-Та миний ярилцлагын зочноор хоёр дахь удаагаа уригдаж байна. Эхний удаа “Монгол тулгатны 100 эрхэм” төсөл дундаа орж байх үед, уран бүтээлчийн тань хувьд сонирхолтой үе байсан. Одоо тэр үеийн Баатараас нэлээн өөр, ялимгүй шархалсан, гэмтсэн, магадгүй эвдэрсэн ийм Баатар миний өмнө сууж байна.
-Юуны өмнө зочноороо урьсанд баярлалаа. Тантай ярилцах үргэлж надад сонирхолтой байдаг.
-Олон жил хамт ажилласан эрхэм дотны хүнээ алдчихаад, сэтгэл санааны хувьд хэцүү байгаа биз ээ. Та уран бүтээлч хүн учир намайг хачирхаж гайхахгүй байх. Би бас яг ийм үед уулзаж байгаагаа олзуурхаж байна. Б.Лхагвасүрэн гуайг гадагшаа явж байхад энэ өвчнийг ялаад гарчих юм байна гэж бодсон. Гэтэл ийм юм боллоо. Үнэхээр болсонгүй юу. Өнөөдрийн хувьд миний танд тавих хамгийн эхний асуулт тэр хүний тухай орж ирж байна. Эндээс хоёулаа яриагаа эхлэх үү?
-Евро Азийн дөш өндөрлөгт уянгын томоохон яруу найрагчид төрдөг. Би үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ миний хувьд Лхагва ах маань энэ зуунд, миний үед дахин төрөхгүй агуу уран бүтээлч яалт ч үгүй мөн. Энэ хүнтэй нэгэн цаг үед амьдарч, тодорхой хэмжээгээр он жилүүдийг хамт өнгөрөөсөндөө баярладаг. Мэдээж бүх зүйл, тэр дундаа амьдрал гэдэг зүйл өөрийн гэсэн цагтай. Энэ цагаа ч ах маань мэдэрч байсан. Тэр нь бүх зохиол бүтээлд нь шингэсэн байдаг. Ахыгаа өөрийнх нь гэрээслэлийн дагуу нутаглуулаад явж байхад “Өнжүүлийн хөх ууланд, өөдсийн чинээ намайг багтаах жижигхэн зай бий. Энэ зайнд толгойг минь тэнгэрт ойрхон, хөлийг минь өтөнд ойрхон, өвгөдийн минь ёсоор гээнэ биз” гэж хэлж байсан нь бодогдсон. Ах маань амьдралын бүх зүйлийн мөн чанарыг мэдэрчихсэн, мөнх бусыг ойлгосон хүн байж. Тэр үүднээс зохиол бүтээлдээ нэг л удаа амьдрах амьдрал нь цай уугаад мордохын төдий байдаг учир энэ богинохон хугацаанд зөв яваарай хэмээн хэлж, энэ философийг буюу үхлийн тухай магтан дуулсаар байгаад дууссан. Хүмүүс түүнийг дандаа үхлийн тухай ярьдаг хачин хүн гэж хэлдэг байсан. Би алсын замд үдэж явахдаа л ахыгаа амьдралын мөн чанарыг таньсан учраас үхлийн тухай үнэнийг ярьдаг хүн байж дээ гэдгийг ойлгосон. Юу хэлэхээ мэддэг хүн болохоор үлдэж байгаа үр хүүхэд болон мань мэтдээ бүх юмыг тодорхой сийлж үлдээсэн. Өвдөж зовоод, гуниглаад уйлахаасаа илүү маш их юмыг бодуулаад бурхныхаа оронд дээшээ дэвшиж байна. Энэ хүн бол агуу хүн юм. Мандан бадарч байхад хүний мөн чанар мэдэгддэггүй. Яг ядарч байх үед хүний мөн чанар, аль хэр хүн бэ гэдэг нь харагддаг. Яг өвчин зовлон тохиолдоход хамгийн хүндээр хүлээж авсан нь гэр бүлийнхэн нь. Эмчилгээ, хагалгаанд нь үнэхээр зүтгэсэн хүн нь Ерөнхийлөгч. Тэр хүн Ерөнхийлөгч гэдэг үүднээсээ хүлээж аваагүй. Хамт уран бүтээл хийдэг ах нь гэдэг үүднээс хүлээж авсан. Халтмаагийн Баттулга гэдэг хүн 100 хувь эмчилгээний зардлыг нь даасан. Мэдээж хамт олон бид, “Херо” энтертайнмэнтийн оролцоо байгаа. Мэдээж Б.Лхагвасүрэн гэдэг хүн өөрөө Монгол тулгатны нэгэн эрхэм хүн учир үндэс угсаа нэгтэй Өвөр монголчууд, Ар монголчууд ч тусалсан. Гэвч амьдрал бурхны заасан зам, хувь төөргөөр явдгаас хойш бид дийлсэнгүй. Хорвоогийн жамыг яалтай. Лхагваа ахыг өвдөж байх болон бурхан болох үед хүмүүсийн мөн чанар ямар юман дээр илүү их танигдаж байдаг юм бэ гэдгийг харлаа. Ойрхон байсан хүний хувьд мэдэрлээ. Ахад маань тусалсан бүх хүнд баярлалаа гэж хэлье. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад баярлалаа. Мэдээж Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх гэж хүнд баярлалаа гэж хэлэх хэрэгтэй. Иргэн бүртээ анхаарал тавьж байх ёстой нь Төр юм. Монгол Улсад Төр байгаад баярлаж байна. Нэг иргэн, яруу найрагч, уран бүтээлчээ ингэж анхаарна гэдэг агуу юм даа.
-Мэдээж харамсаж байна. Бүгд л гашуудсан. Ерөнхий сайдыг тусгай захирамж гаргахад харин гайхаж байсан. Монгол орон олон баатруудаа үдэж байсан. Тусгайлан захирамж гаргах нь ихээхэн сэтгэл хөдлөлтэй шийдвэр шиг санагдсан. Үүгээрээ би бас муу хүн харагдах байх л даа.
-Тийм хүмүүс байсан. “Улс орон ийм байхад ингэлээ, тэглээ” гэсэн хүмүүс ч байсан. Миний хувьд Төр иргэнээ мартахгүй байх нь Төрийн мөн чанар гэж боддог. Тэр мэдрэмжээ л авсан.
-Энэ улс орныг онож төрсөн нэгэн гайхалтай хөвгүүн буцаж буйд Төр хүртэл бөхийж байна гэж л унших ёстой юм болов уу?
-Тийм. Зөвтгөл нь энэ мөн.
-Манай Ерөнхий сайд ер нь их сэтгэл хөдлөлтэй, романтик хүн юм аа даа. Та энэ талаараа түүнтэй их нэгддэг байх?
-Би романтик хүнд их дуртай. Романтик хүмүүс л дэлхийг өөрчилдөг. Түүнээс биш прогматик хүмүүс хэзээ ч улсыг өөрчилж, хувьсгал хийдэггүй.
-Б.Лхагвасүрэн гуай Алтан өлгийд биш Өнжүүлд оршуулаарай гэдгээ дахин албажуулж гэрээсэлсэн юм уу?
-Тэгсэн. Би амьдралын сүүлийн үе буюу бие нь нэлээн хүндрэх мөчүүдэд ерөнхийдөө дэргэд нь байсан л даа. Олон жил хамт байхаар хамаатан садан шиг л болчихдог юм байна. Миний хувьд лав тийм л байсан. Тийм болоод ч тэр үү, Баасан эгч маань ямар нэг юм болоход намайг дууддаг. Би ч очдог. Бие чилээрхлээ гэх болгонд нь би хажууд нь байж, маш олон сайхан хүмүүс тусалж дэмжиж байхыг хажуунаас нь харж байсан. Миний дүү Л.Оюун-Эрдэнээс гадна Н.Сарангэрэл сайд бас их тусалж байсан. Би үүнийг ганцхан Бавуугийн Лхагвасүрэн гэдэг хүнд тусалж байгаа хэрэг биш, монголын утга зохиол, урлаг соёлд хүндэтгэлтэй ханддаг хүмүүс юм даа л гэж бодсон. Том утгаараа. Б.Лхагвасүрэн гэдэг бие хүн бол зүгээр нэг хүн биш. Н.Жанцанноров, Б.Лхагвасүрэн гэдэг хүмүүстэй хамт, хэт ойрхон гэж хэлж болох түвшинд байгаадаа бид үнэгүйдүүлээд байгаа юм биш байгаа гэж би үргэлж бодож явдаг. Эд бол зууны хоёр хүн. Бурхан бүтээсэн газраа үнэгүй гэдэг. Хүн өөрийн ойр байгаа зүйлээ агуу гэдгийг мэддэггүй. Дүүгээ хүртэл.
-Буцан буцталаа шүлэг, зохиолоо туурвиж байв уу?
-Ухаан санаа нь дэндүү тунгалаг байсан. Хавдрын өвчинтэй тэмцэж байсан ч тархи нь тунгалаг байсаар тэнгэрт хальсан. Тэр хүртлээ сургаалиа, томоохон гэрээслэлүүдээ хэлдэг байж дээ. Магадгүй Б.Лхагвасүрэн шиг амьдралын мөн чанар, амьдралын дуусах цэгийг тэгж их бичсэн зохиолч байхгүй байх. Тиймээс ч үхэл гэдэг зүйлийг өөрөө эрхэм утгаар хүлээж авсан. Үхэлтэй золгоно гэдэг бол агуу үйл явдал юм байна. Уйлж унжиж, айж ичсэнгүй. Үнэхээр л ижий аавтайгаа уулзах гэж томилолт аваад явж байгаа хүн шиг л байсан. Үхэхдээ хүртэл агуу байна гэдэг өөрөө амьд байхын мөн чанарын нэг том хэсэг юм байна. Яг тэр өдрөө “Сар шинээ сайхан угтана аа” гээд угтаад, шинийн нэгний өглөө 10 цаг 10 минутад амьсгаагаа татаж байгаа юм. Би гадаадад байхдаа энэ мэдээг хүлээж авсан. Тэгээд тэр өдрөө л нисэж ирсэн. Намайг ах маань явуулах дургүй байсан. Бүх зүйлийг мэддэг л юм байна. Бидний хажууд байгаа үнэтэй өвөгчүүд, ахмадууд маань бидэнд үргэлж эрхэм дээд зүйлсийг л захиж байдаг. Тэдний маань амнаас нь гарч байгаа үг бүр нь утга учиртай байдаг юм байна гэдгийг одоо цаг төдийгүй, ирээдүй цаг маань ч анзаарч байх ёстой гэж надад бодогдсон.
-Залуу үзэгчид “Монгол Тулгатан 100 эрхэм” төслийн найруулагч Баатар, “Херо”-ийн Баатар гэсэн өгөгдлүүдээр таныг илүү мэддэг юм шиг байна. Жишээ нь, би таныг телевизэд байхаас буюу нэлээн эртнээс мэднэ.
-Тэр мэдээж шүү дээ. Бидний үеийнхэн нэг нэгнээ илүү сайн мэдэхгүй бол өөр хэн мэдэх билээ.
-“Монгол Тулгатан” гэдэг төсөлтэй учирснаар таны амьдралд томоохон салхи шуурга дэгдэж, олон өөрчлөлтүүдийг авчрах шиг боллоо гэж би хувьдаа харж байна. Үнэхээр энэ төсөл танд юу юу өгч, юу юуг чинь аваад явчихав аа?
-Энэ төслийг эхнээс нь ярья. Төсөл анх Б.Лхагвасүрэн гэдэг хүнтэй хамт “Найман гишүүн төгөлдөр” цайны рекламнаас эхлэлтэй юм. Манай Лхагваа ахын “Тагнай баясгасан амттай, тэнгэр цоргисон аагтай” гэсэн агуу сайхан үг тэр рекламаар цацагдаж байв даа. Энэ үед анх одоогийн нэвтрүүлгийн санаа орж ирсэн. Үүнийг гэрчлэх олон сайхан хүмүүс бий. Энэ төслийг хэрхэн хийх тухай бид ярилцаж байгаад үнэхээр гайхалтай авьяастай нэгэн бүсгүйг олж нэвтрүүлэг маань явсан. Нэвтрүүлгээс өмнө Баатар гэдэг уран бүтээлч хийдгээ хийж явсан. Монголын реклам болон клипны зах зээлд өөрийн гэсэн өнгө төрх, бие даасан байдал, өртөг, үнэ цэнийг бий болгож тогтоосон байсан. Хамгийн үнэтэй рекламыг бид л хийдэг байсан. “Херо” энтертайнментийн хийж буй үнийг нэг дахин багасгахад бусад нь хангалттай хэмжээний мөнгө олдог байсан. Тэр үед энэ зах зээл дээр ажиллаж байсан студи, продакшны залуус үнэхээр үүнийг хүлээн зөвшөөрөх байх гэж бодож байна. Би монголын рекламын зах зээлийг үнэтэй, телевизийн зах зээлийг мөнгөтэй болгосон. Энэ болтол телевизийн зах зээлийг үнэлдэггүй байсан. Миний багш Мягмар болон С.Ононбат гэх зэрэг хэдэн хүн энэ зах зээлийг тодорхой шатанд аваачсан бол би үнэ цэнтэй болгосон гэдгээ хаана ч хэлнэ. Үүнийг хүмүүс хүлээн зөвшөөрнө байх. Би багшийнхаа урдуур орж ярьж байгаа юм биш. Үнэнийг л хэлье гэж бодсон юм. Энэ төсөл надад сүртэй их зүйл өгсөн гэж би хэлэхгүй. Мэдээж шинэ төсөл, шинэ уран бүтээл, том агуулга гэдэг талаасаа ухаарал, туршлага нэмсэн байж таарна. Чи түрүүн эвдэрсэн гэж гоё хэллээ. Магадгүй намайг эвдсэн ч байх. Тэр утгаараа ч нэг талаас задарсан. Эвдрэлийг бас янз бүрээр хэлж болно. Би энэ төслөөс болж би үнэхээр эвдэрсэн. Гэхдээ энэ төсөл зуу, зуун жилд дараагийн монголчуудад хэрэгтэй төсөл. Монгол хүн монголоороо бахархах идеалтай болно. Бид багш нараа харж, даган дуурайж, үлгэр жишээ авч сурдагтай адил үндэстэн өөрөө идеалтай байж сурдаг.
-Нэг хөрөг нэвтрүүлэг босгоход олон сарын хөдөлмөр ордог. Олон улирлын зураг авалт орно. Ялангуяа та маш их ачаалал авч ажилладаг. Хүн гэдэг зүгээр сууж байгаад за одоо эхний хальсыг маань хуул, дараагийн минь хальсыг ч гэсэн хуул гээд зүгээр өөрийгөө тавьж өгөөд сууж байдаг амьтан биш. Байнга өөрийнхөө дотрыг хамгаалж, нууж байдаг болохоор хүн хөдөлмөр.
-Үүнийг та мэргэжлийн хүн болохоор мэдэж байгаа. Энгийн үзэгчид бол тэр бүр мэдэхгүй шүү дээ.
-Саяхан алдарт дуучин Х.Уртнасан гуай тэнгэрийн оронд мориллоо. Түүний оролцсон дугаарыг үзсэн л дээ. Том амьдарсан, том улсуудын хүлээн зөвшөөрөлт ч, үгүйсгэл нь ч хамт урт удаан насалж байдаг юм байна. Тэр дугаарын ард бас л өрсөлдүүлж өөр нэгний тавиланг хөндөж л байгаа харагдсан. Нөгөө талдаа үзэгчдийн олонх талархан алга ташиж, цэцэг шидэх нь эдгэрэл болдог биз. Бүтээж байгаа хүндээ эвдрэл хийгээд элдвийн ял зэм өглөө гэхэд ард нь цаг хугацаа эдгэрлийг бас авчирна байх?
-Мэдээж. Эдгэрэл цаг хугацааны явцад бий болно. Гар маш хурдан зүсэгддэг хэрнээ эдгэхэд удаан байдаг. Үүнтэй адил хүний зүрх сэтгэлийн шарх удаж байж эдгэнэ. Тэр 60 хүний түүх цадиг бол гайхамшигтай. Мэргэжлийн яриагаар бол бидний ажил асар том лаборатори юм. Хүн судлалын маш том хичээл тэнд явагдаж байна. Би “Монгол Тулгатан 100 эрхэм” нэвтрүүлэг хийснээр одоо л найруулагчийн хувьд цэгцэрч эхэлж байна. Би 60 хүний цадиг, бодитой амьдралын факт сонссон хүн шүү дээ. Тэгэхээр цаашид илүү бодитой харьцаж чадна аа даа. Одоо би илүү сайн кино хийж чадах байх. Миний олсон ололт гэвэл энэ.
-Сонины сэтгүүлч авсан бүх яриагаа, хийсэн сурвалжлагаа, нийтлэлээ редактороор хасуулчихгүй үлдээхийг л хүсдэг. Редактор харин шахсан бяслаг шиг болгох гээд илүү ноцолдоод байдаг. Найруулагч бол шууд хайчлах эрхтэй хаан. Та одоо мундаг архивтай болсон байх. Нэвтрүүлэг гарсны дараа хайчилж хассан юмандаа өөрөө эргэж харамсдаг уу. Танайх найруулагчийн хувилбар гэж зарим хүн дээр анх гараагүй хэсгүүдээр баяжуулж сүүлд нь бас гаргаж байсан шүү дээ?
-Чи өөрөө мэднэ шүү дээ. Тухайн нэг хүнийг гаргаж ирэх гэж маш их хөдөлмөр ордог гэдгийг. Нэг хүний яриаг ахиад эргээд 2-3 сарын дараа авахад тэр хүн арай өөрөөр харчихсан, зарим зүйлээ уучилчихсан байдаг. Эхний удаагийн яриа илүү хорсолтой байсан бол ахиад тэр сэдвийг хэдэн сарын дараа мартагнуулж байгаад ярихад тэр хүн уучилсан байдаг. Өдөр ирэх тусам өөрийгөө өөрчилж, уучилсаар байдаг нь сонин. Хүн нас ахих тусам эерэг болж байдаг гэдгийг би мэдэрсэн. Архивыг уг нь бид хадгалдаг байсан. Харин Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярын оролцсон нэвтрүүлгийн үеийн зарим бичлэг алдагдсанаас хойш архивлахаа бараг больсон.
-Та хальсаа тусгай газар хадгалуулах тухай анхнаасаа бодоогүй юм уу?
-Одоо бол зарим хальсаа тэр журмаар хадгалж байгаа. Энэ удаагийн хувилбар Баатар гэдэг найруулагчийн зүгээс монтажилж гаргасан өнцөг. Одоо хадгалж байгаа 100 эрхэмийн бичлэгийг магадгүй дараагийн хүн орж ирээд арай өөрөөр монтажлах, хар материал дээр илүү чөлөөтэй ажиллах боломж нээгдэх байх.
-Эсвэл 50-тай, 60 настай Баатар өөрөө ахин монтажлах үе байж болно?
-Миний хувьд ахиад нагрускыг нь дааж чадахгүй. Тухайлбал, Б.Лхагвасүрэн судлалын хүн орж ирээд Б.Лхагвасүрэнгийн тухай хар материалыг үзэх хэрэгтэй. Энэ бол түүхийн факт. Одоо бол түүхийг түүхчид фантазиар их бичдэг болж. Ю.Цэдэнбал дарга ийм хүн байсан, тийм хүн байсан гээд л. Магадгүй тухайн цаг үеийн төгсгөлд Ю.Цэдэнбал даргын 100 эрхмийг хийж чадсан бол өнөөдрийн бид нар арай өөрөөр тэр хүний түүхэнд хандах байсан байх. Ю.Цэдэнбал дарга өөрийн хийсэн зүйлүүдээ ийм ийм нөхцөл байдал байсан, ийм учраас ингэсэн юм гээд илүү задалж хэлэх байсан байх, тийм үү. Энэ нь өөрөө том судалгааны материал болж үлдэх байсан. Энэ үүднээс харвал бид асар том архив бүтээж өгч байгаа юм. Би бол архивын ажилтан биш уран бүтээлч хүн учраас өөрийн хийж чадахаа энэ хүргээд үлдээе.
-Яг сэтгүүл зүйн салбарт бол та хөндлөнгийн хүн. Тэр үүднээсээ эхлээд жаахан хэцүү байсан уу?
-Өөрийн чинь хэлдгээр би энэ телевизийн ярилцлагын салбарт саяхан орж ирээд л нэвтрүүлэг хийж үзэж байгаа уран бүтээлч. Түүнээс биш би мэргэшсэн, яг миний салбар гэж хэзээ ч хэлж чадахгүй. Би зүгээр л хийж үзэж байгаа уран бүтээлч.
-Баримт судлалын салбарт оруулж байгаа том хувь нэмэр яах аргагүй мөн. Хүн байхгүй бол түүх байхгүй. Монголын түүхийн хоёр зууныг дамжаад амьдарсан тод дүрүүдийн ихэнхийнх нь хөрөг нэвтрүүлгийг бичлээ. Зүгээр л нэг нэвтрүүлэг хийж үзэж байгаа юм аа гэж хөнгөхөн байдлаар хэлэх харамсалтай юм биш үү?
-Миний хувьд шүү дээ. Мэдээж тэр хүн өөрөө өөрийнхөө цадигийг “бичсэн”. Би тэгэхээр эндээс “би” гэдгээ холдуулах хэрэгтэй юм болов уу. Тэр дундаа уран бүтээл хийж байгаа редактор, ил гарч ажиллаж байгаа хөтлөгч “би” гэдэг юмаа хаяад явах ёстой. Б.Бат-Эрдэнэ аварга өөрийнхөө амьдралыг өөрөө л “бичсэн”. Би түүнийг нь бичээгүй учир ойлголт хоёр талтай, нэг үгээр их эвтэйхэн л явах ёстой юм болов уу. Мэдээж хөтлөгч нь эвтэйхэн залж гаргаж өгөх, сэтгэлийнх нь хэмнэлтэй ажиллах, найруулагч хандалттай материал гаргаж авч түүн дээрээ ажиллах гээд маш их хөдөлмөр бий. Хүн яриулах амаргүй гэдгийг та өөрөө хэлдэг шүү дээ.
-Дуртай сэдвийг нь олох, тэрэн дээр нь эргэлдүүлэлгүй тунг тохируулж холдуулах, дургүй фактууд руу орох, уурлах аяс илэрвэл эргээд романтакийг нь хатгаж өгөх гээд асуудал их л дээ. Жоохон нясуун үг гаргаж шидүүлмээр байвал ямар баримтаар түнших вэ гээд бүгд л хөтлөгчийн стратегийн асуудал биз?
-Энэ бол бидний хийж байгаа бас л том судалгаа. Мэдээж тухайн уран бүтээл агуу. Тухайн хүн өөрийн амьдралаар бий болгосон цадиг. Ганчимэгээ чиний 40 гаруй жил амьдарсан амьдрал чинь чиний бүтээсэн зохиол. Чиний өөрийн л тэнд тестлэгдэж, зөвтгөгдөж, буруутгагдсан цадиг. Энийг найруулагч ч юм уу, тухайн редактор өөрчилж чадахгүй. Энэ миний бүтээл биш Ганчимэгийн бүтээл. Би Ганчимэгийг л гаргаж, тогтоосон цагт тааруулж багтааж өгнө. Энэ утгаар би тухайн баатруудын өөрсдийнх нь бичсэн түүхийг л үзүүлж байна гэж яриад байгаа юм. Үзүүлэхийн тулд баг ажиллана. Таны саяны ярьж байгаа мэргэжлийн бүх чадвар соригдоно. Эцэст нь нэгэн хүний амьдрал, түүх цадиг нь үлдэнэ.
-Хэдэн жилийн өмнө та надтай ярилцахаар ирэхдээ их гэрэлтэй, эрч хүчтэй найруулагч орж ирж байсан л даа.
-Одоо яачихаж? (инээв) Эсвэл би хөгширчихөж үү.
-Одоо юу асуух гэж байна гэдгийг бараг мэдэрчих шиг боллоо. “Ганчимэгээ, би найруулагчийн хувьд кино, жүжиг, реклам, клип ч байна уу гол дүрийнхээ эмэгтэйд маш их татагдаж, шатаж, дурлаж байж тэр ажлыг хийдэг” гэж та хэлж байсан.
-Тэгсэн. Би санаж байна. Мэдээж энэ уран бүтээлийн дурлал.
-Магадгүй тэр үед өөр дурлал зэрэгцэж байхыг хэлсэн ч байж магад. Тэгж байж би хийдэг юмаа гээд шууд халгиад л хариулчихаж байсан. Шинэхэн сэтгүүлч байхад миний зочин л үнэнийг хэлсэн юм шиг автах, сурвалжилсан нэгэндээ татагдах явдал гардаг л юм. Та өнөөдөр ч надад яг тийм үгээ хэлж чадах уу. Найруулагчийн тань тэр сонин халуун чанар хэвээрээ юу?
-Чи хэцүү хүн юм аа. Би хариулна, наад асуултад чинь. Учир нь чи хариулмаар санагдтал нэг тийм донжтой өнгөөр асууж байна л даа.
-Тэгээд та яг тэр үеийн үгээ хэлж чадах уу?
-Чадна. Би яг үнэнийг хэлье. Тэр чанар одоо ч байж л байна. Би “Монгол Тулгатан 100 эрхэм”-ийн хойморт ирсэн бүх хүндээ хайртай. Би Ж.Оджаргал, Л.Чинбат, Н.Энхбаярт хайртай. Яагаад гэхээр би энэ хүн л цорын ганц үнэнийг ярьж байна гэж бодож, дурлаж 100 хувь итгэж, өвчилж байж тэр жаран хүний цадигийг бүтээсэн. Тэгж шатаж хийдэг болохоор тэрнийх нь эсрэг юм ярихаар дургүй хүрээд байдаг. Энэ чинь л уран бүтээл. Би тэр утгаараа 100 эрхмийнхээ бүх хүмүүст хайртай. Ярьсан бүх юм нь үнэн гэж боддог.
-Тэгж ажилласан амьдралын тань хэсэг хэсгийг бүрдүүлээд, тантай цуг байсан баатруудаас нэлээн хэд нь энэ хорвоог орхилоо. Тэр дүрүүд чимээгүйхэн, нэг л өдөр сонсоход хорвоогийн амьдралаас алга болчихсон байх нь танд ямар мэдрэмж өгдөг вэ?
-Надад ийм л зүйл бодогддог. Одоо шилжилтийн үе гээд бүгд л учраа олохгүй шуугилдаж байна. Нэг нэгийгээ сонсохгүй маш олон сар жилийг өнгөрөөж байна. Яагаад бид бие биенээ сонсохгүй байна вэ гэсэн бодол л их төрдөг байсан. Тийм учраас камерын өмнө монголчуудыг суулгах гэж, нэг нэгнийх нь туулсан амьдралыг сонсгох гэж би энэ төслөө хийсэн. Монголчууд өөрсдийгөө, өөрсдийнхөө түүхийг үнэлдэг, хүндэтгэдэг болохоос бидний бусдад хүндлэгдэх эсэх хамаарна гэж боддог учраас ийм ажил хийдэг болсон. Хийх тусам бидэнд энэ улс орныг, энэ нийгмийг бүтээлцэж авчралцсан тэр агуу хүмүүсийг хайрлах болсон. Мэдээж тэр сайхан хүмүүс яваад өгөх маш гунигтай. Тийм болохоор би нэвтрүүлгээ нэг их эргэж үздэггүй. Бүх дурсамж санагдаж, маш их хэцүү байдаг. Би нэвтрүүлгээ үздэггүй. Би монтажаа дуусгаад ахиад нэвтрүүлгээ хардаг ч үгүй болсон. Яагаад гэвэл тэр нэвтрүүлгүүдийг үзэхээс айж, түүнээсээ болоод авч байгаа сэтгэлийн зовиурууд маань надад тээртэй санагддаг.
-Тэгэхээр та найруулагчийн хувьд хэтэрхий бардам хүн юм биш үү. Ажлаа үзээд дараа нь үүн дээр анхаарах ёстой юм байна, энд алдчихаж, тэнд хэтрүүлж гэж шинжлэхгүй байх нь. Эсвэл ард тань том баг, институт ажилладаг болохоор уу?
-Хоёр дахь нь. Том баг, институт миний ард байдаг болохоор. Бүгд өөр өөрийн хариуцсан ажилтай. Миний хувьд зүгээр л гол дүрийг сонгох, хэлэлцэж зөвшөөрүүлэх, дараа нь түүндээ “дурлах” ёстой. Түүний хэлэх гэж байгаа бүх гоё юмыг гаргаж ирж, түүний талд байна. Хуульчаар бол өмгөөлөгч байж түүний төлөө бүхнийг хийнэ. Түүний төлөө л ажиллана. Тэр утгаараа би монголчуудын олон эрхэм нандин хүний амьдралын түүхээр аялагч, амьдралаар нь амьдрагч болсон. Энэ утгаараа би үргэлжлүүлээд олон зуун хүний хөргийг хийгээд л байвал бүх хүнийг эвлүүлэх гэж хичээгч болох юм билээ. Яалт ч үгүй бүхнийг эвлүүлэх гэнэ. (инээв) Би тэр хүний тухай бүхнийг мэдчихлээ. Гэрт нь ороод, эхнэрийнх нь хоолыг идээд нэг хэсэгтээ тэдний хамаатан шиг болоод, амьдралынх нь тухай болон бүх хов живийг нь сонсчихсон. Би шууд л тэдний гэр бүлийн гишүүн шиг болчихсон явж байгаа юм. Би П.Очирбат гэдэг хүний гэр бүлийн гишүүн нь болчихож байгаа юм. Өөр газар, өөр яриа хөөрөө дэлгэсэн газар би тэр хүний маань тухай сэдэв таагүй байдлаар хөндөгдвөл хамаатан нь юм шиг хамгаалдаг. Энэ маш хэцүү. Тэгээд хэн нэгэн нь нас эцэслэхээр яг л нэг төрөл саднаа алдаж байгаа юм шиг шаналж, хамт нас эцэслэдэг. Эргээд тэр байдлаас гарах гэж зовно.
-Аргагүй та сэтгүүлч биш найруулагч хүн юм даа?
-Би яг үнэнийг хэлье. Би танай мэргэжлийн хүн биш зүгээр л сэтгэлээрээ хийж байгаа юм. Уучлаарай, танай сэтгүүлч нар намайг нэг юманд дандаа буруутгадаг. Үргэлж мэргэжлийн бус хүмүүсийг ажиллуулж, мэргэжлийн бус хүнээр хөтлөгч хийлгэдэг гэж. Би энэ шүүмжлэлийг буруутгахгүй. Би байдаг гэдэг зүйлээс өөр зүйл харахыг хүссэн юм. Би 3+2=6 гэж хийхийг хүссэн.
-Сул дорой, хоорондоо байнга үзэлцэж байдаг, хувийн хэвшилд хамрагдаж яваагаа ч ойлгоогүй нөхөд олонтой задгай зах зээл дээр орж ирж дуртайгаа хийж байна гэж таныг шүүмжилсэн маань үнэн.
- Одоо ч гэсэн энэ салбарынхан нэг их хүлээж авдаггүй. Гэхдээ ард түмэн хүлээж авдаг. Сэтгүүл зүйн дүрмээр тоглоё гэж анхнаасаа бодоогүй. Хэрвээ тэгвэл би байдаг л нэвтрүүлэг хийх гээд байсан. Тэр утгаараа би ёс зүйгүй үйлдлүүдийг олон хийсэн. Хасагдах, таслагдах ёстой бичлэгүүдийг дандаа би ил тавьсан.
-Тухайлбал Б.Лхагвасүрэн гуайн Н.Жанцанноровтой муудалцаад стакан шидэж байгаа бичлэг гээд л үү?
- Тэр бол танай сэтгүүл зүйд байхгүй зүйл. Бууз идэж, архи ууж, тамхи татаж байгаа дүрсийг хайчлах ёстой. Гэвч би тэгээгүй. Би бодит амьдралыг харуулахыг хүссэн. Сэтгүүл зүйд би өөр юм үзүүлье л гэсэн. Тэр утгаараа хар, цагаан дүрс бичлэгүүд гардаг, гэнэт өөр дүрс ордог стиль телевизэд бий болсон.
-Ар талын юмыг үзүүлдэг, лаборатори гаргаад л унадаг хэв маяг дэлгэрч эхэлсэн гэж үү?
-Баримт, баримттай харьцах соёл дагаад илүү нээлттэй болж өөрчлөгдсөн.
-Юм дандаа хоёр талтай. Нэг талдаа 3+2=6 гэдгийг хийж, өөрчилж, юмны цаадахыг гаргах гээд байгаа юм шиг хичээлт явж. Мөрөөдөл дандаа гоё л доо. Нөгөө талдаа хулгайгаар бичих, сюрприз маягаар тийм бичлэгүүдийг зочны өмнө гаргаж довтолгоо хийх, бичлэг дагасан арилжаа явагдах гэх мэт муу жишиг болгож манайхан хөгжүүлж байна.
-Ер нь жинхэнэд хүрэх зам угаасаа хэцүү байдаг. Арга барил ямар ч байж болно. Нэг талдаа сэтгүүл зүйд харш, ёс зүйгүй байгаа юм шиг боловч нөгөө талдаа илүү нээлттэй түүх яриулж, илүү үнэн бодитыг үзүүлж чадсан.
-Эдгээр стандарт бус шийдлүүдээсээ болоод “Херо”-ийн Баатар аюултай, юу ч хийж мэдэх нөхөр юм байна. Хамт байгаа бүсгүйгээ ч нууцаар бичдэг, итгэж болохгүй хүн гэх нэр хоч зүүлээ. Энэ салбарт 30-аад жил явж ирэхдээ хэзээ ч сонсож байгаагүй хатуу хүтүү үгээр зодуулж, чулуугаар нүүлгүүлсэн байх?
-Тодорхой хэмжээгээр улс төр ороод ирсэн. Улс төр үнэхээр бохир юм байна гэдгийг л мэдэрсэн. Улс төрийн сонгуулийн үе таарсан. Намбарын Энхбаярын эхнэр О.Цолмон эгч бид хоёр ярилцлага хийсэн. Бид нэлээн удаан ярьсан. Ярьж байх явцад орно, гарна. Тэр хугацаанд бичлэг урт хийгдсэн. Намбарын Энхбаяр “Монгол Тулгатан 100 эрхэм”-д орж байгаа гэх мэдээлэл бол нэлэнхүйдээ тархчихсан байсан шүү дээ. Нэвтрүүлэг хийгдсэн. Н.Энхбаяр дарга талийгаач С.Зоригийн хэрэгтэй холбоотой зүйл ярьсан гэнэ гэсэн яриа мөн тархсан байсан юм билээ. Энэ дугаараас л наад бүх таагүй зүйлс чинь эхэлсэн.
-Ер нь “Монгол Тулгатан 100 эрхэм”-д Н.Энхбаяр орж байгаа. Намуудад болон зарим лидерүүдэд таалагдахгүй юм олныг ярьж гэнэ гэсэн яриа улс төрийн хүрээнд тархчихсан байсан л даа. Сонгуулийн үе ч байсан.
-Намайг Солонгосоос ирсний дараа Намбарын Энхбаярын нэвтрүүлгийг хийж байгаа юм байна. Хар материалыг нь өгөөч гээд Монгол Улсын томоохон хоёр, гурван улстөрч гуйсан. Өөрсдөө мэдэж байгаа. Би үгүй гэсэн.
-Тагнуулын оролцоотой үйл ажиллагаа явсан юм биш үү. Ингээд харахаар нэг нөхрийг хийчихсэн байж магадгүй гэх хар төрдөг.
-Би бас тэгж боддог. Би хуулийн дагуу олон гомдол бүх л талаас нь гаргасан.
-Гэтэл хэн нэгэнд зарчихлаа, маш их мөнгөний наймаа гэсэн яриа гарсан. Эсвэл Х.Баттулгад өгчихсөн гэх мэтээр... Харин та өнөөдөр өөрийгөө яаж хамгаалж чадах вэ?
-Би өөрийгөө тэгж муухай харагдуулах зүйлийг өөрөө хийх үү. Намайг л муухай харагдуулах гэсэн бичлэг гарсан биз дээ. Хүмүүсийг тэрийгээ, энийгээ ярь гээд л. Тулга (одоогийн Ерөнхийлөгчийг хэлж байна) гэдэг хүнд зарлаа гэж бодъё. Би үнэнийг л хэлье. Тулга гэдэг хүн манай нэвтрүүлгийн бүх л зардлыг гаргадаг байсан. Хэрэв тэр хүн Баатараа бичлэгээ өг гэвэл би өгөх л байсан. Ёс зүй байхгүй, зүгээр л худалддаг гар байсан бол өгчих л байсан.
-Тэр дунд Х.Баттулгын тухай сөрөг юм байгаагүй нь бас сонин?
- Н.Энхбаяр гуай Х.Баттулгын эсрэг юм нэвтрүүлэгтээ яриагүй. Үзээд үзээд байхгүй. Өөр дээр нь ирж болох энэ олон рискийг сонин биш гэж бодож, тэр тусам өөртөө гал аваад Тулга гэж хүн манай багийн зардлыг гаргаад явуулсан.
-Мэдээж Н.Энхбаяр бол тэр үед хамгийн сонирхолтой зочин мөн байсан. “Монгол Тулгатан 100 эрхэм”-ийн нэг ч мөн. Тэр тусмаа Ерөнхийлөгчийн сонгууль болж байдаг?
-Хамгийн эрэлттэй дүр. Олон шоунаас “Монгол тулгатны 100 эрхэм”-д зөвшөөрсөн. Бид ч их баярласан. Явцгаасан. Манай бичлэгийн хар материалыг ТЕГ-ын дарга асан Б.Хурц гэдэг хүн тусгай ажиллагаа хийж аваад цацсан л гэж би боддог. Тийм мэдээлэл ч байдаг. Нэгдүгээр зэргийн мэдээлэлтэй хүмүүс ч хэлж л байсан. “Тийм ээ, Баатараа танайд тусгай ажиллагаа явуулж хар материалыг авсан” гэж. “Eagle” телевизийн ой болдог өдөр бид Шангрилад арга хэмжээн дээр байсан юм. Яг тэр үед файл зөөгдсөн байсан.
-Бичлэг цацагдчихлаа. Олон хүн тал талд таагүй байдалд орсон. Та хэвлэлийн бага хурал зарлаж, үзэгчдээс уучлалт гуйсан. Харин хоёр зочноосоо яаж уучлалт гуйв даа. Тэр л хамгийн халуун биз дээ?
-Энэ нэвтрүүлэг амжилттай явсан. Улс даяараа л үзсэн. Уг нь улс төрд нөлөөлөөд байх зүйл байгаагүй.
-П.Анужинд нөлөөлсөн. Нэр дэвших нь тодорхой болчихсон үед намынх нь олон кадрууд дургүйцэхүйц бичлэг цацагдсан шүү дээ. Би П.Анужин хөтлөгчтэй энэ сэдвээр ярилцсан гэдгийг та санаж байгаа байх?
- “Энэ нэвтрүүлэг ингэж явах нь аль аль талдаа контрольгүй болоод эхэллээ. Хурдан гал зуухыг нь бөмбөгд” гэсэн байх л даа. Нэг номерын хүн, ТЕГ-ын дарга нь “Баатар өөрөө зарчихсан шүү дээ” гэвэл хэн ч итгэнэ. Баатар бол новш л гэцгээнэ. Би “Зуун эрхэм”-ийг хийхээс өмнө муу нэртэй уран бүтээлч байгаагүй. Хийдгээ хийгээд л явж ирсэн. Ийм юм задалсны дараагаар ахиад Баатар “Зуун эрхэм” болоод өөр юу ч хийж чадахгүй. Хэн итгэх юм гэж тэд нар тооцсон байх л даа.
-Та нэр төрөөрөө хохирогч болсон тэр хоёр зочинтойгоо ахиж уулзсан уу?
-Уулзалгүй яахав. Н.Энхбаяр гуай болон эхнэртэй нь уулзсан, уучлалт гуйсан. Гэхдээ энэ хоёр маань хаана юу болсон талаар надаас илүү мэдээлэлтэй байсан. Н.Энхбаяр дарга нэвтрүүлэг хийж байх хугацаанд намайг хэн бэ гэдгийг мэддэг болсон. Тэр утгаараа хэзээ ч энэ акцинд итгээгүй. Мэдээж нэвтрүүлэг хөтөлж байсан эмэгтэйн хувьд хүнд цохилт авсан нь тодорхой. Албаар тэгж хагалъя гэсэн зорилгодоо манайд халдсан хүн хүрсэн л дээ. Гэхдээ нэвтрүүлгийг зогсоож чадаагүй. Магадгүй нэг салаа мөчрийг нь тасалж авсан нь үнэн.
-П.Анужин салаа мөчир л байсан уу?
- Нэвтрүүлгийн салаа мөчир.
-Тэр өөрийгөө нэвтрүүлгийн санаачлагч, хөрөнгө оруулагч гэж мэдэгддэг шүү дээ. 100 мянган долларын хөрөнгө оруулалт анх хийсэн гэдэг.
- Хамгийн түрүүнд энэ нэвтрүүлгийг санаачилсан гэдгийг би үнэхээр хүлээн зөвшөөрч чадахгүй. Би худлаа ярьж чадахгүй. Надтай энэ төсөл дээр анхнаас нь хамт ажилласан 10, 20-оод хүн бүгд амьд сэрүүн байж байна. Харин Лхагваа ах маань л бурхны оронд одчихлоо. Би Анугийн талд орж ч юм уу, эсвэл ямар нэг байдлаар нэр хүнд олох гэж “тийм шүү дээ” гэж үнэхээр худал хэлж чадахгүй нь. Энэ ажил түүний карьерт сайнаар нөлөөлөөсэй гэж л бодож явсан. Нэвтрүүлгийн хөрөнгө оруулалтын хувьд эхлээд түүний нөхөр А.Эрдэнэбат хөрөнгө оруулалт хийсэн. Мөн тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалт маань буцааж төлөгдсөн. Нэвтрүүлэг ганцхан хүний хөрөнгө оруулалтаар босно гэж байхгүй. Телевизийн нэг камер, сэт дурантайгаа 900 гаруй сая төгрөг. Дуран, хөл, бүх юмтайгаа нийлээд нэг камерын сет бараг л тэрбум төгрөгийн үнэтэй байдаг. Би энэ зах зээлд хэдэн жил ажиллаж байгаа билээ. Хоёулаа хар залуугаасаа бие биенээ мэднэ шүү дээ. Б.Баатар лаг байхаасаа илүүтэй техник нь мундаг байх хэрэгтэй. Тэгж байж би нэг номерийн үнэлгээтэй байна. Б.Баатар яагаад үнэтэй юм хийдэг вэ гэхээр тоног төхөөрөмжийнхөө зардлыг нөхөхийн тулд. Тиймээс ч манай “Херо”-ийн хийсэн юмны өнгө нь гоё, дээд зэрэглэлийн байдаг. Дуучнаа хөөрхөн харагдуулах, хөтлөгчөө сайхан харагдуулдаг нь техникийн ач. Мэдээж гэрэл, техникийн асуудал телевизийн урлагт хичнээн чухлыг чи өөрөө мэднэ. Нэвтрүүлэг нэг хүн хөрөнгө оруулалт хийгээд ч бүтчихдэг юм биш. Тийм бол бүгд л нэвтрүүлэг хийж болно. Тэгж ямар нэгэн юмыг хэт дөвийлгөж, бүхэл бүтэн салбарын ажлын үнэ цэнийг хэт доош нь унагаж ч болохгүй.
-Эр хүний хувьд эмэгтэй хүнийг урдаа барьдаг, хүчийг нь ашиглагчийн дүрд үлдэхийг та хүсэхгүй байгаадаа ингэж байгаа юм биш биз дээ?
-Би телевизийн тоног төхөөрөмжийн үнэ ханш, ер нь энэ салбарт хийгддэг аливаа төслүүдийн үнэлгээг яаж харах ёстойг л ярьж байна. Тухайн нөхцөлд намайг янз бүрээр хэлээд тэр орон зайдаа бүтэн үлдэж чадаж байгаа бол болж дээ. Тэртээ тэргүй цаг хугацаа хэн нь хэн байсныг харуулна. Б.Баатарыг новш гэж хэлээд хэсэг бүлэг хүмүүсийн дарамтаас гарч чадаж байвал болж байна. Гэхдээ дотроо тэр хүн намайг хайрлана. Миний дайсан ч намайг хайрлаасай гэж би боддог. Надад дургүй байсан ч мөн чанартаа хайртай байгаасай. Намайг өнөөдрийнхөө ааш авираар гишгэлж, новш гэж хэлж болно.
-Би таны хувийн орон зай руу халдаж байж магадгүй шүү. Энэ проектод цохилт өгөхгүй бол болохоо байсан байна. Сонгуулийн үеэр эвгүй зочид орж байна, олон нийтэд мессеж өгөөд байна гээд тусгай ажиллагаа явуулсан гэж та хэлж байна. Хажуугаар нь “Монгол тулгатан” тойрсон асуудал сонгуулиас илүү дуулиантай байлаа. Танай нэвтрүүлгийн хөтлөгч, найруулагч хоёрын хувийн харилцаа их том сэдэв байсан. Зураг, бичлэг гээд л. Хайр дурлал, үзэн ядалт хоёр хоорондоо сөөмийн зайтай гэдэг. Тэрэн шиг хайр дурлал байж байгаад илүү их том дайнд хүрчихсэн юм биш үү. Та энэ асуултын хариуд юу гэж хэлэх вэ?
-Мэдээж худлаа ярьж болохгүй. Хувь уран бүтээлч хүний хувьд би дотоод мөн чанартаа үнэнч үлдэх ёстой шүү дээ. Тэгээд ч урилгыг чинь хүлээж авахдаа болзошгүй бүх асуултууд ирнэ гэдгийг мэдэж байсан.
-Хаа сайгүй найруулагчдын амьдралын түүх их сонирхолтой байх нь түгээмэл таардаг. Гол дүрийн жүжигчин эмэгтэй, найруулагч хоёр холбогдоогүй түүх ховор юм шиг?
-Миний хувьд би бүх зүйлийг өөрийгөө түүгээрээ хөглөж, дурлаж хийдэг. Хийж байгаа зүйлдээ зүрхнээсээ дурладаг. Дүрстэй зар, жижигхэн клип, хуримын бичлэг байсан ч би гоё хийхийг боддог. Энэ бол миний уран бүтээлийн мөн чанар. Би худлаа яриад яахав. Түүнд сайн байсан. Дурласан нь үнэн. Гэхдээ үүнийг үгүйсгэх нь зарим хүмүүст хэрэгтэй байсан шалтгаан олон бий. Би хэлж мэдэхгүй байна. Хайр сэтгэл дандаа бүтэлтэй байх албагүй. Бүтэлтэй байх нь ч магадгүй утгагүй. Нэг талдаа ийм байгаа нь ч бас гоё.
-Ер нь яагаад хөтлөгчөөрөө П.Анужинг сонгосон юм бэ. Та энэ улсын хамаг л гоо бүсгүйчүүдтэй ажиллаж үзсэн хүн. Үнэхээр тэр онцгой юм уу. Төслөө эхлэхдээ эрсэн хүнээ олчихлоо гэж бодсон уу?
-Онцгой. Магадгүй энэ төсөлд орсондоо Ану нөхөртөө баярлах хэрэгтэй. А.Эрдэнэбат надтай анх Ануг танилцуулж байсан л даа. “Манай эхнэр улс төрд орох гэж байгаа. Ямар түлхэц байвал зүгээр вэ” гээд. Тэгээд бид уулзцгаасан. Үнэхээр гайхалтай авьяастай эмэгтэй байсан.
-Авьяас уу, мэдрэмж үү. Таны үнэлгээ мэргэжилтний үнэлгээ учраас тодруулж байна л даа?
-Авьяас байлгүй яахав. А.Эрдэнэбатын хоолыг хийсээр байгаад гэртээ өнгөрөөсөн бол харамсалтай байхуйц мэдрэмж. 50:30-ын орон зайд нэвтрүүлэг хийгээд хөтөлж чадаж байвал авьяас. Бүгд тэр босгох гэж байгаа төсөл дээрээ ажиллацгаана шүү дээ. Бүтэн анхаарлаа өгнө. Тал талын оролцоогоор тухайн хүнийг хөгжүүлж авна. Тэрийг туулж чадаж байвал авьяас. Би тэрийг авьяас гэнэ. Авьяасгүй гэж хэлэхгүй. Энэ ширээний ард би үнэнийг ярья л гэж ирсэн. П.Анужин бол авьяастай, мэдрэмжтэй. Би авьяасгүй хүмүүстэй хэзээ ч хамт ажилладаггүй. Би авьяасанд хайртай. Би юм чаддаг авьяастай бүх хүнд хайртай.
-П.Анужин ажиллахад хамтрагчийн хувьд хэр хамтрагч вэ. Би олон найруулагчтай ярилцаж байсан. Зарим эмэгтэйчүүд “Од” болонгуут л ийш тийш дэрвэлзэж эхэлдэг, зан ааш нь там болж, хамаг нерв барж эхэлдэг. Харин зарим нь өшиглөөд авсан ч ачааллыг улам гүргэр авсаар жинхэнэ мэргэжлийн оргил руу очдог юм даа, тун цөөхөн нь шүү гэж нэгэн найруулагч надад ярьж байж билээ. Ер нь хэр тэсвэр тэвчээртэй вэ. Юм хийхэд яг баримал шиг байж чаддаг уу?
-Үнэхээр баримал шиг, ямар ч хэлбэрээр байж, ямар ч хэлбэрт хувирч чаддаг уран бүтээлч болсон. Тэр хэмжээний тэсвэр тэвчээр, чадвар, мэдрэмжтэй байж л хүний баримлыг барина. Та өөрийнхөө хэмжээний найруулагчтай л ажиллана биз дээ. Таныг үймүүлж, уур хилэнг чинь бадрааж, бас догдуулж, хүч нөөцийг тань гаргаж чадахгүй найруулагчтай та ажиллахгүй.
-Нэг тийм гэрэлтэй, тэгсэн хэрнээ хулигаандуу, яаж ч харагдахаас сийхгүй, дээрээс нь бас охидын шүтээн хөвгүүд байдаг даа. Таны доторх тэр хөвгүүн алга болоогүй юм шиг байна.
-(инээв) Би тийм мундаг залуу биш байх аа. Болдог бол тэр хөвгүүнээ дотроо байлгаад л байхсан. Гэвч амьдрал өөрчилж байна шүү дээ.
-Тийм үү. Уучлаарай, бичлэгний тухай дахин нэг асуулт байна. Сонгуулийн үеэр танайх М.Энхболд даргын тухай “Бүрэн зураглал” гээд нэвтрүүлэг хийсэн. Eagle телевиз дээр хийгддэг. Тэр үед хажуу өрөөнд нь “Ардын буйдан”-гаар М.Энхболдыг гөвүүлээд л сууж байсан гэж үнэн үү. Мэдээж энэ төслүүд ялгаагүй маш том төлбөр тооцоотой, олон хүн цалинжуулж байгаа ажил. Үнэгүй юм гэж энэ хорвоод байхгүй. Сонины зай талбай, редакторууд, найруулагчид, зураглаачид, сэтгүүлч нарын хөдөлмөр үнэгүй байна гэж байхгүй. “Яахаас ч буцахгүй ах дүү хоёр гарч ирж дээ” гээд л олон улстөрч энэ тухай ярьж байсан. Тэгээд ч таны дүү Л.Оюун-Эрдэнийг сонгууль дуусангуут таны хийсэн бүх ажилтай холбож эхэлсэн. М.Энхболдыг унагах ажиллагааны гүйцэтгэлийг ч Л.Оюун-Эрдэнэ амжилттай хийсэн. Үүнд та хариулаад өгвөл зүгээр байна?
-Дүү маань сонгуулийн үеэр сошиалыг хариуцаж ажиллаж байсан гэдгийг та мэднэ. Миеэгомбын Энхболдтой сонгуулиас өмнө би уулзсан. Надад тодорхой хэмжээний санал тавьсан. Хэр баргийн хүн татгалзахааргүй санал тавьсан л даа. Би тоог нь хэлэхээ болъё. Гэхдээ би тэгж явахгүй. Х.Баттулга гэдэг хүнийг өрсөлдөөнд орж байхад би боломжгүй. Бидний дунд мөнгөнөөс илүү нөхөрлөл байна. Тийм учраас энэ хүнтэй сонгуульд ялсан ч ялагдсан ч хамт байна гэж хэлсэн. Өөрөө ч үүнийг гэрчилнэ.
-Дүүгийн тань хувьд МАН-ын гишүүн. М.Энхболд гэдэг нэр дэвшигч намын дарга нь?
-Би дүүгээ яагаад илүү их үнэлдэг болсон гээч. Тэр сонгуулиар надтай нэг ч удаа уулзаагүй. Би нэг талдаа гоморхоод л, сонгуулиас болж надтай уулзахгүй, миний утсыг блоклоод ямар сонин юм бэ гэж бодож байсан. Тэр хүн ерөнхийлөгчийн сонгуулийн пиар хариуцан ажиллаж байгаа учраас нэг удаа ч надтай яриагүй. Нэг талдаа би дүүгээ үнэлсэн боловч ахын хувьд гоморхох сэтгэл төрж л байсан. Энэ одоо сүртэй юм гээд л. Сонгууль дуусч, бүх зүйл болоод өнгөрсөн. Би өөрийн кондидатыг ялуулахын тулд бүхнийг хийсэн. Би ёс зүйтэй, цагаахан байсан гэж хэлэхгүй. Бүгдийг хийнэ л гэж бодсон. Өөрийн чадах чинээгээрээ л байсан. Гэхдээ би Миеэгомбын Энхболдын гэрт нь очиж бичлэг хийгээгүй. Хулгайн бичлэгүүдийг дандаа өөрийнх нь хамгийн ойрын хүмүүс авчирч өгдөг байсан. Золголт энэ тэр гээд бичлэгүүд нь цацагдсан даа. Бүх л бичлэгүүдийг тэд өөрсдөө авчирч өгсөн. Х.Баттулгын ойрын хүмүүс очиж бичлэг хийгээд л, Б.Баатар очоод бичсэн зүйл байхгүй. Мэтгэлцээн дээр нь бас бид очиж бичлэг хийнэ гэж байхгүй. Хамгийн ойрын хүнээрээ л хийлгээ байлгүй. Өөрийнх нь хүмүүс л Миеэгомбын Энхболд гэдэг хүнээс урвасан байхгүй юу. М.Энхболд ойр тойрныхоо зарим хүмүүст л гомдох хэрэгтэй. Түүнээс Х.Баттулга, Б.Баатар гэдэг хүнд гомдох ёсгүй. Л.Оюун-Эрдэнэ хэзээ ч тэр мэтгэлцээнийх нь асуудалд оролцоогүй. “Бүрэн зураглал” нэвтрүүлэгт Л.Оюун-Эрдэнэ огт хамаагүй. Сонгууль болдгоороо болж Х.Баттулга гэж хүн яалт ч үгүй гараад л ирсэн. Энэ бол үр дүн. Мэдээж нөгөө тал алдаа хайж таарна. Тэгэнгүүт л “Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн ахтайгаа нийлээд таныг унагачихлаа” гэсэн. Нэр дэвшигчээ унагасан улсууд шалтгаа улам л үнэмшилтэй болгох гэж хичээнэ. “ Олон ч бичлэг дамжигдаж цацагдсаныг хэлэх үү. “Б.Баатар л дүүтэйгээ нийлээд унагалаа” гээд бүгд очиж хэлсэн. Хариуд нь мэдээж миний дүү цохилтод орно. Би яагаад Оюукыг сонгуулиар үхтлээ ажиллаж ажиллачихаад М.Энхболдод дургүй болсон юм бол гэж олон талаас нь бодож, судалж үзсэн. Өөрөө л хардаад шархлуулаад залуу үеэ үргээчихсэн юм билээ. Чин сэтгэлээсээ өөрийнх нь төлөө явж байсан хүнийг гишгэлэхээр тэр хүнд юм бодогдоно биз дээ. Муутай сайнтай нь лидер гээд багтаагаад харж байхад, зүтгэж байхад ингээд байхдаа яадаг юм гэж олон хүн гомдсон, холдсон. 60 тэрбумын бичлэг дээр өөрөө байсан. Анхнаасаа яагаад худлаа хэлсэн юм. Хүн нэг худлаа ярихаар цаашаагаа худлаа яриад л явдаг. Буруу нь дандаа өөрөөсөө. Сонгуулийн үед өөрийнх нь төлөө зүтгэж байсан олон залуусыг нулимсан. Хардаж сэрдэх мэтийн жижиг сэтгэл тээсэн. Тэгээд л энэ намын шинэчлэл ийм лидертэй урагшлахгүй юм байна, эсвэл лидер биш байж гэж голох үзэгдэл эхэлсэн. Ингэж яалт ч үгүй хувьсгалын тохироог өөрөө бүрдүүлсэн. Лидер хүн сайнтай муутай нь залгиад л, зангидаад л цаашаа урагшлах хэрэгтэй. Гомдол яриад л, өчүүхэн хов живээр амьдраад, нөхдөө хардаж сэрдээд, ялгаж зааглаад байвал хэн лидер гэх юм.
-Х.Баттулга бол бизнесийн салбараас улс төрд орж ирсэн хүн. Түүний тухай янз бүрийн бичлэг гарч ирвэл ирнэ. Адилхан залуу нас байсан уу гэвэл байсан. Харьцангуй янз бүрийн юм туулдаг салбарт олон жил ажилласан хүн. Гэтэл хэн ч авчраагүй. Харин М.Энхболд өөрийн багтай юм шиг, бат бөх харагдавч яг нэдэр дээрээ баггүй болчихсон хүн байсан юм биш үү?
-Мэдээж баггүй. Тэр хүнд органик фанатууд байгаагүй. Тулга бол төрчихсөн фанатуудтай. Өөрийнхөө өмнөөс үхэхэд бэлэн фанатуудыг амьдралаараа Тулга бий болгосон. Гэр нь шатахад гэр өгч, өвчин зовлон тохиолдоход хамт амьдарч чадсан. Тэгээд тэрийгээ рекламдаад байдаггүй, хүнлэг, өөрийн мөн чанарыг өөртөө бий болгосон лидер. Магадгүй энэ нь лидер болгонд байгаад байдаггүй ховорхон чанар байх. М.Энхболд өөрийгөө дандаа цагаатгаж, бүх алдсан алдаа, завхралаа бусаддаа тохдог хүн юм байна. Энэ удаа ч залуу үедээ тохсон нь өөрийнх нь буруу. Үүнээс болж өөрийн лидерийн орон зайгаа алдсан. Гэхдээ л бас том лидер. Сонгуулийн өмнө надтай харьцаж байхад нь би М.Энхболдыг шүтсэн. Үнэхээр лаг сэтгэгдэл төрүүлсэн. “Хэрэв тэгж бодож байвал би чиний саналыг үнэлж байна. Чи мундаг эр байна” гэж хэлсэн. Намайг мөнгөнд худалдагдчих хогийн гар мөн үү, биш үү гэж тандсан байх. Намайг үнэлсэн. Дайсандаа үнэлэгдэх гэж үүнийг хэлнэ биз дээ. (инээв)
-Таныг залхааж байгаад уучлаарай. Ахиад нэг бичлэгний тухай асуулт байна. П.Анужин та хоёрын эротик шинжтэй ярианы бичлэг алдагдсан. Яг л хамт байхдаа биччихсэн юм байна гэж олон нийт ойлгосон. Машинд тань чагнах төхөөрөмж тавьчихсан байсан тухай П.Анужин миний ярилцлагад орохдоо хэлж байсан. Та улс төр гэдэг эвгүй сэдэв дээр ажиллаж байгаа хүн байж тийм болгоомжгүй явсан гэж үү. Машин, утсыг тань чагнаж байна гэсэн сэжиг огт төрөөгүй юу?
-Би тэр ажил дээр гол дүрийн хүн нь биш шүү дээ. Би тайзны ард ажилладаг, өөр чиг үүрэгтэй хүн.
-Танай студийг очиж шалгаад, хааж боох гэсэн хандлага илэрхийлж байх тэр үед цочроо аваагүй юм уу?
-Ерөнхийдөө би тайзны урд биш ард нь байдаг хүн. Улс төр, урлаг, уран бүтээлд ч тэр. Тэр утгаараа миний амьдралын асуудал энэ хүмүүст сонин биш гэж бодсон.
-Хуучин эхнэрээс тань хүртэл очиж ярилцлага аваад л байсан биз дээ?
-Үнэхээр энэ талаарх мэдээлэл ард түмэнд хэрэгтэй байвал өгье л дөө. Ганчимэг ээ, чамд би өөрийн өвөг дээдэс, эмээ Чимэдцэрэн гэж хүнийхээ нэрийг барьж андгайлах уу. Би эмээ дээрээ өссөн хүн. Би нэг ч бичлэг хийж, нэг ч яриаг хулгайгаар тавьж байсан удаа байхгүй. Би үргэлж бичлэг хийдэг ажилтай хүн. Гэхдээ ёс зүйд гажууд юм хийгээгүй. Би Анугийн бичлэг, янз бүрийн нүцгэн шалдан зургийг гаргаж тавиагүй. Би гаргаж тавих хүн биш. Надад утсаар бичлэг хийх мэдрэмж, чадвар, мөн чанар байхгүй. Үүнийг би өөрөө батлан хэлье. Тэр гэр орон, машинд бичсэн бичлэг бүгд гэрчтэй байгаа. Гэхдээ би энэ тухай ярьснаар маш олон хүнийг дагуулах нь. Би өөрийгөө цагаатгах гэхээр маш олон хүнийг ил болгох гээд байдаг. Маш олон хайрладаг хүмүүсээ, надтай үнэт зүйлээр холбогдсон хүмүүсээ үгүйсгэх гээд байдаг. Энэ хүмүүсээ ил гаргах нь миний хувьд утгагүй. Би тэднийг хартай, цагаантай нь дотроо тээж явъя. Би новшоороо тэд нар маань сайнаараа дуусаж байвал болж байна. Б.Баатар новш байгаад тэд аз жаргалтай байвал болоо. Би ард түмэнд таалагдаж амьдардаг улстөрч, рок попын дуучин биш. Би уран бүтээлч. Миний ойрын таван хүн ойлгож байвал болоо. Б.Лхагвасүрэн, миний аав, ээж намайг тийм хүн бишээ гэдгийг ойлгож байвал болоо. Намайг тэгж гүтгэсэн хүн дотроо Баатар дуугүй байна даа гээд намайг үнэлж байгаа. Энд тэнд очиж орилсонгүй дээ гэж хүндэтгэж байгаа. Хэрэв би бүгдийг нүцгэлээд яривал би өөрөө новш болж хувирна. Би Херо гэдэг нэрэндээ багтахгүй гар болж хувирна. Жижигхэн ганц хоёр гүтгэлгийг, Баатар бичлэг хийсэн гэдэг худлыг дааж чадахгүй бол энэ чиний өмнө сууж байгаа Баатар байсны хэрэг юу байгаа юм. Миний дайсан, намайг хайрлаж байсан бүсгүй, надад сайн байсан бүсгүйчүүд, найз нөхөд минь тэрүүгээрээ гоё байг. Энэ даацыг дааж байна гээд дотроо хайрлаж явбал боллоо. Ану намайг магтаасай гэж хэзээ ч би жишээ нь боддоггүй. Дотроо л баярлаж явбал болно. Түүнээс биш “Би буруугүй шүү дээ, оюуны өмчөөр баталгаажуулсан юмыг чинь харъя, чи хэн байлаа, би хэн билээ” гээд бүх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг аваад явбал адилхан л новш харагдана. “Үнэн байна л даа, гэхдээ энэ ямар муухай гар вэ” гэж бодно. Энэ Баатар бол тийм биш. Миний дайсан хүртэл намайг бодож байвал болоо. Түүнээс ярилцлагад чинь орсноор өөртөө нэг зөвтгөл, хэдэн лайк, шэйр авчих гээд байгаа юм биш. Миний амьдрал дээр ялгадсаа асгаж, түүгээр хооллож байгаа ялаануудыг тэжээхийн тулд би ахиад өөрийгөө нүцгэлмээргүй байна. Би үнэ цэнтэйгээ дуусъя. Бүх зүйлийг өөр дээрээ авах нь HERO байхгүй юу. Тэгвэл би үхэхдээ новш байгаагүй юм шүү гээд гоё үхнэ. Бүх үнэнийг задлаад л, тэрийг тэгсэн гэж яриад л байх уу. Би тэгж чадахгүй. Надад байдаг бүх бичиг баримт, материал, банкны хуулга, ярилцлагын хар материалыг дэлгэж би чадахгүй. Өөрийнхөөрөө гоё яваад дуусна. Би HERO, тэгээд л болоо. Өөрийгөө зөвтгөх гэж тайзны ард бүх хүнийг харлуулж, нүцгэлэх хэрэггүй. Тэгээгүй байж чадсаны минь төлөө намайг гүтгэсэн хүмүүс баярладаг, намайг дотроо хүндэтгэж явбал л болоо. Намайг гүтгэсэн хүн болгон намайг хүндлээсэй гэж дотроо боддог. Миний үр хүүхэд замд нь таарвал тэдгээр хүмүүс намайг өшиглөхгүй байхаар тэвчээрийг би гаргаж амьдарна. Хожим аав нь ингэж амьдарсан юм шүү гэж бардам хэлэхийн тулд.
-Одоогийн Ерөнхийлөгчөөс “Та ер нь хэдэн хүүхэдтэй вэ” гэж асуухад инээгээд хариулаагүй байх аа. Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Хэлж болохгүй үнэт зүйл гэж хорвоод бас олон бий шүү дээ. Үр хүүхэд гэдэг эмзэг зүйл. Б.Баатар гэдэг хүнд сайхан үр удам байна аа байна. Өсөж торниж байна. Тэдэндээ нэр бүтэн аавын нэрийг үлдээхийн тулд би HERO байх ёстой. Түүнээс биш жижиг сажиг юманд орилж гарч ирээд л байвал эр хүн байсны хэрэг юу байгаа юм. Нэг гүтгэлгийн араас давхиж гарч ирээд ярилцлага өгдөг улстөрч би биш. Би уран бүтээлч хүн. Юм хоёр талтай. Б.Баатар бичлэг хийдэг гэдэг нэрнээс болоод нэг талдаа хүмүүс бэргэж байгаа. Тэр нь юу вэ гэхээр “Баатараа зээл аваад өгөөч эсвэл нэг тендер аваад өгөөч” гэж хэлдэггүй юм. “Тулгаас шагнал аваад өгөөч” гэж хэлж чаддаггүй бичлэг хийнэ гэж бодоод. Надаас хууль бус юм хэзээ ч гуйдаггүй. Энэ нь нэг талдаа дархлаа. (инээв)
-Нэр дэвшигч Х.Баттулгатай ажиллахад ямар вэ. Зарим хүмүүстэй ажиллах хэцүү. Итгээд байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг. Командаа өгч, бас удирдуулж өгдөггүй. Үнэлж бас хүндэтгэж мэддэггүй. Монгол хүмүүсийн хамгийн хэцүү хамтрах тал нь юм даа. Тэр хэр уян хатан хүн бэ. Миний мэдэхээр зөрүүд, шийдвэрээ бас яг өөрөө гаргадаг?
-Тийм. Одоо гадуур яриад байгаа нэг яриа байнаа даа. Тамгын газрын дарга, зөвлөхүүдийнхээ үгэнд хэт ороод байна гэсэн. Гэтэл Х.Баттулга 100 хувь хүний үгэнд орж, үгээр нь явдаг лидер биш. Энэ үнэн. Чи үүнийг сайн мэдэж байна. Гэхдээ маш мэдрэмжтэй хүн. Яг зөв зүйлийг зөв үед нь яг дагаж хийж, зөв үед зөвлөгөөг авдаг. Чигээрээ л зүтгээд байдаг цул тэнэг хүн байдаг даа. Тийм хүмүүс харин хамтарч ажиллахад хэцүү байх.
-Баатарын хэзээ ч хийхээргүй юмыг шаардаж, хүсч байсан тохиолдол бий юу?
-Хэзээ ч үгүй. Тийм ч учраас би энэ хүнтэй удаан хамт байгаа юм. Хэрэв миний ёс зүй дээр гишгэлсэн юм хийсэн бол би Баттулга гэдэг хүнээс аль эрт салчих байсан. Хэзээ ч надаас хулгайн бичлэг болоод ёс бус зүйл хүсч байгаагүй. Зүгээр л бид ярилцаж байгаад хийдэг. Та өөрөө С.Баяр, Х.Баттулга, Мягмар гэж хүнийг мэднэ. Эд нар миний мэдэх монголд буй хамгийн креатив сэтгэлгээтэй гурван хүн юм. Энэ гурван хүнтэй ажиллах гайхамшигтай байдаг. Маш мэдрэмжтэй, үггүйгээр ойлгодог лидерүүд.
-Одоо “Монгол Тулгатан” төсөл гарцаа байхгүй цохилтод орж байна. Өмнөх зүйлс юу ч биш санагдаж байгаа байх. Дараагийн шатанд “Монгол тулгатан” төсөл цаашаа амьдрах уу гэдэг дээр та хамгийн их сэтгэл зовж, толгойгоо гашилгаж байгаа болов уу. Дахиад гарах бэлэн дугаар бий юу. Та нар 100 дугаар хийнэ гэж байсан. Хоёр дахь үе шат яаж явах уу, ямар хүмүүсийг гаргах, хөтлөгчид нь хэн хэн байх вэ?
-Яг энэ эмзэг үед, шархалсан үед ямар ч бодол үнэхээр алга. Лувсангомбо гээд хурандаа генерал Москвад байгаа. Тэр хүний нэвтрүүлгийг хийгээд бараг дуусах гэж байгаа. Заазуур Дамдин гээд алдартай хүний нэвтрүүлгийг хийж байх явцад тэр хүн маань өнгөрчихсөн. Гэхдээ дурсгалд нь зориулж хийж дуусгана. Энэ төсөл хэрэгжиж, цаашаа явах нь монголын ард түмэнд хэрэгтэй юм даа. Монголын ард түмэн гэж ярьсаар байгаад энэ нь нэг л үнэ цэнгүй, утгагүй болчихож. Гэвч монголчуудад хэрэгтэй төсөл гэдэг нь үнэн. Тийм ч учраас энэ төсөл цаашаа 100-аар тогтохгүйгээр үргэлжлээсэй гэж хүсдэг. Чадах чинээгээрээ урагшлуулна. Цаг алдахгүй бичээд үлдээх олон хүн монголд байна. Энийг л бичиж үлдээх юм сан. Яг одоо энэний оронд тэр, тэрний оронд тэр гэсэн бодол үнэхээр алга. Надад сэтгэл зүрхээ эдгээх, амсхийх хугацаа хэрэгтэй байна.
-Та бол найруулагч хүн. “Монгол тулгатан” төслөөс гадна дараагийн таны орох салбар юу вэ. Олон кино хийж байсан?
-Би ахиад кино руугаа орно. Надад хүмүүс янз бүрийн санал тавьдаг. Улс төрийн салбараас ч санал тавьдаг. Ахиад киногоо хийнэ дээ. Урьд нь кино хийсэн гэж яг хэлж чадахгүй. Гэхдээ бас бүтэн утгаар нь хийгээгүй гэхгүй. Жинхэнэ кино хийх цаг одоо л болж байгаа юм бол уу даа. 40 нас гараад ухаан суугаад ирэхийн цагт кино хийх ёстой юм билээ. Хүн өөрөө амьдралын үнэ цэнэ, өсөлт бууралт, зовлон хагацал, уйтгар гунигийг мэдэрч байж амьдралын тухай дууллыг хийдэг юм байна. Залуухан хархүү байх насанд хэт романтик яваад байдаг юм уу даа. Амьдралын мөн чанар руу өнгийсөн кино хийх их хэцүү байдаг. Тэр утгаараа жинхэнэ бүтээлийн ард гарсан найруулагч нар ихэнхдээ хөгшин байдаг нь учиртай юм билээ. Энэ чинь жам юм байна. Мэдээж би театрын тайзнаа бас юм тавих юмсан гэж бодох л юм. Миний багш Мөнхсайхан яг театрын мэргэжлийн найруулагч. Мягмар ах маань ч тийм. Яг үнэндээ бол би театрын школтой. Бас хүүхэлдэйн кино хийх бодол ч байгаа. Бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино гадныхантай хамтарч хийе гэж бодож яваа. Гадны 2-3 төсөл дээр ажиллаж л байна.
-Таны кинонуудыг үзсэн. Дандаа эхнэрээ гол дүрд тоглуулдаг байсан юм билээ. Энэ чинь нэг талаасаа урлагт хувийн атгаг санаагаар хандаж байгаа хэлбэр биш юм уу. Эсвэл яаж ч харьцаж болохоор хүн учир ажиллахад сайн уу. Би И.Нямгаваа найруулагчид “Бой” кинонд эхнэрээ тоглуулсан тухай нь асуулт тавьж байсан юм. Тэр ямар ч эргэлзээгүйгээр “Би тэгээд хэнийг золиослох юм бэ, Ганчимэгээ” гэж над руу хашгирч байж билээ.
-Нэгд, эхнэр гэж харахгүйгээр хэлэхэд бид нөгөө л уран бүтээлчид байгаа юм. И.Нямгаваа гуай зөв хэлсэн байна. Хоёрт, золиос л юм. Хамгийн дотны хүн л миний галзууралд орно. Би амжилт олох эсэх нь мэдэгдэхгүй, кино хийж чадах эсэх нь тодорхойгүй тийм битүү нөхцөл байдал дунд зогсож байхад Баатарт итгэж байгаа нь миний эхнэр. “Би чамд хайртай 2”-г Б.Баатар хийж чадах уу гэхээсээ илүүтэй, надад итгэж, намайг л дэмжих гэж орж байгаа юм. Хамгийн дотны хүнээ л хүн золиосолдог. Ээжийгээ ч хүртэл хүн золиосолж л амьдардаг биз дээ. Бүх зүйлийг нь авч, сорж байгаад хаядаг. Уран бүээлч хүн хамгийн дотно хүнээ л золиосолж амьдардаг. Энэ бол туйлын үнэн. Хамгийн ойрхон хүнээ дандаа хэмлэж байдаг нь ч хүмүүн бидний өөдгүй зан шүү дээ. Яг үүнтэй адил би хамгийн ойрын хүнээ золиосолсон л зүйл болсон. Намайг хашгирах, бухимдах, мухардах, асан дүрэлзэх тэр бүхний арын зовлонг ойлгож байгаа л хүн миний тэр юм руу явж орно.
-Залуу хосууд эхний сорилтуудаа даахгүй салцгаах нь түгээмэл. Гэтэл жүжигчин Ундрал та хоёр харьцангуй удаан хамт амьдарсан. Яагаад салсан бэ. Ямар нэгэн дүр хөндлөнгөөс гарч ирснээс болсон уу?
-Тэрнээс болсон гэж би амьдралыг бодох дургүй. Зүгээр л ийм байх ёстой байж дээ гэж. Аль алинтай нь энэ хорвоод учирсандаа баяртай байдаг. Ундралтай хамт байсан он жилүүд миний хувьд хамгийн аз жаргалтай цаг хугацаа мөн. Би Ундралд одоо хүртэл хайртай. Хайрыг чинь аваад явчихаж болдоггүй. Би Анудаа ч хайртай. Надтай учирсан бүх л эмэгтэй хүнд хайртай. Тэр нь сайн яваасай гэдэг л хайр. Хайр гэдэг секс, хамт амьдрахдаа оршдог юм биш. Үргэлж сайн санахыг, дотроо өмгөөлж хамгаалж явахыг хайр гэнэ. Би тухайн үед намайг шударга бусаар буруутгаж байхад нь ч дараа нь ойлгох мөн чанарын тухай боддог. Миний багш ч гэсэн заадаг байсан. Миний ах ч гэсэн хэлдэг байсан. Өнөөдөр нүгэл юм шиг харагддаг буян гэж байдаг. Өнөөдөр буян гэж харагддаг нүгэл байдаг гэдэг. Энэ бол агуу үг. Би мөн чанар нь үнэн гэсэн зүйл дээр л өөрийн тэр бүр гаргаад үзүүлж чаддаггүй энэ зүрхээ бооцоонд тавьж явдаг. Түүнээс биш нийгмийн сэтгэлзүйг дагавал бид зүгээр л хамхуул болно шүү дээ.
-Түрүүн та хэллээ шүү дээ. Намайг бичлэг хийчихнэ гээд надаас хүмүүс болгоомжилдог болсон гэж. Зээл аваад өгөөч гэж гуйвал биччих байх гэж айгаад хол явдаг гэж. Таныг ЖДҮ-ээс дүүтэйгээ нийлээд мөнгө авчихсан гэх юм?
-ЖДҮ-ээс зээл аваад хамтарч юм хийе гэвэл Б.Баатар бичлэг хийчихнэ гэж айна биз. Яг үнэндээ Л.Оюун-Эрдэнэ бид хоёрыг болон аавыг маань, гэрийнхнийг минь та мэднэ. Манайхан цаанаасаа хувь шунал багатай хүмүүс. Бүтээхийн шуналтай хүмүүс. Ахуй ажилд муу. ЖДҮ-ээс ахуйлаг ажилтай хүн л зээл авна. Хөөцөлдөнө, бичиг баримт бүрдүүлнэ. Оюук бид хоёр олж аваад хамт идье гэсэн ч барьцаанд тавих хөрөнгө байхгүй. Сая байр авахад Амраатай ярьж байгаад “Хас” банкнаас зээл авсан. Улс төрд явж байгаа хүнийг авлахын тулд бас л нэг хэрэг болсон сэдэв юм байлгүй дээ. Оюукаг ингэж унагая гэсэн бас нэг оролдлого. Тэр оролдлого нь бүтэхгүй оролдлого. Би чинь ЖДҮ-ээс зээл авах уран бүтээлч биш шүү дээ. Энэ зах зээлд 30 жил ажиллалаа. Хамгийн үнэтэй ажил, клипийг нь би хийдэг. Бүх уран бүтээлчид мэднэ. Д.Болдын ярианд гарч л байгаа биз дээ “Баатараар клип хийлгэх нь нэр төрийн хэрэг” гэж. Үнэндээ Баатараар реклам хийлгэх нь нэр төрийн хэрэг. Одоог хүртэл тийм байна. Баатараар реклам хийлгэх нь компаниудын нэр төрийн хэрэг. Би жижиг дунд зах зээлтэй хүн биш ээ. Надад байгаа нэг камер нь л тэрбум төгрөгийн өртөгтэй. 3-4 камер байж зураг авалт хийдэг гэдгийг мэдэх хүн биз дээ, өөрөө.
-Саяхан та “Үндэсний баяр наадмын найруулгыг хийе. Надад тийм бололцоо олгож болдоггүй юм байх даа” гэж твиттер хуудсандаа бичсэн харагдсан. Үнэхээр наадмын найруулга болохгүй байгаа юм уу. Энэ шалгаруулалтад нь яагаад өмнө нь ороогүй юм бэ. Хэдхэн л хүний асуудал болчихсон гэх шүүмжлэл бас сонсогддог?
-Урьд нь шалгаруулах багт нь хандаж байсан. Би хэтэрхий улс төрд хутгалдсан болохоор улс төрийн фон надтай зэрэгцэж бий болдог учраас намайг хасч байсан байж болно. Би наадмыг юу гэж боддог вэ гэхээр Монгол туургатны баяр цэнгэлийг дэлхийд үзүүлдэг шоу бол ганцхан наадам. Өдөр болдог ганц шоу гэдгээрээ онцлог. Шөнө нь бас юм хийе гээд зарим маань буруу яриад байна. Монгол наадмыг шөнө хийж, шөнөөр бөх барилдаж, морь уралдахгүй. Өдөр гэгээтэйд яаж гоё шоу хийж чадах нь чиний чадвар. Энэ бол бүх алдаагаа харанхуйд нуух гэсэн европын соёл биш. Бүх зүйл нь ил байдаг нүүдэлчдийн агуу соёл. Тэр утгаараа өдөр гоё хийх ёстой. Төрт ёсны наадам ямар байх ёстой түүнийг харуулсан. Түүхчилсэн ч юм уу, социализмыг ингэж давсан гэдгээ харуулахдаа гол нь биш. Зүгээр л нүүдэлчдийн агуу соёл, монгол туургатны агуу наадам гэдгийг харуулах нь уг философийн үзэл санаа байх ёстой. Гэхдээ магадгүй энэ удаад хуурай ах маань Ерөнхийлөгч, дүү маань нөлөөлөх хэмжээний ажил хийж байгаа учир бас л намайг оруулахгүй байх гэж бодож байна. Хэт хардалт явагдах байх. Гэхдээ өрсөлдөнө. Хэрвээ надад боломж олдвол гайхалтай шоу үзүүлж чадна. Яагаад ийм бардам байна гэхээр Баатартаа биш, манай баг тасархайд байгаа юм. Монгол наадам улс орон даяар нэг өдөр бүгд зэрэг болдог. Тэнд нэг клубын эрхлэгч сумынхаа наадмыг найруулаад л, тэнд сумын заан, начин төрөөд л гоё. Аймаг болгон, гэр болгон бахархалтай байх ёстой. Гэрт аав гээд идеал байдаг даа. Миний аавын алдаа нь хүртэл гоё. Манай аав мах идэж байгаа нь хүртэл гоё. Манай аав шартаад согтоод хэвтэж байгаа нь хүртэл агуу. Ингэж байж гэр бүл тогтдог. Та өөрөө төвөөс очиж бахархлыг нь булаахаа больцгоо л доо. Хөдөө орон нутгийнхны баяр цэнгэлийг өг гэж хэлж л байсан ш дээ. Хэрэв тэгэхгүй бол наадам гэж хэдэн өдрөөр улс даяар сунжраад л, найр наадам хавтгайраад, мөнгө урсаад, хэдэн ялхайсан бөх наадам хэссэн, бүгдийнх нь бахархлыг очиж булааж авсан юм байж болохгүй. Аймаг сумдууд сүүлийн үед арслан заан ч үгүй боллоо. Нөгөө талаас монгол наадам бол нарны наадам. Одоо манайхан шөнө арай өөр юм хийе гээд агуулгаа биш хэлбэр хөөцөлдөөд байгаа юм. Шөнө монгол наадам хэзээ ч болохгүй. Ёр билгийн хувьд ч болохгүй. Энэ бол нарны наадам. Процедурын хувьд ч шөнө наадам болохгүй. Өглөө нартайд нарныхаа наадмыг хийгээд монгол туургатныхаа баяр ёслол болгоод л хийх хэрэгтэй.
-Та нэг бодлын их тэвчээртэй хүн. Чи тэгсэн, ингэсэн гээд дайраад байхад инээгээд л гардаг. Үүнийг би таны бага насны амьдрал, уран бүтээлчийн замнал гээд олон юмтай холбож хардаг. Комплекс нэг их үнэртдэггүй. Би таны бага насны тухай сонирхмоор байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүн та хоёр ах дүү хүмүүс. Хэзээ энэ тухай мэдсэн бэ?
-Би ээжийн дүү нар болох долоон эгчтэй, эмээ дээрээ өссөн. Айлын том буюу зургаан охины зулай дээр төрсөн хүн. Ээж маань нэг эрэгтэй дүүтэй. Би эмээ, ээж, ээжийн дүү болох зургаан эмэгтэй нийлээд найман эмэгтэйн дунд өссөн болохоор эмэгтэй хүнээс ирэх янз бүрийн реакцид хамгийн тэвчээртэй байдаг. Тийм ч учраас эмэгтэй хүнийг бүх зүйлд зөвтгөдөг. Дүүгийн хувьд энэ хорвоод надад ирсэн гайхалтай бэлэг байсан. Бид хоёр хүүхэд ахуйдаа учирсан.
-Гэнэт хүлээж авахад эвгүй байсан уу?
-Би эгч нартай ч эрэгтэй дүү байгаагүй. Яг өөрийн дүүтэй байна гэдэг үнэхээр гоё. Надад үнэхээр бэлэг шиг л санагдаж байсан. Одоог хүртэл бэлэг шиг л санаж явдаг. Үхэн үхтлээ бэлэг гэж л бодож явна. Бас тэр залуу бэлэг шиг л байдаг.
-Аав тань танилцуулсан уу?
-Үгүй. Бид өөрөө өөрсдийгөө олсон. Мэдээж энэ явдал аавын хувьд хэцүү л байсан байх.
-Лхагва гуай чам шиг ийм нээлттэй биш дотогшоогоо хүн. Чимээгүй талдаа, яг үгээ хэлэхдээ тулбал хүчтэй характертай.
-Амьдралд юу ч тохиолдож болдог. Гэхдээ амьдралд тохиолдож байгаа бүх зүйлс утга учиртай юмаа гэдгийг дүү дээрээ би харсан. Магадгүй өнөөдөр алдаа гэж бодсон зүйл маргааш ололт, хайр байж болдог.
-Та хоёрын тухай элдвийн яриа хөөрөө явахад аав тань яаж ханддаг вэ?
-Манай аав бүх зүйлд оролцоод, сургаад байдаггүй. Ганц л зүйлийг хэлсэн. “Өдөр болгоныг сүүлийн өдөр юм шиг ээ амьдар” гэж. Яг одоо үхэх гэж байгаа юм шиг амьдарсан хүн хүнийг гомдоодоггүй, шуналтаад байдаггүй. Хайртай хүндээ хайртайгаа хэлж, өөрийнхөөрөө алдаж онож чаддаг. Үг, сэтгэл хоёрыг харамладаггүй. Аавын хэлсэн энэ л ганц философи надад үйлчилдэг. Манай аав бас хүн байх боловсролын тухай их ярьдаг. Хүнд хоёр боловсрол буй бөгөөд нэгийг нь сургуулиар олж авдаг. Харин нөгөөх нь хүн байх боловсрол. Үүнийг л эзэмшсэн хүн хорвоог эвтэйхэн туулаад гарчихдаг. Ийм л хоёр зүйлийг ярьсан. Энэ сургаалиар нь бид хоёр явдаг. Оюукад юу гэж ярьж байсныг мэдэхгүй. Надад тусгайлан хэлсэн хоёр захиас л энэ.
-Шуугиан, дуулианд орооцолдохоор зэмлэхгүй юу?
-Үгүй, юу ч хэлэхгүй. Нэг удаа “Дүү чинь М.Энхболдын хаалгыг очоод л самардаад байх юм, боль гэж хэл” гэж хэлж байсан. (инээв)
-М.Энхболд дарга өрөөндөө байгаа атлаа оруулахгүй байна гээд тогшоод байхад уу. Хөгжилтэй юм аа?
-Миеэгомбын Энхболд тэр хоёр чинь нэг нутгийн улс. “Тэр хүний хаалганд хүрч болдог гэхэд гар хөлөнд нь хүрсэн гэж ярьцгаагаад байна, болохгүй шүү” гэж байсан. Бүх зүйлд хүн чанар, ёс зүй гэж байх ёстой шүү гэсэн. Болж өгвөл бид хоёр тэр мөн чанараас холдохгүй байхыг боддог. Гэхдээ би гэр бүлдээ хамгийн нээлттэй нь. Хэдхэн секундэд уйлна, дасна, уучилна, буруугаа хүлээнэ. Манай хоёр бол тэгэхгүй. Дуугүй суугаад л байна. Оюук нэг хийнэ гэсэн юмандаа маш хүчтэй асдаг. Манай аав ч гэсэн тийм. Би харин диско гэрэл шиг байнга л асч байдаг.
-Драмын урлагт юм хийх тухай танд тусгай мөрөөдөл байдаг уу?
-Байна. Ахуйн гоё жүжиг тавих юм сан гэж түрүүнд хэлсэн. Төрийн хүнд сэдэвтэй зүйлс хэрэггүй. Зөөлөн, уянгын зүйл хэрэгтэй. Амьдрал уянган дээр ч, мөнгөн дээр ч тогтдог. Яалт ч үгүй мөнгө энэ зүйл энэ гаригт цадигаа тогтоочихсон.
-“Монгол ялна” гэдэг уриатай сонгуульд орсон. Хэтэрхий мунхагдуу эх оронч үзлийг хөгжүүлэхэд түлхэц оруулчихаж байгаа юм биш үү гэх хүмүүс олон байна?
-“Монгол ялна” гэдэг хэдэн зууны монголчуудын уриа үг. Энэ уриа үгээр хамаагүй оролдож болохгүй. Монголчууд хөдөөгүүр яваад ногоон дээр очоод хоржийлоо гэж ярьдаг. Хоржийлоо гэдэг нь монгол ялна гэсэн үг. Нум сум харваад онохоороо хоржийлоо гэдэг. Энэ нь өөрөө монголчуудын хэдэн зууны уриа үг. Би олоод ирсэн юм биш. Ард нь байгаа ая нь их цэргийн ан авын ая. "Монгол ялна" гэдэг уриан дор хийгдэж байгаа 100 эрхэм ч гэсэн үндэсний үзлийн тухай. Үндэстэн босч ирэхийн тухай дууллууд. Тэр дундаа хоёр том гүрний дунд байгаа улс үндэсний үзлээ бий болгох хэрэгтэй. Тулга, Хүрэлсүх гэж хоёр хүний гавьяа гэвэл үндэсний үзлийг бий болгосон явдал гэж хэлнэ. Энэ хоёр үүгээрээ үлдэнэ. Тэр утгаараа ч энэ хоёр хийдгээ хийсэн. Дээрээс нь бас дуучин Д.Болд, С.Жавхланг хэлэх хэрэгтэй. Одоо бид үндэсний дээлээ бахархаж өмсдөг болсон. Ийм болгохын төлөө бид их ажилласан.
-Ингэхэд та өөрөө дээл өмсдөг үү?
-Мэдээж үргэлж. Хэлбэртээ биш агуулгадаа. Би дотроо үргэлж дээлээ өмсдөг. Болж өгвөл гэртээ дээлтэй байдаг. Би дээлэнд дуртай. “Монгол ялна” уриан дор хийгдсэн бүх урианууд маань үндэсний үйл ажилгааг дэмжих байсан.
-Нөгөө талаар танайх компани. Өөр юм хиймээр байдаг. Тухайлбал, саяхан та Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн талаар нэвтрүүлэг хийлээ. Гэтэл төрийн бодлого шийдвэр өөрөөр өрнөж байгаа. Таныг Ерөнхийлөгчийн хүн гэх нэр дагаж байна. Цаашдаа хэр удаан дагахыг мэдэхгүй. Гэтэл гэнэт л та тийм нэвтрүүлэг хийсэн. Ерөнхийлөгч эмзэглэсэн үү?
-Би үндэсний үзлийн хувьд Тулга гэдэг хүнтэй таарах, таарахгүй юм байна. Гэхдээ чи нэг юмыг мэднэ. Авьяасыг бүрэн агуулгаар нь, бүтнээр нь, тавилангаар нь мөнгөөр худалдаж авч болдоггүй. Зүгээр л бид өөрсдийн зөн мэдрэмжээр явдаг биз дээ. Би үнэнээ хэлье. Эрдэнэтийн 49 хувийг Монголд авч ирсэн нь зөв гэж би боддог. Би Д.Эрдэнэбилэгийг түүхэн гавьяатай хүн гэж боддог. Энэ 49 хувь хэзээ ч монголд байгаагүй. Гадаадад байсан юмыг монголд аваад ирсэн нь зөв. Үлдсэн 51 хувийг барьцаалсан өрний асуудлыг хурдан шийдэх хэрэгтэй. Харин дотроо ороод ирсэн 49 хувийг хэн авторлах нь дараагийн асуудал. Дотооддоо аваад ирсэн байхад учиртай. Ахиад мундаг аавын хүү Оюутолгойн 66 хувийг аваад ирэхийг үгүйсгэхгүй. Би үүнийг эх оронч үзэл л гэж бодно. Эд бол худлаа эх орон гэж дэлдсэн хүмүүсээс илүү үйлдэл хийсэн хүмүүс. Дотроо ороод ирсэн юмаа ширээ тойрч сууж байгаад сайхан шийдэх хэрэгтэй. Гадагшаа муухай харагдуулахгүй шийдээчээ гэж уриалмаар байна шүү дээ, бид. 1990 оноос хойш улсын төсвөөр бий болсон ордуудыг буцааж авах нь зөв гэж бодож байгаа. Төр өөрөө баялгаас, улс төрөөс ангид сантай байх ёстой. Би хувьдаа тодорхой хэмжээний төрийн өмчөөр хайгуул хийсэн ордуудаа нийгэмчилж авах нь зөв гэж бодож байгаа. Улсад гадаадын хөрөнгө оруулалтаар бий болсон ордуудыг оролдохоо больё. Хүмүүс “Үндсэн хууль”-ийг өөрчлөх ёстой л гэх юм. Уг нь “Үндсэн хууль”-ийг өөрчлөхгүйгээр шийдэх юм олон байна. Жишээ нь, би Ерөнхийлөгчийн засаглалыг хэзээ ч дэмжиж байгаагүй. Дэмжих ч үгүй. Ерөнхийлөгчийн засаглал хэзээ ч Монголд тохирохгүй. Монголыг авч явж буй тавхан хүн байна. Оджаргал, Баатарсайхан, Батсайхан, сахал Билгээ, Баясаа байна. Энэ таван жинхэнэ капитал бий болгож буй хүмүүстэйгээ л ярь л даа. Бүх хөрөнгө оруулалт, бүх зүйлийг тодорхой болгож, ажлын байрыг нэмэгдүүлээд явж болно. Утааны асуудлыг нэг нь л шийдчихнэ. Гэтэл дотроо хагалан бутраад л. Биднийг хагалан бутаргах ажиллагааг угаасаа явуулж байгаа. Монголчуудыг хэзээ ч битгий үйлдвэржиж, шатахуунаа дотроо хийдэг болоосой гэсэн далдын хүч бий. Тиймээс бид гэр доторх хэрүүлээ хумих хэрэгтэй.
-Та “Монгол тулгатны 100 дуу” төслөө бас зогсоочихлоо. Та өөрөө хэр монгол дуу сонсох дуртай вэ. Дуртай дуу гэвэл?
-Би уртын дуу сонсох дуртай. Уртын дууг техникийн хувьд опера хэмжээнд очсон бүтээлүүд гэж боддог. Өнгөрсөн жил Н.Жанцанноров гуай төсөл хэрэгжүүлсэн. Манай монголын соёл дэлхий нийтийн соёл гэж боддог. Би хөдөө явахдаа зохиолын дуу сонсдог. П.Адарсүрэн гуайн дуу гоё шүү дээ. Бас гоё рок поп хит дуу сонсох дуртай. Бааранд диско сонсох дуртай. Орчин орчноосоо л мэдрэмжээ авдаг.
-Хамгийн сүүлд би ер нь сайн муу хэлүүлээд юугаа хийгээд яваад байгаа юм бэ. Үндсэн юм руугаа оръё гэж санагдуулах ямар кино үзэв?
-Холливудын кино үзэхээр л тэгж санагдах юм. Хамгийн сүүлд Фреди Мэркуригийн тухай Бохем үзлээ. Бид ингэж л соёл гэдэг зүйлийг ямар агуу вэ гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй. Бид соёл гэхээр ардын дуу бүжиг л гэж ойлгоод байдаг. Гэтэл соёл гэдэг амьдрах гоо зүйн хэрэглүүр. Соёлын яамгүй ганц улс л манайх байна. Одоог хүртэл гудамжинд нус, цэрээ хаядаг тухай маргасаар. Яг үнэнийг хэлэхэд 1937 оны хэлмэгдүүлэлтийг байх ёстой зүйл байж гэж боддог. Тухайн үед жалга жалгандаа суучихаад л жалганыхаа нэг нэг лам нарыг л хардаг байсан. Хатуу л сонсогдох байх. Нийтээр эрүүлжүүлэхийн тулд, учраа олж цэгцрэхийн тулд нэг талаас зөв акци явагдсан гэж боддог. Хэлмэгдүүлэлтийн өдөр манай төрийн тэргүүн нар гарч ирээд л уучлаарай гээд байхыг зөв гэж боддоггүй. Үзэх юм аа үзсэн. Түүнийг буруутгах, зөвтгөх хэрэггүй. Энэ алдааг ахин давтахгүй юмсан л гэж бодох хэрэгтэй. Хөшөөнд мөргөхдөө биш тэрний тухай кино хийж, ном зохиолоор гаргах ажлыг дэмжих хэрэгтэй. Цэцэг өргөх ёслолыг халаасай гэж боддог. Нэг л тийм эрлийз ёслол. Үүний оронд монгол ёслол байж болно. Хүмүүс намайг монголыг хагалан бутаргах гэсэн юм ярьж байна гэж бодож магадгүй. Жишээ нь, би эрлийз хүнийг бизнес хийж болно, гэхдээ төрд битгий ороо л гэж хэлмээр байна. Монголын төрийн тэргүүний сэнтий нь ядаж ариун байг гэх төвшинд энэ үзэлд ханддаг.
-Та өөрийнхөө хэдэн үеийг мэдэх вэ?
-Аавын талын 3-4 үеийг мэднэ. Ээж маань бас өндөр угсаа гаралтай хүн. Ээжийнхээ найман үеийг мэднэ.
0 сэтгэгдэл