Монгол Улсын Засгийн газрын 2026 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн 42 дугаар тогтоолын дагуу Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг энэ жил тэмдэглэж байна.
Энэхүү хүрээнд УИХ-ын Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын үндэсний музей, Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын “Өд” сан, Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбоо хамтран “Р.Чойном-90 жил” үзэсгэлэнг гуравдугаар сарын 20-ны өдрөөс олон нийтийн хүртээл болж байна.
Р.Чойном нь Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Бор-Ухаа гэдэг газар 1936 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр мэндэлсэн. 1957-1960 онд БНМАУ-ын Урчуудын Эвлэлийн Хорооны зургийн тасаг, Хотын соёлын ордон, “Шинжлэх Ухаан амьдрал” сонинд зураачаар тус тус ажиллаж байсан юм.
Тэрээр зөвхөн яруу найрагч төдийгүй зураач, сийлбэрч байсан бөгөөд 1990 онд түүнд Монгол Улсын Төрийн шагнал нэхэн олгосон түүхтэй.
Р.Чойномын гэр үзэсгэлэнг анх түүний төрсөн нутаг Хэнтий аймгийн Дархан суманд 1995 онд нээн ажиллуулж байсан. Харин энэ удаагийн үзэсгэлэнд тус гэр музейд тавигдаагүй 100 гаруй үзмэр тавигджээ. Үүнд яруу найргийн бүтээлийн гар бичмэл, уран зургууд, эдэлж хэрэглэж байсан эд өлөг, амьдрал, үйл ажиллагаанд нь холбогдох түүхэн гэрэл зургууд, урлан бүтээсэн зураг, модон сийлбэр, чулуун сийлбэр гэх мэт урьд өмнө нь олон нийтэд төдийлөн дэлгэгдэн харуулж байгаагүй бүтээлүүд нь багтсан байна.
Монголын Үндэсний музейд гарч буй тус үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжлэн гарах юм.












0 сэтгэгдэл