээнд талууд музейн үйл ажиллагаа, цуглуулга, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллаж, олон улсын эрдэм шинжилгээний хурал, сургалт, семинар, форум хамтран зохион байгуулна. Хоёр музейн албан ёсны түншлэл нь Улаанбаатар болон Хельсинки хотуудын хооронд, түүнчлэн бүс нутгийн илүү өргөн хүрээг хамрах хамтран дэглэсэн үзэсгэлэн гаргах боломжийг бүрдүүлнэ. Монголын нүүдэлчдийн өв соёл (үүнд морьтны соёл, эсгий урлал, Монголын эзэнт гүрний өв гэх мэт) нь Скандинав болон Европын үзэгчдийн сонирхлыг ихээхэн татах бол, Финландын балар эртний хүмүүс, Арктикийн амьдралын хэв маяг, Фин-Угор соёлын тухай үзэсгэлэн нь Монголын үзэгчдэд Хойд Европын соёл иргэншилтэй танилцах онцгой боломжийг олгоно.
“Монгол Улсын Боловсролын яам болон Бүгд Найрамдах Финланд Улсын Эдүтэн ХХК хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Боловсролын яамны Гадаад харилцааны газрын дарга Баатарцолын Энхбаяр, Бүгд Найрамдах Финланд Улсын Эдүтэн ХХК-ийн Гүйцэтгэх захирал Анри Мууримаа нар гарын үсэг зурав.
Туркугийн их сургуулиас салбарлан гарсан Эдүтэн ХХК-ийн хиймэл оюун болон суралцахуйн аналитикт суурилсан цахим платформыг Монголын ерөнхий боловсролын бүх сургуулийн бага, дунд, ахлах ангийн хичээлд нэвтрүүлж, өргөжүүлэх боломжийг бий болгоно.
“КиВа үе тэнгийн дээрэлхэлийн эсрэг хөтөлбөрийг Монгол Улсад нэвтрүүлэх тухай Монгол Улсын Боловсролын яам, Зүрх сэтгэлийн боловсрол ТББ болон Бүгд Найрамдах Финланд Улсын Туркугийн их сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Боловсролын яамны Гадаад харилцааны газрын дарга Баатарцолын Энхбаяр, Зүрх сэтгэлийн боловсрол ТББ-ын ерөнхий захирал Цогтхүүгийн Алтансор, Бүгд Найрамдах Финланд Улсын Туркугийн их сургуулийн ректор, профессор Марьо Каартинен нар гарын үсэг зурав.
Санамж бичгийг байгуулснаар Туркугийн их сургууль болон Бүгд Найрамдах Финланд Улсын Боловсрол, соёлын яамны хамтран боловсруулсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад нэвтрүүлэх, турших болон түгээн дэлгэрүүлэх боломжийг нээж байгаагаар онцлог юм.
“Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Хөвсгөл аймаг болон Бүгд Найрамдах Финланд Улсын Лапланд муж хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Финланд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Мөнх-Өлзий, Бүгд Найрамдах Финланд Улсын Лапланд мужийн Бүс нутгийн захирагч Ханну Таккула нар гарын үсэг зурав.
Энэхүү баримт бичгийн хүрээнд хоёр улсын бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор талууд мэдлэг, сайн туршлагыг харилцан солилцоно. Бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд цаа бугын аж ахуй, тогтвортой аялал жуулчлал, өвлийн аялал жуулчлал, байгаль хамгаалалд онцгойлон анхаарна.
“Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Финландын Худалдааны танхим хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг”-т Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Баатаржавын Лхагважав, Финландын Худалдааны танхимын Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Юхо Ромакканиеми нар гарын үсэг зурав.
Санамж бичгийн хүрээнд талууд худалдаа, хөрөнгө оруулалт, зах зээлийн боломжуудын талаарх мэдээлэл харилцан солилцохоос гадна бизнесийн төлөөлөгчдийн айлчлал, худалдааны мисс, бизнес форум, үзэсгэлэн, яармаг зэрэг арга хэмжээг хамтран зохион байгуулна. Мөн хоёр орны компаниудыг холбох (business matchmaking), харилцан сонирхсон салбаруудад бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах юм.
Энэхүү санамж бичиг нь Монгол, Финландын хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн шууд харилцаа, түншлэлийг бэхжүүлэх, хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
“Хонка Лог Хоум” ХХК болон “Хонкарэкэннэ” компани хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг”-т “Хонка Лог Хоум” ХХК-ийн захирал Бадиагийн Энхбаяр, “Хонкарэкэннэ” компанийн гүйцэтгэх захирал Магнус Хиндстрём нар гарын үсэг зурав.
Санамж бичгийн хүрээнд талууд Монгол Улсад 20 жилийн турш хамтран ажилласан туршлагадаа тулгуурлан эрүүл, аюулгүй амьдрах орчин бүрдүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй финланд дүнзэн барилгын шийдлийг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Мөн орон сууц, сургууль, цэцэрлэг, аялал жуулчлал болон нийтийн зориулалттай барилгын төслүүдэд байгалийн гаралтай материалын хэрэглээг нэмэгдүүлэх, техникийн мэдлэг, туршлага солилцох, барилгын зураг төсөл, угсралт, ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах юм.
Энэхүү санамж бичиг нь Финландын барилгын технологи, туршлагыг Монголын зах зээлийн онцлог, хэрэгцээтэй уялдуулан чанартай, эрчим хүчний хэмнэлттэй барилгын шийдлийг нэвтрүүлэх, иргэдийн амьдрах, суралцах, ажиллах таатай орчныг бүрдүүлэх, хоёр орны хувийн хэвшлийн урт хугацааны түншлэлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
“Бичура Энержи” ХХК болон “Полар Найт Энержи” компани хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т “Бичура Энержи” ХХХ-ийн гүйцэтгэх захирал Батбаярын Эрдэнэдорж, “Полар Найт Энержи” компанийн Технологи хариуцсан захирал Маркку Илөнэн нар гарын үсэг зурав.
Санамж бичгийн хүрээнд талууд Монгол Улсад дулааны эрчим хүч хуримтлуулах технологийг нэвтрүүлэх боломжийг судалж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний үр ашиг, аюулгүй байдлыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, үйлдвэрийн болон төвлөрсөн дулаан хангамжийн шийдлийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
Энэхүү санамж бичиг нь Монгол Улсын эрчим хүчний шилжилтийг дэмжих, эрчим хүчний найдвартай байдлыг бэхжүүлэх, хоёр улсын цэвэр эрчим хүчний салбарын технологи, инновац, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Хиетаниеми цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон дагалдан яваа албаны төлөөлөгчид Хельсинки хотын Хиетаниеми цогцолборт орших Баатруудын загалмай болон Маршал К.Маннерхеймийн бунханд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Хиетаниемийн цогцолборыг 1829 онд байгуулсан бөгөөд Финланд Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, аюулгүй байдлын түүхэнд гавьяа байгуулсан төрийн болон цэргийн зүтгэлтнүүд, дайчид, алдартай уран бүтээлчдийг оршоосон хүндэтгэлийн цогцолбор юм.
Маршал К.Маннерхейм-ыг орчин цагийн Финландын “эцэг” хэмээн хүндэтгэдэг.
Тэрээр Финландын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгчдийн нэг байсан бөгөөд Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Ерөнхийлөгчөөр ажилласан төр, цэргийн нэрт зүтгэлтэн юм.
Үндэсний томоохон баяр, төрийн ёслолын үеэр төр, засгийнх нь тэргүүн болон тус улсад айлчилж буй гадаадын улс орны тэргүүн нар цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
“Монгол-Финландын бизнес форум” болов
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн төрийн айлчлалын хүрээнд “Монгол-Финландын бизнес форум”-ыг 10 дугаар сарын 23-ны өдөр Хельсинки хотноо зохион байгуулав.
Форумыг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Финландын Худалдааны танхим хамтран зохион байгуулж, хоёр улсын төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб нар форумыг нээж үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
Тэрбээр Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэх, боловсруулах үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн хөгжлийг дэмжихэд анхаарч байгааг дурдаж, Финландын дэвшилтэт технологи, инновац, мэдлэг туршлагыг эдгээр салбарт нэвтрүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв.
Түүнчлэн “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнүүдийн хүрээнд ноос, ноолуурын боловсруулалт, хүнс, хөдөө аж ахуй, ойн аж ахуй болон ногоон хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг онцлов.
Бизнес форумын хүрээнд Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчин, Финландын компаниудын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах санхүүжилтын боломж, Монголын текстилийн салбарын өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр илтгэл, танилцуулга хийв.
Форумын үеэр хоёр улсын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хооронд боловсрол, орон нутгийн хамтын ажиллагаа, барилга, эрчим хүч, худалдаа, бизнесийн түншлэлийг өргөжүүлэхэд чиглэсэн нийт зургаан санамж бичиг солилцов.
Тухайлбал, Монгол Улсын Хөвсгөл аймаг болон Финланд Улсын Лапланд бүс нутаг, Монгол Улсын Боловсролын яам болон “Eduten” компани, Боловсролын яам, “Heart and Mind Education” төрийн бус байгууллага болон Туркугийн их сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичиг солилцов. Мөн Монголын “Honka Log Homes” ХХК болон Финландын “Honkarakenne Oyj”, “Бичура” ХХК болон “Polar Night Energy” компаниуд, түүнчлэн Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Финландын Худалдааны танхим хооронд хамтын ажиллагааны баримт бичиг солилцов.
Форумын төгсгөлд хоёр улсын бизнес эрхлэгчдийн ганцаарчилсан уулзалт, харилцаа холбоо тогтоох арга хэмжээ зохион байгуулагдаж, худалдаа, хөрөнгө оруулалт, технологи, үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Монгол-Финландын бизнес форум нь хоёр улсын бизнес эрхлэгчдийн шууд харилцааг өргөжүүлэх, шинэ түншлэл бий болгох, Финландын дэвшилтэт технологи, хөрөнгө оруулалтыг Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх салбаруудтай уялдуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Монгол Улс, Бүгд Найрамдах Финланд Улс
Монгол Улс, Бүгд Найрамдах Финланд Улс 1963 оны 07 дугаар сарын 15-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Финланд Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Мөнх-Өлзий 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан.
Бүгд Найрамдах Финланд Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Микко Киннунен 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан.
Энэхүү айлчлал нь Монгол Улсын Төрийн тэргүүний түвшинд 11 жилийн дараа Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй айлчлал юм.
Бүгд Найрамдах Финланд Улсын 13 дахь Ерөнхийлөгч Александер Стубб 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажилдаа оржээ.

0 сэтгэгдэл