Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутагт орших Хар Зүрх хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол наймдугаар сарын 21-ны өдөр болно. Тахилгыг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хар Зүрхний Хөх нуурын эрэг дээр тусгайлан бэлтгэсэн талбайд зохион байгуулах юм байна.
Хар Зүрх хайрхан нь Монголын төрт ёс, их хаадын түүхтэй салшгүй холбоотой, түүхэн ач холбогдол бүхий газар нутаг билээ. Тиймээс Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхт ойг тохиолдуулан XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хар Зүрх хайрхныг Төрийн тахилгат хайрхан болгон өргөмжилсөн юм.
Тус хайрхны дэргэдэх “Хар Зүрхний хөх нуур” хэмээх түүхэн газар нь 1189 оны шаргачин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаанд өргөмжилж “Чингис хаан” хэмээх цолыг хүртээсэн хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн онцгой түүхэн газар юм.
Монголын төрт ёсны түүх, Их Монгол Улсын эхлэлтэй холбогдох энэхүү түүхэн хайрхан төрийн тахилгат 14 дэх хайрханаар өргөмжлөгдөж, монголчуудын өв соёл, түүхэн уламжлал, байгаль дэлхийгээ дээдлэн шүтэх ёс заншлыг хойч үед өвлүүлэхийн бэлгэ тэмдэг болж байна.
Тус хайрхны анхны төрийн тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцох ажээ.


0 сэтгэгдэл