Евроазийн эдийн засгийн комиссын Худалдааны сайд Андрей Слепнев болон Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Жадамбын Энхбаяр нар хийсэн цахим уулзалтын үеэр Евроазийн эдийн засгийн холбоо болон Монгол Улсын хооронд байгуулсан Түр худалдааны хэлэлцээр 2026 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүчин төгөлдөр болохыг мэдэгдлээ.
Андрей Слепнев Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дуламсүрэнгийн Даваад ЕАЭЗХ-ны зүгээс Түр худалдааны хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход шаардлагатай дотоод журмуудыг бүрэн дуусгасан тухай Евроазийн эдийн засгийн комиссын ноот бичгийг гардуулан өгчээ. Монгол Улсын зүгээс холбогдох журмуудыг өмнө нь аль хэдийн дуусгасан байна.
Андрей Слепнев “Евроазийн эдийн засгийн холбоо болон Монгол Улсын хамтын ажиллагааны хөгжлийн шинэ үе шат эхэлж байна. Бидний өмнө нээгдэж буй боломжуудыг хамгийн үр ашигтайгаар ашиглах нь чухал” хэмээн онцолжээ.
Энэхүү түр хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор тал бүрийн 367 төрлийн барааны дэд ангилалд гаалийн татварыг тэглэх буюу бууруулах юм.

0 сэтгэгдэл