Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ийг Монголбанкнаас дэмжин, 2022 онд банкны салбарын дэргэд “Тэрбум мод” сан байгуулагдаж, 2030 он гэхэд 50 сая мод тарьж, ургуулахаар зорилт тавин ажиллаж байна.
Тус сангаас энэ сарын 9-нд Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-ийг зохион байгуулж, Монголбанкны хамт олон оролцлоо.
Өдөрлөгийг нээж Монголбанкны Ерөнхийлөгч С. Наранцогт хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн бол зөвхөн мод тарих аян бус, ирээдүй хойч үеийнхээ төлөө хийж байгаа урт хугацааны хөрөнгө оруулалт юм. Банк, санхүүгийн салбар эдийн засгийн тогтвортой байдлыг хангахаас гадна ногоон хөгжил, хариуцлагатай санхүүжилтийн түүчээ байх ёстой. Энэ утгаараа Монголбанк болон банк, санхүүгийн байгууллагууд 2030 он гэхэд хамтдаа 50 сая тод тарьж ургуулах зорилтыг дэвшүүлсэн. Өнөөдөр бид бодлого, цаасан дээрх ажлаасаа түр холдож, өөрсдийн гараар байгаль эхдээ хөрөнгө оруулалт хийж байна. Байгаль орчны доройтол бодит аюул болсон энэ цаг үед мод тарих нь зөвхөн өнөөдрийн ажил бус, ирээдүйдээ үлдээж буй хамгийн үнэ цэнтэй өв тул ийнхүү тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийг дэмжихийн төлөө санхүүгийн салбарынхан бодлого болон бодит оролцоогоороо нэгдэн ажиллаж байна” гэв.
Өдөрлөгт банк, санхүүгийн салбар болон “Цагаан алт” хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүд, Хөдөлмөр халамж үйлчилгээний төвийн 400 гаруй ажилтан оролцож, 2700 гаруй тарилаа.












0 сэтгэгдэл