Япон Улсын Айчи муж, Нагояа хотод болж буй Азийн зуны спортын ХХ наадмын 11 дэх өдөр Монголын багийн анхны алтан медалийг жүдо бөхийн төрөлд ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк авчирлаа.
Тэрбээр эхний тойрогт хийлж, шөвгийн 16-д Афганистаны Рахмани Хикматуллахыг, хэсгийн аваргын төлөө Тажикстаны шилдэг бөх, ДАШТ-ий мөнгөн медальт Эмомали Нуралиг, хагас шигшээд Казахстаны бөх, ДАШТ-ий мөнгөн медальт Гусман Киргизбайевыг тус тус ялж финалд шалгарсан юм. Улмаар алтын төлөөх барилдаанд Узбекистаны шилдэг жүдоч Абдурахим Нутфоллоевыг даралтаар цэвэр ялснаар Азийн наадмын аварга болж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Ийнхүү тэрбээр Азийн наадамд түрүүлсэн найм дахь жүдоч болж байна. Мөн 2014 оноос хойш жүдочид Азийн наадмаас алтан медалийг авч чадаагүй байсан бол 12 жилийн дараа алтын буухиа үргэлжиллээ. Үүнээс гадна К.Ёолк нь Монголоос тивийн олимпод түрүүлсэн 28 дахь тамирчин боллоо.
Үүний зэрэгцээ Азийн наадамп эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд өрсөлдсөн олон улсын хэмжээний мастер Г.Наранцэцэг хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Түүний хувьд жингийнхээ жүдочдыг тэргүүлэн “А” хэсгийг толгойлж барилдан эхний тойрогт гоц мөргөж, шөвгийн наймд Тажикстаны бөхийг ялсан ч хагас шигшээд Японы Мицүки Кондод ялагдсан. Гэвч хүрлийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Асмита Дейг вазаригаар ялснаар “Айчи-Нагояа 2026” наадамд оролцож буй Монголын багийн гурав дахь хүрэл медалийг эх орондоо авчирлаа. Тэрбээр 2018 оны Жакартагийн Азийн наадамд самбо бөхөөр түрүүлж байсан бол найман жилийн дараа жүдогоор медалиа хослуулав.
Мөн Азийн наадамд эрэгтэйчүүдийн 60 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд VII, эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Уранзаяа V байрт шалгараад байна.


0 сэтгэгдэл