Францын Убань хот дахь Дэлхийн хөгжмийн олон улсын хүрээлэнгийн Монгол хөөмийн ангийн хоёр оюутан болох Аня Бүразинска, Саян Давид нар DEM (Diplôme d'études musicales) буюу дуу хөгжмийн практикийн 3-р мөчлөгийн дипломын шалгалтаа Марсэи хотын Консерваторид амжилттай өгч, монгол хөөмийн дипломт сургалтын анхны төгсөгчид болцгоожээ.
Уг дипломыг хүлээн авсан оюутнууд нь урлагийн мэргэжлээр ажиллах, цаашид улсын хэмжээний Консерватори болон ахисан түвшний сургуулиудад шалгалт өгч, элсэн орох боломжтой болдог аж.
Францад төдийгүй, Барууны ертөнцөд анхдагч бөгөөд цорын ганц энэхүү сургалтыг 2020 онд угсаатны хөгжим судлаач Др. Жоанни Кюртэ Дэлхийн хөгжмийн олон улсын хүрээлэнтэй хамтран үүсгэн байгуулжээ. Францын Соёлын яамнаас албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн диплом бүхий энэхүү хөтөлбөрт хамрагдагчид нь монгол хөөмийн олон арга барилаас гадна, морин хуур, цуур, хэл хуур, товшуур зэрэг бусад зэмсгүүд, түүнчлэн монгол хөгжмийн онолын мэдлэг, монгол хэлний анхан шатны мэдлэг олж авдаг байна.
Др. Жоанни Кюртэ бол Монгол хөөмийг өргөн хүрээнд судлан докторын зэрэг хамгаалсан анхны гадаад эрдэмтэн төдийгүй монгол хөөмийг ЮНЕСКО-д бүртгүүлэх ажлыг гүйцэтгэсэн зүтгэлтэн юм.

Др. Жоанни Кюртэ

0 сэтгэгдэл