Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Онцгой байдлын ерөнхий газраас ойрын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 17-19-нд ихэнх нутгийг хамран онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай, гамшигт үзэгдэл болж, агаарын температур өмнөх хоногоос 10-20 градусаар эрс хүйтрэхийг анхааруулж байна.
Тухайлбал, дөрөвдүгээр сарын 18-нд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж, хүчтэй шороон шуурга шуурахаар байгаа ажээ.
Дөрөвдүгээр сарын 17-18-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгаар, 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон болон цасан шуурга шуурч, ихэнх нутгаар 10-20 градусаар эрс хүйтэрч, халтиргаа гулгаа, мөсдөлт үүсэж, даваа гүвээ цасан болон шороон шуурганд хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдах нөхцөл бүрдэж байгаа юм байна.


0 сэтгэгдэл