Гал зогсоох тухай ОХУ, Украин, АНУ-ын гурван талт хэлэлцээг урьдчилсан байдлаар 11 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн гэж Польш улсын Ерөнхий сайд Дональд Туск мэдэгджээ.
Дональд Тускийн мэдэгдсэнээр, Финланд улсын Ерөнхийлөгч Александр Стубб болон Норвеги улсын Ерөнхий сайд Йонас Гар Стёре нар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярилцахын өмнө Европын орнуудын түншүүд, Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленський, АНУ-ын талтай хэлэлцсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 10 дугаар сарын 27-ны өдөр Финланд улсын Ерөнхийлөгч Александр Стубб болон Норвеги улсын Ерөнхий сайд Йонас Гар Стёре нартай утсаар ярилцаж, цаашдын хэлэлцээтэй холбоотой тэдний байр суурийг сонсжээ.
Тэд ийнхүү утсаар ярилцсаны дараа Ерөнхийлөгч Александр Стубб Польш улсын Ерөнхий сайд Дональд Туск-тай ярилцаж, энэ үеэрээ аль ч тал байр сууриа өөрчлөөгүй гэдгээ илэрхийлсэн байна. Улмаар Польш улсын Ерөнхий сайд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө ОХУ-тай хийх яриа хэлэлцээ сэргэж байгаа нь Украин улсыг дэмжих, тус улсад аюулгүй байдлын баталгаа олгохтой холбоотой Европын орнуудын байр суурь өөрчлөгдөхгүй гэж цохон тэмдэглэжээ. Түүнчлэн тохиролцоонд хүрэх, эс чадвал өвөл хүртэл гал зогсоохын тулд түншүүдтэйгээ зөвлөлдсөн хэвээр байна гэж Дональд Туск мэдэгдсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 9 дүгээр сард Москва хотноо АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч болох Стив Уиткофф болон Жаред Кушнер нартай хэлэлцээ хийж, талууд Украины асуудлыг шийдвэрлэх боломжит арга замыг гурван цагийн турш хэлэлцсэн юм. Энэ уулзалтын дараа талууд гурван талт хэлэлцээг сэргээхээр төлөвлөж байгаа талаараа мэдэгдэж байв.

0 сэтгэгдэл