Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг 2026 оны 7 дугаар сарын 31-ний 03.00 цагт холбогдох төр захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр нүүлгэн шилжүүлж, МоАХ-ны байрны үүдэнд байрлуулсан явдал гарлаа.
Харин өчигдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор нийтийн эзэмшлийн талбайд цагдаагийн хамгаалалт доор, мэргэжлийн багтай хамтран буцаан байрлуулахыг нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга О.Ганбат, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Мэндбаяр нарт үүрэг болгосон юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөө байрладаг газарт барилга барих зорилгоор 2026 оны долоодугаар сарын 31-ний 03.00 цагт ямар нэг зөвшөөрөлгүйгээр, хууль зөрчин, хулгайн сэдлээр хөшөөг зөөсөн байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ямар нэг зөвшөөрөл өгөөгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Улаанбаатар хот өмчөө хамгаална. С.Зоригийн хөшөө бол Монголын ардчиллын бэлгэ тэмдэг. Энэ хөшөө бол Монголын нэн шинэ үеийн түүхийн ой санамж, үзэл санаа, үнэт зүйл. Монголын түүхийг худалдах эрх хэнд ч байхгүй. Монголын ардчиллыг өмчлөх, наймаалцах эрх хэнд ч байхгүй. Монголын ардчилал С.Зоригтой хамт байх ёстой. Эрх чөлөөний мэдрэмжтэй шинэ үеийн залуус үнэт зүйл, үзэл санаагаа хамгаалахын төлөө хатуу зогсоно. С.Зориг “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж хэлсэн байдаг. Ардчилсан нийгэмд өссөн хотын даргын хувьд дараах шийдвэрийг гаргаж байна. Нэгт, хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор нийтийн эзэмшлийн талбайд цагдаагийн хамгаалалт доор, мэргэжлийн багтай хамтран буцаан байрлуулахыг нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга О.Ганбат, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Мэндбаяр нарт үүрэг болгож байна. Хоёрт, Монгол Улсын Зөрчлийн тухай хууль, Соёлыг өвийг нүүлгэн шилжүүлэх, тээвэрлэх тухай журмыг зөрчсөн этгээдүүдийг олж тогтоож, хариуцлага тооцон олон нийтэд мэдэгдэхийг үүрэг болгоё. Хотын даргын ажлыг хийх хугацаанд хөшөө байрлаж буй энэ талбайд ямар нэг барилга байгууламж баригдахгүй гэдгийг мэдэгдэж байна. Цаашид Улаанбаатар хотын ой санамж болсон түүх, соёлын үнэт өв, хөшөө дурсгал, барилга байгууламжид хэн нэгэн шуналын сэдлээр хандаж, дураараа гар хүрдэг энэ байдлыг алга болгох хууль зүйн орчныг бий болгоно” гэлээ.
Улмаар НЦУГ-ын алба хаагчид хөшөөг хамгаалалтад авч, нийслэлийн Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс, УСУГ-ын 20 гаруй албан хаагч хамтран хөшөөг Төв шуудангийн урд талбай, хуучин суурин дээр нь буцаан байрлууллаа.
Хөшөөг нүүлгэсэн Ардчилсан намын нэгэн цагийн лидер болж явсан Да.Ганболд болон "Голомт"-ын Д.Баясгалан тэргүүтнүүдийн мэдэлд байдаг "Шинэ дэвшил холбоо" ТББ-ын мэдэгдлээс харахад хөшөөний өмнөх 1930 онд баригдсан Мал, тариалангийн яам, мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн байр байгаад 1990 онд тус төрийн бус байгууллагын өмчлөлд ирсэн байрыг нурааж шинэ байр барихын тулд С.Зоригийн хөшөөгөөр "оролджээ".
Ийнхүү 1990 оны ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг С.Зоригийн хөшөө Ардчилсан намынхны эрх ашгийн золиос болж МоАХ-ны байрны өмнө нэг хоноод дахин анхны байрлалдаа ирлээ.




0 сэтгэгдэл