Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Хотын дарга нарын чуулга уулзалт” Улаанбаатарт эхэллээ.
Энэ удаагийн чуулга уулзалтад 33 улс, 24 хот, 51 олон улсын байгууллага, Монгол улсын дотоодын 23 байгууллагын төлөөлөл оролцож байна.
Тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, “Газар нутагтайгаа зохицон амьдрах нүүдлийн өв соёл өнөө ч хадгалагдан байгаа Монгол оронд дэлхийн улс орнуудын адил газрын доройтол, ган гачиг, цөлжилтийн асуудал сорилт, бэрхшээлийг дагуулж байна. Цөлжилт, усны нөөцийн хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн доройтол, түүнээс үүдэх шар шороон шуурга зэрэг нь зөвхөн нэг улсын хилээр хязгаарлагдахгүй. Энэ удаагийн бага хурлаар дэвшүүлсэн зорилго хэрэгжсэнээр бэлчээр болон газрын доройтол буурч, иргэдийн амьдралд бодит үнэ цэн мэдрэгдэх учиртай. Энэ үйл явцад хотуудын түншлэл, хөрөнгө оруулалтын оновчтой шийдлүүд чухал юм. Харин бид та бүхний сайн туршлагаас суралцаж, шинэ санаа, түншлэлийн загварыг харилцан ашигтайгаар нэвтрүүлэхийг зорьж байна. Хотын дарга нарын чуулга уулзалтаар хотуудын нийтлэг байр суурь, хамтын зорилтыг илэрхийлэх “Улаанбаатарын тунхаглал”, тэдгээрийг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулах “Улаанбаатарын санаачилга”-ыг дэвшүүлэхээр төлөвлөж байна. Хотуудын түншлэл, хөрөнгө оруулалтын боломж нь олон улсын хамтын ажиллагааны чухал алхам болно. Энэ өдрүүдийн хэлэлцүүлэгт өрнөх шинэ санаа, бодит шийдэл нь урт хугацааны хамтын ажиллагааны эхлэл болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь хот, суурин газарт амьдарч байгаа бөгөөд 2050 он гэхэд энэ үзүүлэлт 68 хувьд хүрэх төлөв бий. Хүн ам, эдийн засаг, дэд бүтцийн төвлөрөл нь хотуудыг хүний хөгжил болон байгаль орчны тогтвортой байдлын огтлолцлын гол цэг болгож буй.

“Хотын дарга нарын чуулга уулзалт” нь өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг, шинжлэх ухаан, технологийн солилцоо, хотуудын туршлага хуваалцах хэлбэрийг хослуулсан олон талт бүтэцтэйгээр зохион байгуулагдана. Чуулга уулзалтаар дэлхийн хотуудын удирдлага, олон улсын байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллага, хөгжлийн түншүүд, санхүүгийн институц, хувийн хэвшлийн төлөөллүүдийг нэгтгэсэн нээлттэй, интерактив хэлэлцүүлгүүд өрнөнө.
Энэхүү чуулга уулзалт нь хотуудын түвшинд хэрэгжиж буй бодлого, сайн туршлага, технологи, инновац, байгальд суурилсан шийдлүүдийг олон улсын түвшинд нэгтгэн түгээх, нутгийн захиргааны байгууллагуудын дуу хоолой, оролцоог UNCCD-ийн үйл явцтай илүү нягт холбох, цаашид хотуудын хамтын ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх институцын болон санхүүгийн суурийг бий болгох ач холбогдолтой юм.







Эх сурвалж: НЗДТГ

0 сэтгэгдэл