Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенкогийн урилгаар тус улсад 10 дугаар сарын 24-26-нд төрийн айлчлал хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Минск хотын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд тус улсын Аж үйлдвэрийн сайд Андрей Кузнецов, Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Сергей Лукашевич, БНБУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михаил Орда, монголын талаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Байгалмаа болон албаны бусад хүмүүс угтан авлаа.
Тэрбээр нисэх онгоцны буудлаас Минск хотын Ялалтын талбайд хүрэлцэн ирж, амь үрэгдсэн дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.
Мөнхийн гал нь Аугаа эх орны дайнд амь үрэгдсэн дайчдын дурсгалд зориулсан Ялалтын хөшөөний дэргэдэх дурсгалын бэлгэдэл юм.
Минск хотыг чөлөөлсний 17 жилийн ойгоор 1961 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Ялалтын хөшөөний суурийн дэргэд Мөнхийн галыг байрлуулж, ЗХУ-ын баатар, хурандаа генерал Алексей Бурдейный асаасан.
Ялалтын хөшөө нь Беларусийн ард түмний дайны үеийн баатарлаг тэмцэл, Минск хотыг чөлөөлсөн үйл явдлыг дурсан хүндэтгэх зорилгоор бүтээгдсэн.
Хөшөөний оройд Ялалтын одонгийн дүрсийг байрлуулж, суурийн хэсэгт дайны түүх, баатруудын гавьяаг харуулсан уран баримлын дүрслэлүүдийг харуулсан.
Ялалтын талбай болон Мөнхийн гал нь Минск хотын аялал жуулчлалын чухал цэг юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй анхны айлчлал юм.
Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл хийнэ.
Талууд хоёр улсын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, гааль, магадлан итгэмжлэл, боловсрол, эрүүл мэнд, спорт, харилцаа холбооны салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Беларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд Найрамдах Зөвлөлийн дарга, Төлөөлөгчдийн танхимын дарга нар тус тус бараалхана.
Айлчлалын хүрээнд Минск хотноо “Монгол-Беларусийн бизнес форум”, “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж, Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” үндэсний урлагийн тоглолтыг толилуулна.
Монгол, Беларусийн хооронд 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд Беларусь Улсын төрийн тэргүүний анхны айлчлалыг 2024 онд Монгол Улсад хэрэгжүүлсэн түүхтэй.



0 сэтгэгдэл