ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин нар хоёр талын хэлэлцээний үр дүнд иж бүрэн түншлэл, стратегийн харилцааг цаашид бэхжүүлэх, түүнчлэн сайн хөршийн найрсаг харилцаа, найрамдал, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд өнөөдөр гарын үсэг зуржээ.
Хоёр талын баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Ардын их хурлын ордонд В.Путин, Ши Жиньпин нарын хэлэлцээ өндөрлөсний дараа болсон байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын өмнө нь мэдэгдсэнчлэн, уг мэдэгдэл нь хоёр тал харилцан ойлголцлоо бататгасан 47 хуудас бүхий томоохон бодлогын баримт бичиг аж. Хамтарсан мэдэгдэлд Орос, Хятадын олон талын харилцааг цогцоор нь хөгжүүлэх үндсэн чиглэлүүдийг тодорхойлсны сацуу олон улсын тулгамдсан асуудлуудын талаарх хоёр улсын нийтлэг байр суурь, дэлхийн тавцан дахь Москва, Бээжингийн хамтын ажиллагааны гол хэлбэрүүдийг тусгасан байна.
Айлчлалын үеэр хэлэлцсэн бусад тодорхой асуудлуудын талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.

0 сэтгэгдэл