Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ жил түүний мэндэлсний 120 жилийн ой болж байгаа юм.
Д.Нацагдорж бол богинохон хугацаанд агуу бөгөөд эмгэнэлтэй амьдарсан муут хүмүүн байв.
“Түүхийн шүлэг” бол Дашдоржийн Нацагдоржийн гайхамшигт бүтээлүүдийн нэг. Монголчуудын ихэнх нь энэхүү шүлгийн
…Монгол хэмээх нэгэн нэр, ертөнцийн чихнээ дуурсгалтай,
Монголын тул хэмээх сэтгэл, манай зүрхэнд холбоотой,
Өсөхөөс сурсан үндсэн хэл, орхиж болшгүй соёл мөн.
Үхтлээ орших төрөлх нутаг, салж болшгүй орон мөн өө…гэсэн 4 мөрийг мэддэг билээ.
***
ТҮҮХИЙН ШҮЛЭГ
Манай Монгол улс, маш эртний улс аа,
Монголын яруу түүх, магад их гэрэлтэй,
Гэгээн нар мандсаар, хангай говийг гийгүүлсээр,
Хэдэн мянган жилээс, бид энд оршсоор.
Хэдийний балар цаг, таван мянган жилийн өмнө,
Хойд газар оршиж, хол ойрыг хувьсгасан,
Хүннүгийн үе хүрээд, хүчирхэг улсыг мандуулсан,
Хянган уулын тэндээс, Тэнгэр уулыг тулсан.
Энэхүү Хүннүгийн улс, хоёр мянган жилийн тэртээ,
Өмнө нанхиадыг сүрдүүлж, урт хэрмийг цогцлуулсан,
Ромын улсыг хүрч, европ дахиныг сандруулсан,
Өөрийн дурсгалт зүйлээ, Монгол орондоо хоцоргосон.
Сяньби, Тобагийн монгол, шаштир түүхийг залгамжилсан,
Тюрк, уйгартай нийлж,төрөлх орноо сахисан,
Харь хязгаар газарт, Хятан улсыг байгуулсан,
Гадаадын дайсан алинд, хэзээд эрэлхэг явсан.
Хаан Чингисийн үед, хамаг улсын тэргүүнд,
Хөх Монголын үрс, хуяг дуулгаа засацгаасан,
Хоромсог саадгаа агсаж, хүлэг морио ташуурдсан,
Холхи ойрхийг нэгтгэж, хүний түүхийг манлайлсан.
Мянган голыг гаталсан, морин туурайн гавъяа,
Найман зүгт мандсан, эцэг өвгийн гавъяа,
Нармай төрийг байгуулсан, дэлхий дахинд гавъяа,
Манай өнгөрүүлсэн түүх, хүн төрөлхтөнд гавъяа.
Монгол хэмээх нэгэн нэр, ертөнцийн чихнээ дуурсгалтай,
Монголын тул хэмээх сэтгэл, манай зүрхэнд холбоотой,
Өсөхөөс сурсан үндсэн хэл, орхиж болшгүй соёл мөн.
Үхтлээ орших төрөлх нутаг, салж болшгүй орон мөн өө.
Хангай дэлхий хэвээрээ атал, хүний явдал их хувирсан,
Хойшхи мөрийг харж, урагшлах замыг давшилтай,
Харийн хөнөөл хэтрэхэд, үндэсний хувьсгал гарсан шүү,
Түмэн оны энхийг, ийнхүү тэмцэнэ.
1936 он

0 сэтгэгдэл