Баасан гарагт “Facebook”, “Instagram” зэрэг “Meta” компанийн нийгмийн сүлжээний платформуудад томоохон хэмжээний доголдол гарч, хэрэглэгчдийн хандалт түр хугацаанд тасалдсан байна.
Сүлжээний доголдол АНУ-ын Зүүн эргийн цагаар өглөөний 09:30 цагийн орчимд эхэлж, Мета компанийн эзэмшдэг “Facebook”, “Instagram”, “Messenger” зэрэг хэд хэдэн үйлчилгээг хамарсан байна. Харин "WhatsApp" аппликейшний үйл ажиллагаа төдийлөн доголдоогүй ажээ.
Сүлжээний доголдлыг хянадаг “Downdetector” сайтад мөн техникийн саатал гарсны улмаас эхний ээлжид уг асуудлын цар хүрээг тодорхойлох боломжгүй байжээ.
Доголдол дөрвөн цаг орчим үргэлжилсэн бөгөөд “Facebook”, “Messenger”-ийн үйл ажиллагаа нэг цагийн дотор хэвийн болсон бол “Instagram”-ийг бүрэн сэргээхэд илүү хугацаа шаардагдсан байна.
Саатал гарах үеэр “Meta” компанийн Харилцаа холбоо хариуцсан дэд ерөнхийлөгч Энди Стоун олон нийтэд албан ёсны мэдээлэл өгсөн цорын ганц төлөөлөгч байв. Тэрбээр “X” нийгмийн сүлжээнд бичсэн мэдэгдэлдээ, 10:00 цагийн орчимд сүлжээ доголдсоныг баталсан бөгөөд үйлчилгээнүүд аажмаар сэргэж байгаа хэдий ч бүрэн тогтворжуулахад тодорхой хугацаа шаардлагатай гэдгийг дурдсан байна.

0 сэтгэгдэл