Монгол орны ургамлын олон янз байдлын хувьд онцгой ач холбогдолтой Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэр нь тус бүс нутгийн ховор, унаган ургамал, тэдгээрийн амьдрах орчинд сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй байна.
Нөмрөгийн ДЦГ Хянганы уулсын нугат хээрийн тойрогт ордог ба 763 гаруй зүйл ургамал бүртгэгдсэн байдаг. Энэ нь Монгол орны ургамлын аймгийн ойролцоогоор 26 хувийг эзэлдэг. Үүнээс 53 зүйл нь Монгол орны хэмжээнд зөвхөн тус тойрогт тархдаг бөгөөд 3 унаган, 21 завсрын унаган зүйл бүртгэгдсэн байна. Тухайлбал, Paeonia lactiflora, Lilium pensylvanicum, Iris ventricosa, Aquilegia ganboldii зэрэг ховор, хамгааллын ач холбогдолтой ургамлууд ургадаг.
Гэвч эдгээр ургамлын өнөөгийн тархалт, популяцийн хэмжээ, төлөв байдлын талаарх мэдээлэл тун хомс байна. Учир нь хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрлийн шаардлага, алслагдсан байршил, байгалийн бартаа саад зэргээс шалтгаалан тус нутагт хээрийн судалгаа тогтмол хийх боломж хязгаарлагдмал байдаг.
Иймд өмнөх судалгааны бүртгэл, цуглуулгын сан, тархалтын мэдээлэлд тулгуурлан зорилтот хээрийн судалгааг ирэх оны хавраас яаралтай зохион байгуулж, ховор ургамлын өнөөгийн тархалт, популяцийн төлөв болон түймрийн дараах өөрчлөлтийг үнэлэх шаардлагатай. Энэ нь цаашдын хамгаалал, нөхөн сэргээлтийн арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөхөд чухал ач холбогдолтой.
Нөмрөгийн дархан цаазат газар бол Монгол орны ургамлын олон янз байдал, генетик нөөцийн үнэт сан юм. Түймрийн дараах хохирлыг зөвхөн шатсан талбайн хэмжээгээр бус, биологийн олон янз байдалд учирсан нөлөөллөөр нь үнэлэх шаардлагатай.
Ургамал судлаач:
Проф. Б.Оюунцэцэг
Др. Ш.Баасанмөнх
Докторант Д.Мөнхтулга

0 сэтгэгдэл