Ekhoron.mn
    Онцлох

    “Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

    Өнөөдөр, 15:27

    Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ

    Өнөөдөр, 14:00

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Гандантэгчэнлин хийдэд

    Өнөөдөр, 07:22
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      НҮБ-аас газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа

      2026-09-07, 14:09

      Мүн Жэ Ин: Монголоос буцах замд

      2026-09-03, 08:00

      COP17 бол манай улсын “экологийн дипломат ажиллагаа”-ны шинэ индэр

      2026-08-24, 16:27

      СОР17: Цэнхэр бүсэд зохион байгуулах сэдэвчилсэн өдрүүдийн хөтөлбөр

      2026-08-12, 14:00

      ЦӨЛЖИЛТ ЧИМЭЭГҮЙ МӨХӨЛ…

      2026-08-11, 11:00
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн айлчлал үргэлжилж байна

    Эхорон1 өдрийн өмнө
    Share
    Facebook Twitter Email

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт 2026 оны 9 дүгээр сарын 08-10-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна.

    Угталт

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нарыг өнөөдөр өглөө Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа.

    Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Энэ үеэр ёслолын буудлага үйлдэж хүндэтгэл үзүүллээ.

    Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан тугт мэхийн ёсолсны дараа, Ерөнхийлөгч Яков Милатович Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв.

    Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, олон улсын байгууллагуудын Суурин төлөөлөгч болон албаны хүмүүстэй мэндчиллээ.

    Дараа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович, гэргий Л.Болорцэцэг, Милена Милатович нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Яков Милатович Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Дараа нь хоёр улсын төрийн тэргүүн, гэргий нар товч уулзалт хийлээ.

    2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай.

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 онд Баку хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх конвенцын оролцогч талуудын дээд түвшний уулзалт болон 2025 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Нью-Йорк хотноо Ерөнхийлөгч Яков Милатовичтай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож байсан юм.

    ***

    Хэлэлцээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

    Дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд болж байгаа энэ айлчлал найрсаг харилцаа, харилцан хүндлэл, хамтын ажиллагааг өрнүүлэх, тэргүүлэх чиглэлээ тодорхойлох онцгой ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

    Хэлэлцээний үеэр харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, идэвхтэй, үр дүнтэй хамтрах нь зүйтэй гэж үзлээ.

    Айлчлалын үеэр зохион байгуулах хувийн хэвшил хоорондын Дугуй ширээний уулзалт нь бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн шууд харилцаа, шинэ түншлэл, шинэ зах зээл бий болгоход чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа харилцан илэрхийллээ.

    Талууд олон улс, бүс нутгийн түвшинд гаргасан санал, санаачилгуудаа дэмжиж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын алдагдалтай тэмцэх зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэх олон улсын хүч чармайлтад хувь нэмрээ оруулахаа нотоллоо.

    ***

    Хамтарсан тунхаглал

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийсний дараа харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо.

    Хоёр улсын төрийн тэргүүн “Монгол Улс, Монтенегро Улс хоорондын Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа.

    Талууд:

    • “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Монтенегро Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, монтенегрогийн талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Адис Пепич,
    • “Дипломат сургалтын чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Монтенегро Улсын Гадаад хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, монтенегрогийн талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Адис Пепич,
    • “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Монтенегро Улсын Шинжлэх ухаан, урлагийн академи хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг монголын талаас ШУА-ийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл, монтенегрогийн талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Адис Пепич,
    • “Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Монтенегро Улсын Их сургууль хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг монголын талаас ШУА-ийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл, монтенегрогийн талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Адис Пепич,
    • “Хамтран ажиллах тухай Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Монтенегро Улсын Эдийн засгийн танхим хоорондын санамж бичиг”-ийг монголын талаас МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, монтенегрогийн талаас Эдийн засгийн танхимын Дэд ерөнхийлөгч Никола Вуйович,
    • “Хамтран ажиллах тухай хоёр улсын Үндэсний радио, телевиз хоорондын санамж бичиг”-ийг монголын талаас МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэл, монтенегрогийн талаас Радио, телевизийн ерөнхий захирал Борис Раонич нар солилцлоо.

    Талууд өмнө нь “Үндэсний олимпын хороо хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т 2023 онд Улаанбаатар хотноо, 2025 онд “Гадаад харилцааны яам хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Нью-Йорк хотноо гарын үсэг зурж байжээ.

    ***

    Хоёр Ерөнхийлөгчийн мэдээлэл

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.

    Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн анхны айлчлал нь хоёр орны ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхийн шинэ хуудас нээж, харилцаагаа бататгасан түүхэн ач холбогдолтойг талууд тэмдэглэлээ.

    Мөн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх чухал алхам болсныг онцоллоо.

    Нийтлэг үнэт зүйлс, гадаад бодлогын ижил төстэй байр сууриа бататгаж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээ нотоллоо.

    Албан ёсны хэлэлцээний үеэр харилцан тохиролцсон зүйлсийг бодит ажил болгохын төлөө бүх түвшинд тууштай ажиллахаар тогтлоо.

    Халуун дотноор хүлээн авсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монголын ард түмэнд Ерөнхийлөгч Яков Милатович талархал илэрхийллээ.

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

    Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,

    Энд хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчид өө,

    Хатагтай, ноёд оо,

    Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Эрхэм хүндэт Яков Милатович Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар өнө эртний түүхт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад анх удаа төрийн айлчлал хийж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

    Монгол Улс, Монтенегро Улс нь газар зүйн хувьд алс хол оршдог хэдий ч хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, ардчилсан үнэт зүйлсээрээ ойр дотно холбогддог билээ.

    Монгол Улс “гуравдагч хөрш”-ийн бодлогынхоо хүрээнд Монтенегро Улстай харилцан сонирхсон бүхий л салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байна.

    Дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны хийж байгаа төрийн анхны айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн, онцгой ач холбогдолтой түүхэн айлчлал болж байгааг онцлон тэмдэглэж байна.

    Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Тантай хийсэн албан ёсны яриа хэлэлцээ халуун дотно, ажил хэрэгч уур амьсгалд амжилттай болж өнгөрлөө.

    Өнөөдөр бид өнгөрсөн 20 жилийн ололт, амжилтаа дүгнэн, ирэх он жилүүдэд харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож, хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойллоо.

    Яриа хэлэлцээний дүнд хоёр улсын төрийн тэргүүн “Монгол Улс, Монтенегро Улсын Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа.

    Айлчлалын хүрээнд улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл зэрэг салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар болон байгууллага хоорондын 7 баримт бичиг солилцлоо.

    Бид харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

    Дэлхийд танигдсан монгол ноос, ноолуур, арьс ширэн  болон өрсөлдөх чадвартай бусад бүтээгдэхүүнийг Монтенегро Улсын зах зээлд нийлүүлж, хамтын ажиллагааны шинэ боломж бий болгохоор санал нэгдлээ.

    Дотоодын боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох чадавхыг бэхжүүлэх, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Цагаан алт”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” зэрэг үндэсний хөдөлгөөний хүрээнд Монтенегро Улстай хамтран ажиллах талаар ярилцлаа.

    Айлчлалын хүрээнд зохион байгуулах “Бизнес эрхлэгчид хоорондын дугуй ширээний уулзалт” нь аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагаа, хэлхээ холбоог бэхжүүлж, шинэ түншлэл, шинэ зах зээл бий болгоход хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.

    Аялал жуулчлалын салбарт хамтарч, тур оператор компаниудын шууд харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохирлоо.

    Боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа нь харилцааны чухал хэсэг хэмээн тодорхойлж, идэвхтэй, үр дүнтэй хамтрах нь зүйтэй гэж үзлээ.

    Соёл, урлаг, спортын салбар бол ард иргэдийн харилцан ойлголцол, итгэлцлийг бататган бэхжүүлж, сэтгэл зүрхээрээ холбогдох бас нэгэн чухал гүүр юм.

    Тиймээс өв соёлоо харилцан сурталчилж, иргэд хоорондын найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ харилцан нотоллоо.

    Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх яриа хэлэлцээний механизм бий болгож, тогтмол ажиллуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.

    Эх дэлхийгээ дээдлэн шүтэж, хайрлан хамгаалах эртний түүхэн уламжлалтай Монгол Улс “Экологийн улс” хэмээн нэрлэгддэг Монтенегро Улстай тогтвортой хөгжил, ногоон эдийн засаг, хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байна.

    НҮБ болон бусад олон улсын байгууллагын танхимд тохой залган сууж, бие биеэ харилцан дэмжиж, хамтран ажиллаж ирсэн манай хоёр улс бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотоллоо.

    Саяхан Улаанбаатар хотноо болсон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд Монтенегро Улсын төлөөлөгчид идэвхтэй оролцсонд талархал илэрхийлье.

    Манай улс эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих, шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог нь нэмэгдүүлэх, жендерийн эрх тэгш байдлыг хангахад чухал ач холбогдол өгч, 2022 оноос хойш олон улсын эмэгтэйчүүдийн цуврал арга хэмжээг  Ерөнхийлөгчийн ивээл дор эх орондоо зохион байгуулж ирлээ.

    Ирэх 10 дугаар сард Улаанбаатар хотноо болох “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-д Монтенегро Улсын төлөөлөгчдийг өндөр түвшинд, өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг урьж байна.

    Эрхэм хүндэт Ерөнхийлөгч таны төрийн тэргүүний хувиар хийж буй анхны  айлчлал харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэх түүхэн айлчлал болж байна.

    Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

    Бидний хэлэлцэж, тохиролцсон асуудлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард түмний найрамдал нөхөрлөл, сайн сайхны төлөө бодит биеллээ олж,  харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна.

    Ард түмний найрамдал, нөхөрлөл үеийн үед батжин бэхжиж, Монгол, Монтенегрогийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнө мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.

    Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Та өнө эртний түүхт, эртний нүүдэлчдийн төрт ёсны ариун гал голомт, мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад тавтай морилохыг хүсье.

    Анхаарал хандуулсанд баярлалаа.

    МОНТЕНЕГРО УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЯКОВ МИЛАТОВИЧ:

    Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх,

    Хэвлэлийн төлөөлөгчид,

    Хатагтай, ноёд оо,

    Халуун дотноор хүлээн авч, үр дүнтэй яриа хэлэлцээ хийсэн Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

    Энэ айлчлал хоёр улсын дипломат харилцааны 20 жилийн ойн хүрээнд Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн түвшинд Монгол Улсад хийж буй анхны  айлчлал болж байна.

    Мөн манай улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 20 жилийн ойтой давхцаж байна.

    Өнөөдөр бид ирээдүйн харилцаа, хамтын ажиллагааны чиглэлийг хамтдаа тодорхойллоо.

    Бид хоёрын гарын үсэг зурсан Хамтарсан тунхаглал нь улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, хоёр улсын байгууллагуудыг илүү ойртуулах, эдийн засаг, ард түмэнд өргөн боломжийг нээх бидний нийтлэг эрмэлзлийн илэрхийлэл юм.

    Европ руу тэмүүлэх Монтенегро Улсын эрмэлзэл, 2028 онд Европын Холбооны 28 дахь гишүүнээр элсэх бидний зорилтыг Монгол Улс дэмжиж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна.

    Европын интеграцид нэгдэх нь Монтенгро Улсын стратегийн нэн чухал зорилт юм. Бид Европын Холбооны гишүүн болоход ойртож буй энэ үед манай эдийн засаг, нийгэм, ард түмэнд шинэ боломжийг нээсэн түншлэлээ өргөжүүлэхийг зорьж байна.

    Бидний энэ зорилтод Монгол Улс чухал ач холбогдолтой түнш юм.

    Бизнес, хувийн хэвшил хооронд бат бэх холбоог тогтоох нь чухал гэдэгтэй бид санал нэгдлээ. Тэднийг шууд холбох, бизнес, хөрөнгө оруулалтад идэвхтэй оролцуулах, хоёр улсын зах зээлийн боломжийг нээхэд Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагаа чиглэх учиртай.

    Ойр дотно хэлхээ холбоо нь хамтын ажиллагааны чухал тулгуур юм. Бид агаарын болон олон улсын авто тээврийн хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг идэвхжүүлэхээр тогтлоо.

    Аялал жуулчлалд суурилсан эдийн засагтай Монтенегро Улс Адриатын тэнгист орших стратегийн чухал байршилтай. Тээвэр, логистокоор холбогдох нь хоёр улсын аялал жуулчлал, бизнес болон бусад хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой.

    Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх хэлэлцээр байгуулсан нь харилцаанд дэмжлэг болох нь дамжиггүй.

    Шинжлэх ухаан, боловсролын салбарт нэгэн чухал хуудсыг нээлээ.  Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Монтенегро Улсын Шинжлэх ухаан, урлагийн академи болон Монтенегро Улсын Их сургуультай байгуулсан баримт бичиг нь хамтарсан судалгаа, багш, судлаач, оюутан, академик солилцоо, хамтын ажиллагааг өрнүүлэх бат бэх суурийг тавьж байна.

    Анхны солилцоо, хамтарсан төсөл, хөтөлбөр ойрын хугацаанд хэрэгжиж эхлэхийг тэсэн ядан хүлээж байна. 

    Их сургууль, шинжлэх ухааны байгууллага хоорондын хамтын ажиллагаа нэг айлчлалаар тогтохгүй, олон арван жилийн турш тууштай үргэлжлэх  үнэ цэн бүхий харилцаа юм.

    Соёл, хэвлэл мэдээлийн салбарын хамтын ажиллагаа ч харилцааны чухал чиглэлийн нэг юм.

    Хэвлэл мэдээлэл, музей, соёл, утга зохиолын байгууллага хоорондын ойр дотно хамтын ажиллагаа нь газар зүйн хувьд алс оршдог хоёр улсын ард түмэн бие биеэ таньж мэдэхэд дэм тустай.

    Дижитал шилжилт, хиймэл оюун, уур амьсгалын сөрөн тэсвэрлэх чадвар, байгаль орчны хамгаалал зэрэг салбарт мэдлэг, туршлагаа хуваалцаж, хамтран ажиллах боломжийн талаар Эрхэм хүндэт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй санал солилцлоо.

    Үндсэн хуульдаа “экологийн улс” хэмээн өөрийгөө тодорхойлсон дэлхийн хамгийн анхны улс бол Монтенегро юм. Монгол Улс цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, байгалийн баялгийн тогтвортой менежментийн арвин их туршлагатай.

    Эдгээр салбарт бид бодит хамтын ажиллагаа өрнүүлэх боломжтой гэж үзэж байна.

    Монтенегро, Монгол Улс нь НҮБ-ын Дүрмийн үндсэн зарчим, олон улсын эрх зүй, үр дүнтэй олон талт хамтын ажиллагааг тууштай дэмждэг билээ. НҮБ-ын үндсэн зарчмыг хүндэтгэж байгаа нь тулгарч байгаа бэрхшээлийг даван туулах хамгийн чухал суурь юм.

    Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлого, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Таны санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгааг Монтенегро Улс сайшаан дэмжиж байна.

    Нийтлэг сорилтыг даван туулах, улс хоорондын тогтвортой, тууштай харилцаанд яриа хэлэлцээ чухал үүрэгтэй гэсэн байр сууриа бид нотоллоо.

    Өнөөдөр гарын үсэг зурсан баримт бичгүүд хамтын ажиллагааны цар хүрээ, чиглэлийг тодорхойлсон бөгөөд бодитоор хэрэгжүүлэх нь бидний үүрэг гэж үзэж байна.

    Худалдаа, аж үйлдвэрийн танхимууд аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагуудыг холбож, их сургууль, шинжлэх ухааны академиуд оюутан судлаачдыг солилцон, үндэсний телевиз, хэвлэл мэдээлэл, соёлын байгууллагууд нийгмийн харилцаанд шинэ суваг нээх учиртай.

    Түүнчлэн хоёр тал улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулж, бодит үр дүн гаргах ёстой.

    Бид Монтенегро Улс, Монгол Улсын дипломат харилцааны 20 жилийн ололт, амжилтаа дүгнэж, ирээдүйн хамтын зорилтоо тодорхойллоо.

    Нэн өндөр хүндэтгэл үзүүлж буй Эрхэм хүндэт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Таны Монтенегро Улс, Монгол Улс хоорондын нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөөх үйл хэрэгт дахин талархал илэрхийлье. Маш их баярлалаа.

    ***

    Монтенегро Улсын тухай товчхон:

    • Монтенегро Улс 630 гаруй мянган хүн амтай, 13,812 км² газар нутагтай. Серби, Босни ба Херцеговин, Хорват, Албани Улстай хиллэдэг. Парламентын засаглалтай.
    • XX зуунаас Балканы бүс нутаг дахь аялал жуулчлал, үйлчилгээний төв байсаар ирсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 9 тэрбум гаруй ам.доллар бөгөөд 30 хүртэл хувийг аялал жуулчлал, зочид буудал, үйлчилгээ, тээвэр зуучлалын салбар бүрдүүлдэг.
    • Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 14 мянган ам.доллар.
    • Өнгөрсөн онд 2.8 сая жуулчин хүлээн авсны зэрэгцээ дэд бүтэц, эрчим хүч, мэдээллийн технологи, логистик, далайн эдийн засаг, хөдөө аж ахуй болон өндөр нэмүү өртөгтэй үйлдвэрлэл хөгжүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх, хөрөнгө оруулалт татах зэрэгт онцгой анхаарч байна.
    • Монтенегро нь НАТО-гийн гишүүн орон бөгөөд 2028 онд Европын Холбоонд элсэх зорилт тавьсан.
    • Манай хоёр улс хамтран 2023 онд нийслэл Подгорица хотноо “Хот мандал-нууц тарнийн сүм” зургийн үзэсгэлэн гаргаж, монтенегро хэлнээ орчуулсан “Монголын орчин цагийн өгүүллэг” номын нээлтийг 2025 онд мөн хотноо хийж байсан.
    • Дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг тохиолдуулан шуудангийн дурсгалын маркийг өнгөрсөн зургаадугаар сард хамтран гаргаад байна.
    • Тус улсын нэрт аялагч, продюсер Эдин Крничийн Монголд хийсэн аялал, түүх, соёл, зан заншил, уламжлал, байгаль, нүүдэлчин ахуй, онцлогийг харуулсан нэвтрүүлгийг Үндэсний радио, телевиз нь 2023, 2024 онд үзэгчдийн хүртээл болгож байжээ.
    • Манай улсын хувьд Монтенегро нь Европын зах зээлд гарах боломж бөгөөд Европын Холбооны бодлого, Балканы бүсийн тээвэр-логистикийн сүлжээ, аялал жуулчлал, байгаль орчин, уулын экосистемийн хамгаалал зэрэг чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтой гэж судлаачид үзэж байна.

    Эх сурвалж: www.president.mn

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтыг хойшлуулжээ

    2026-04-09, 19:13

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    “Эрүүл мэндийг дэмжих жил-2027” хүрээнд архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

    7 минутын өмнө

    Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулж, татан буулгана

    2 цагийн өмнө

    “Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

    3 цагийн өмнө

    Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ

    4 цагийн өмнө

    Путин, Трамп нар 2026 он гарснаас хойших тав дахь удаагаа утсаар ярьжээ

    9 цагийн өмнө

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Гандантэгчэнлин хийдэд

    11 цагийн өмнө

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн айлчлал үргэлжилж байна

    1 өдрийн өмнө

    Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Монгол Улсад айлчилна

    1 өдрийн өмнө

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргийн хамт төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

    1 өдрийн өмнө

    Шатахуунгүй байгаа 17 суманд яаралтай шатахуун хүргүүлнэ

    1 өдрийн өмнө

    Засгийн газар 2026 оны төсвийн тодотголоос хэмнэсэн мөнгөө хэнд, юунд, хэрхэн зориулах вэ?

    1 өдрийн өмнө

    Трампын хүргэн Жаред Кушнер "Орос, Украины талуудтай хамтран энх тайван тогтоох шинэ санал боловсруулах эрмэлзэлтэй" хэмээжээ

    1 өдрийн өмнө

    Монголын баг Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд IV байр эзлэв

    2 өдрийн өмнө

    Н.Учралын Засгийн газрын танилцуулсан 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөлөл

    2 өдрийн өмнө

    Улсын ургацын комисс: 555.3 мянган тонн үр тариа, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо хураан авна

    2 өдрийн өмнө

    НҮБ-аас газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа

    2 өдрийн өмнө

    Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх УИХ-ын ээлжит бус чуулганыг нээлээ

    2 өдрийн өмнө

    Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай үргэлжилж байна

    2 өдрийн өмнө

    Александринскийн олон улсын театрын фестивалийг Б.Цогнэмэхийн "Тэнгэрийн хүү" жүжиг нээв

    2 өдрийн өмнө

    “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд 1 сар үргэлжилнэ

    3 өдрийн өмнө

    Мүн Жэ Ин: Монголоос буцах замд

    6 өдрийн өмнө

    Олон улсын монголч эрдэмтний XIII Их хуралд 30 орны 570 гаруй эрдэмтэн, судлаач оролцож байна

    4 долоо хоног

    СОР17: Цэнхэр бүсэд зохион байгуулах сэдэвчилсэн өдрүүдийн хөтөлбөр

    4 долоо хоног

    Хар Зүрх хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол наймдугаар сарын 21-ны өдөр болно

    2 долоо хоног

    ЦӨЛЖИЛТ ЧИМЭЭГҮЙ МӨХӨЛ…

    4 долоо хоног

    Монгол орны цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

    3 долоо хоног

    COP17: Хурлын үеэр хийгдэх замын хөдөлгөөний өөрчлөлт, хаах зам, зогсоолууд

    1 сар

    COP17: Карбон кредит гэж юу вэ?

    2 долоо хоног

    “Дэлхийн малчдын чуулган”-ыг Монгол Улсад зохион байгуулж байна

    4 долоо хоног

    Рамсарын Конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга Мусонда Мумба COP17-д оролцохоор ирлээ

    3 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.