Монгол Улсаас НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч Ц.Мөнх-Оргил 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Халед Эль-Энанитай уулзаж, Итгэмжлэх захидлаа гардуулжээ.
Уулзалтын үеэр Байнгын төлөөлөгч Ц.Мөнх-Оргил ЮНЕСКО-гоос Монгол Улсын боловсрол, нийгэм, байгалийн шинжлэх ухаан, харилцаа холбооны салбарын хөгжлийг дэмжих, соёлын болон байгалийн өв, дурсгалт газрыг хадгалан хамгаалах чиглэлээр үзүүлж ирсэн дэмжлэгт талархал илэрхийлсэн байна. Мөн 2026 оны 7 дугаар сард болсон Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн нь Монгол Улсын түүх, соёлын өвийг олон нийтэд таниулахад чухал ач холбогдолтой үйл явдал болсныг онцолжээ.
Талууд Монголын нүүдэлчдийн түүх, соёл, уламжлалыг дэлхий дахинд таниулах зорилготой “Нүүдлийн соёл иргэншлийн түүх цуврал боть бүтээх” төслийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцсон байна. Энэхүү төсөл нь нүүдэлчин ард түмний хүн төрөлхтний түүх, соёлд оруулсан хувь нэмэр, уламжлалт амьдралын хэв маяг, мэдлэг, соёлын онцлогийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Халед Эль-Энани Байнгын төлөөлөгч Ц.Мөнх-Оргилд баяр хүргэж, Монгол Улс, ЮНЕСКО-гийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлж хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Уулзалтын төгсгөлд Байнгын төлөөлөгч Ц.Мөнх-Оргил Монгол Улс ЮНЕСКО-той хамтын ажиллагаагаа өргөжүүлж хөгжүүлэхийн зэрэгцээ тус байгууллагын зорилго, үйл ажиллагаанд идэвхтэй хувь нэмэр оруулж ажиллахаа илэрхийлжээ.

0 сэтгэгдэл