Эдийн засгийг хямралын дараа хэрхэн тогтворжуулахыг тайлбарласан судалгаагаараа Америкийн эрдэмтэн Роберт Холл, Майкл Вудфорд нар 2026 оны эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг хүртжээ.
Ираны дайнаас үүдэлтэй өнөөгийн газрын тосны хямрал зэрэг эдийн засгийн хүндрэлээс хэрхэн гарахыг тайлбарласан макро эдийн засгийн загваруудыг боловсруулахад оруулсан хувь нэмрийг нь Шведийн Хааны шинжлэх ухааны академи өндрөөр үнэлсэн байна.
“Шагналтнуудын судалгаа нь өнөөдөр дэлхийн улс орнуудын төв банкууд, засгийн газруудын ашиглаж буй эдийн засгийн загваруудын онолын найдвартай үндэс суурийг тавьсан. Тэдний судалгааны ачаар бид эрчим хүчний хямрал, хэрэглэгчдийн зан төлөвийн гэнэтийн өөрчлөлт зэрэг эдийн засгийн цочролыг даван туулахад илүү сайн бэлтгэлтэй болсон” гэж эдийн засгийн салбарын Нобелийн шагналын хорооны дарга Йон Хасслер онцлон тэмдэглэжээ.
Эдийн засаг нь өсөлт, уналт ээлжилсэн мөчлөгөөр хөгждөг. Иймээс эдийн засагчид Жон Мейнард Кейнсийн үеэс эхлэн эдгээр хэлбэлзлийг хэрхэн зөөлрүүлж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах талаар судалсаар ирсэн юм.
Уламжлалт арга барилаар эдийн засаг уналтад орсон үед эрх баригчид мөнгөний болон төсвийн бодлогын арга хэрэгслүүдийг ашиглан бизнесийн идэвхжлийг дэмждэг. Тухайлбал, бодлогын хүүг бууруулж, улсын төсвийн зардлыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийг идэвхжүүлдэг бөгөөд үүний улмаас улсын өр өсдөг байна. Харин эдийн засаг хурдацтай өсөж байгаа үед хэт халалтаас сэргийлэхийн тулд эсрэг арга хэмжээ авдаг.
"Гэвч 1970-аад оны газрын тосны хямралын үеэр эдгээр арга хэмжээг хэзээ, хэрхэн хэрэгжүүлэхийг тодорхойлдог Кейнсийн онолд суурилсан загварууд үр дүнгээ өгөхөө больсон гэх сэтгэгдэл төрсөн. Эдгээр арга хэмжээ нь ажилгүйдлийг бууруулж чадаагүй төдийгүй инфляцыг улам хөөрөгдсөн. Үүний улмаас барууны орнууд эдийн засгийн өсөлт удааширч, ажилгүйдэл, инфляц өндөр түвшинд хүрсэн арван жилийг туулсан. Улмаар эдийн засгийг тогтворжуулах бодлого нь ашиг тусаасаа илүү хор хөнөөлтэй тул үүнээс татгалзах хэрэгтэй гэсэн үзэл бодол бий болсон” гэж тус академи тайлбарласан байна.
Чухам ийм нөхцөлд энэ жилийн Нобелийн шагналтнуудын судалгаа чухал ач холбогдолтой болжээ. Р.Холл, М.Вудфорд нар инфляц, үйлдвэрлэл, хэрэглээний хэмжээ зэрэг макро эдийн засгийн үзүүлэлтэд тулгуурлан загвар боловсруулах уламжлалт аргаас татгалзаж, эдийн засгийн үндсэн суурь болох микро эдийн засагт анхаарлаа хандуулахыг санал болгожээ. Өөрөөр хэлбэл, хувь хүмүүс болон аж ахуйн нэгжүүдийн шийдвэр, үйл хөдлөл эдийн засагт бүхэлд нь хэрхэн нөлөөлдгийг судалсан байна.
Тэдний судалгаагаар хэрэглэгчид хэр их мөнгө зарцуулах, бизнес эрхлэгчид хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийхээ ирээдүйн талаарх хүлээлт, төсөөлөлдөө үндэслэн шийддэг болохыг тогтоожээ. Түүнчлэн төр засаг цаашид хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөнийхөө талаар олон нийтэд мэдээлснээр иргэд, бизнес эрхлэгчдийн эдийн засгийн хүлээлтэд нөлөөлөх боломжтойг харуулсан байна.
“Эдгээр загварыг боловсруулснаас хойш дэлхийн эдийн засгийн уналтыг даван туулахад онцгой үр дүнтэй болох нь батлагдсан” гэж Шведийн Хааны шинжлэх ухааны академи онцолжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ

0 сэтгэгдэл