Казахстаны агаарын тээврийн SCAT компанийн онгоц Астана-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж эхэллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өнгөрсөн 4 дүгээр сард Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр тохиролцсон энэхүү шууд нислэгийн анхны онгоц өнөөдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд газарджээ.
7 хоног бүрийн лхагва, бямба гарагт хуваарьтай тус нислэг нь нэг талдаа 3 цаг 30 минут үргэлжлэх ажээ.
Энэхүү шинэ нислэг нээгдсэнээр Монгол, Казахстан хоёр улсын иргэд, жуулчид, бизнес эрхлэгчдийн зорчих боломж улам өргөжиж, хоёр улсын худалдаа, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих чухал алхам болж байна.
Астана хот нь Казахстан Улсын нийслэл, улс төр, эдийн засаг, боловсрол, инновацын томоохон төв, орчин үеийн өвөрмөц архитектур, олон улсын бизнесийн орчин, соёл урлагийн байгууллагууд, аялал жуулчлалын үзмэрүүдээрээ алдартай төдийгүй Төв Азийн агаарын тээврийн чухал зангилаа хотуудын нэг билээ.


0 сэтгэгдэл