2026 оны 3x3 сагсан бөмбөгийн улирал эхэлж, манай улсын 3х3-ын шигшээ баг ирэх сарын 1-нд Сингапур улсад эхлэх Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байна.
Азийн шилдэг багууд нэг дор цуглах энэхүү тэмцээнд Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг “А” хэсэгт Тайваньтай багтлаа. Мөн урьдчилсан шатнаас шалгарсан нэг баг нэмэгдэх аж.
Тэгвэл эмэгтэйчүүд “В” хэсэгт Шинэ Зеландтай орсноос гадна урьдчилсан шатнаас шалгарсан нэг баг нэмэгдэнэ. Азийн аварга шалгаруулах энэхүү тэмцээн нь зөвхөн улирлын эхлэл төдий бус, Монголын 3x3 сагсан бөмбөгийн багуудын хувьд 2028 оны Лос-Анжелесын Олимпын эрхийн төлөөх өрсөлдөөний чухал алхам юм.
Зургаан хоногийн дараа эхлэх тэмцээнд оролцох Монголын эрэгтэй, эмэгтэй багийн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлажээ. Эрэгтэйчүүдийн ангилалд Э.Сугар-Очир, Г.Болор-Эрдэнэ, М.Чинхутаг, Н.Ганбаатар нар өрсөлдөнө. Харин эмэгтэйчүүдээс гавьяат тамирчин О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл, Э.Нарангоо нар эх орноо төлөөлөх юм. Н.Нандинхүсэл шигшээ багтаа тоглохоор 10 хоногийн өмнө АНУ-аас иржээ.

0 сэтгэгдэл