Армени Улсын Ереван хотод болж буй Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (CBD COP17)-ын үеэр Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг даргалагчийн хувьд “Тал хээрийн төлөвлөгөө”-гөө танилцууллаа.
Монголын тал “Тал хээрийн төлөвлөгөө” нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд дэвшүүлсэн сайн дурын амлалт, санаачилгыг бодитоор хэрэгжүүлэх хамтын ажиллагаа болохыг онцлов. Мөн Бэлчээрийн тэргүүлэх санаачилга, Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга, Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх ажлыг танилцуулжээ.
Арменийн төлөөлөл Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг даргалагчийн хувьд дэвшүүлж буй “Ереваны санаачилга”-ыг танилцуулж, уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурлын хэлэлцээг даргалагч Австрали Улсын төлөөлөл сайн дурын амлалтын хөтөлбөрт оролцоогүй ч бэлчээр, ус-газрын менежментийн сайн туршлагаасаа хуваалцан, “Тал хээрийн төлөвлөгөө”, “Ереваны санаачилга”-ыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Армени, Австралийн Засгийн газрын төлөөлөл, “Амбишн Лүүп” ТББ оролцож, газар, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хамарсан Риогийн гурван конвенцын хэрэгжилтийн уялдааг сайжруулах талаар санал солилцсон байна.
Хэлэлцүүлгийн үеэр “Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” урианы хүрээнд хэрэгжүүлэх “Тал хээрийн төлөвлөгөө”-ний үр дүнг нөхөн сэргээсэн газар нутгийн хэмжээ, бэлчээрийн төлөв байдал, ган гачгийг тэсвэрлэх чадварын өсөлт, биологийн олон янз байдлын хамгаалал, иргэдийн амьжиргааны ахиц зэрэг үзүүлэлтээр үнэлэхийн ач холбогдлыг онцолжээ.


0 сэтгэгдэл