“Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриан дор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд болохх Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг Цэнхэр болон Ногоон гэсэн хоёр үндсэн бүсэд зохион байгуулна.
Цэнхэр бүсэд Талуудын бага хурлын нэгдсэн хуралдаан, албан ёсны хэлэлцээ, сайд нарын болон өндөр түвшний уулзалт, бүс нутгийн болон хороодын хуралдаан болно. Өөрөөр хэлбэл, улс орнууд цөлжилт, газрын доройтол, ган гачиг, бэлчээрийн менежмент, газрын нөхөн сэргээлт зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлаар албан ёсны хэлэлцээ хийж, нэгдсэн шийдвэрт хүрэх үндсэн талбай юм.
Харин Ногоон бүсэд олон нийтэд зориулсан арга хэмжээ, үзэсгэлэн, форум, инновац, төсөл, технологийн шийдлүүдийг танилцуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна. Мөн төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгэм, залуучууд болон бусад оролцогч талууд өөрсдийн үйл ажиллагаа, санаачилгыг танилцуулах боломжтой.
Одоогоор дотоод, гадаадын 8000-10000 орчим зочин, төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд буй тус хурлын Цэнхэр бүсэд зохион байгуулах сэдэвчилсэн өдрүүдийн албан ёсны хөтөлбөрийг танилцуулж байна.
Сэдэвчилсэн өдрүүд
Санхүүжилтийн өдөр (наймдугаар сарын 24)
Газрыг өргөн хүрээнд нөхөн сэргээхийн тулд өдөрт ойролцоогоор 1 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай боловч одоогийн санхүүжилт үүнээс үлэмж бага байна. Энэхүү өдрөөр сангийн сайд нар, хөгжлийн банкууд, олон улсын санхүүгийн байгууллагууд болон хувийн хэвшлийн төлөөллийг нэгтгэн, санхүүжилтийн зөрүүг багасгах, томоохон хөрөнгө оруулалтын боломжийг бүрдүүлэхэд анхаарна.
Усны өдөр (наймдугаар сарын 25)
2050 он гэхэд дэлхийн дөрвөн хүн тутмын гурав нь гангийн эрсдэлд өртөх төлөвтэй байна. Усны өдрөөр гангийн эрсдэлд урьдчилан бэлтгэх менежментийг сайжруулах, усны нөөцийн нэгдсэн менежментийг дэмжих, ус ба газрын нэгдсэн төлөвлөлтийг уялдуулах хамтын ажиллагааг өргөжүүлэхэд төвлөрнө.
Газар ба хүн төвт өдөр (наймдугаар сарын 26)
Бэлчээрийн экосистем нь дэлхий даяар 500 орчим сая хүний амьжиргааг дэмждэг боловч хамгийн дутуу үнэлэгдсэн экосистемүүдийн нэг хэвээр байна. Энэ өдөр газар ашиглагчдын дуу хоолойг сонсож, уугуул болон нутгийн иргэд, малчид, нүүдэлчид, залуучууд, эмэгтэйчүүд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог онцлон харуулах болно.
Хүнсний систем ба хөрсний эрүүл мэндийн өдөр (наймдугаар сарын 27)
2050 он гэхэд дэлхийн хүнсний хэрэгцээг хангахын тулд хүнсний үйлдвэрлэлийг дор хаяж 50 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай боловч өнөөгийн хүнсний систем нь газрын доройтлын гол шалтгаан хэвээр байна. Энэ өдрөөр газрын нөхөн сэргээлтийг хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн бүтээмж болон фермер, малчдын амьжиргаатай уялдуулах шийдлүүдийг хэлэлцэнэ.
Эдгээр сэдэвчилсэн өдрүүд нь газрын нөхөн сэргээлт, гангийн эрсдэлд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, эрүүл экосистемийг хамгаалах үйлсэд шаардлагатай шийдэл, түншлэл, хөрөнгө оруулалтыг дэлхий нийтийн анхаарлын төвд авчрах зорилготой юм.
Талуудын 17-р бага хурал (COP17)-ын цахим хуудас: https://unccdcop17.org/

0 сэтгэгдэл