Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр 9 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.
Хүндэт зочныг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австралийн парламентын найрамдлын бүлгийн дарга М.Энхцэцэг, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн болон албаны бусад хүмүүс угтан авав.
Угталт
Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт 9 дүгээр сарын 22-нд Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикийг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчиллээ.
Дараа нь Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хүндэт зочны хамтаар Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.
Улмаар Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсгээ зурлаа.
Төрийн ёслолын журамд заасанчлан гадаад улсын төр, засгийн тэргүүнүүд, өндөр хэмжээний зочид Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа уг дэвтэрт сэтгэгдэл үлдээдэг уламжлалтай. Энэхүү дэвтэр нь түүхэн баримт бичигт тооцогддог юм.
Албан ёсны хэлэлцээ
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар өнөөдөр /2026.09.22/ Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.
УИХ-ын дарга С.Бямбацогт уулзалтын эхэнд Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд 15 жилийн дараа хэрэгжиж буй албан ёсны айлчлал хоёр улсын болоод парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал алхам гэдгийг онцлон тэмдэглэв.
Хоёр улс ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс, зах зээлийн эдийн засгийг дээдэлсэн нийтлэг үнэт зүйлстэйг УИХ-ын дарга тодотгоод, Монгол Улсын гуравдагч хөрш болох Австрали Улстай харилцааныхаа цар хүрээг өргөжүүлж, улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулан, эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн төлөө буйгаа илэрхийлсэн юм.
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик, энэ удаагийн парламентын даргын айлчлал нь хоёр орны хамтын ажиллагаанд томоохон ахиц гарсны илэрхийлэл гэдгийг онцолсон.
Тэрбээр ирэх онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо гэдгийг тэмдэглэсэн. Энэ хугацаанд хоёр орны хооронд стратегийн, улс төрийн, эдийн засгийн болон хүн хоорондын харилцаа өргөжин тэлсээр ирснийг дурдаад, энэ удаагийн айлчлал дээрх харилцааг шинэ түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
УИХ-ын дарга С.Бямбацогт Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дүнд бий болсон 126 гишүүнтэй парламентын талаар танилцуулж, иргэдээ сонсдог, ил тод, нээлттэй парламентыг төлөвшүүлэхэд Австрали Улсын туршлага чухал гэдгийг тодотгосон. Түүнчлэн Австралийн парламентын баталсан Нийгмийн сүлжээнд хүүхдийн эрхийг хамгаалах, Залилангаас урьдчилан сэргийлэх хуулиудаас туршлага судлах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм.
Тэрбээр Зам, тээврийн сайдаар ажиллаж байх хугацаандаа эхлүүлж, эрх зүйн үндсийг нь тавьсан Австрали руу шууд нислэг үйлдэх ажил удахгүй ажил хэрэг болох гэж буйд баяртай байгаагаа дуулгаад, тус улс руу зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх, Оюутолгойн гэрээ байгуулагдсанаас хойш 17 жилийн дараа анх удаа Монгол Улс ногдол ашиг хүртэх болсон сайн үр дүнг цаашид тогтвортой хадгалах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарал хандуулж ажиллахыг хүслээ.
УИХ-ын дарга С.Бямбацогт уулзалтын үеэр Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайз Улсад амиа алдсан гэмт хэрэгт Малайз Улсын Холбооны шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон нэг этгээд нь Австрали улсад орогнож буй асуудлыг шийдвэрлэж гэмт этгээдийг Малайзын талд шилжүүлэн хуулийн хариуцлага хүлээлгэхэд Австралийн талаас дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.
Австралийн парламентын дарга Милтон Дик, УИХ-ын үйл ажиллагааг иргэддээ нээлттэй, ил тод болгох шинэчлэлийг эхлүүлсэнд талархал илэрхийлсэн. Мөн хоёр орны, тэр дундаа парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Австралийн Засгийн газрын тэтгэлгийг үргэлжлүүлэх асуудлыг уламжилж, олон залууст суралцах боломжийг олгохын төлөө байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн Монгол Улсын иргэний Малайзад амь насаа алдсан асуудлыг хууль хяналтын байгууллагууд шударгаар шийдэхэд анхаарч, хууль сахиулах байгууллагуудаас авч буй арга хэмжээний талаарх мэдээллийг тухай бүр хүргүүлж ажиллана хэмээлээ.
Тэрбээр уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогтод Австралийн Холбооны Улсад албан ёсны айлчлал хийх урилгыг гардууллаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд зочлов
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик тэргүүтэй төлөөлөгчид Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд зочиллоо.
Улсын Их Хурлын дарга нийт гишүүдийн нэрийн өмнөөс Монгол Улсад тавтай зочлохыг уриад "Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Таны Монгол Улсад хийж байгаа энэхүү айлчлал нь манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, төрийн өндөр, дээд түвшний харилцааг үргэлжлүүлэх, Монгол, Австралийн хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэж хэлье. Цаашид манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа "Иж бүрэн түншлэл"-ийн түвшинд хүрч, бүхий л салбарт хөгжиж, иргэд хоорондын харилцаа улам бэхэжнэ гэдэгт итгэлтэй байна. Эрхэмсэг ноён Милтон Дик танд болон энд хүрэлцэн ирсэн Австралийн парламентын эрхэм гишүүд, төлөөлөгч Та бүхэнд талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" хэмээн мэндчиллээ.
Ерөнхий сайдын бараалхалт
Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд ярилцав.
Ерөнхий сайд Н.Учрал, Австрали Улс ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс, зах зээлийн эдийн засгийн нийтлэг үнэт зүйлстэй манай чухал гуравдагч хөрш, Номхон далайн бүс нутаг дахь ойр дотно түншүүдийн нэг юм. Уул уурхай, эрдэс баялгийн салбар нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны бодит үр дүнтэй чиглэлүүдийн нэг. Үүний гол илэрхийлэл нь “Оюутолгой” төсөл. Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” групптэй хийсэн хэлэлцээгээр төслийн зардлыг бууруулах, Монголын талд ногдох өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үр дүнд хүрээд байгааг онцлов. Цаашид төслөөс Монгол Улсад үлдэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, үндэсний боловсон хүчин бэлтгэх, дотоодын аж ахуйн нэгжүүдийн ханган нийлүүлэлтийн оролцоог өргөжүүлэх, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.
Мөн хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, худалдааны бүтцийг илүү тэнцвэртэй, төрөлжсөн, харилцан ашигтай болгох, ялангуяа Монгол Улсаас Австрали Улсад нийлүүлэх экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ. Засгийн газар хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр цогц шинэчлэл хэрэгжүүлж байна. Тухайлбал, УИХ-ын даргаар ажиллаж байхдаа дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгыг Засгийн газрын бодлогын түвшинд үргэлжлүүлж, хүнд суртлыг бууруулах, төрийн зарим чиг үүрэг, үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, хөрөнгө оруулалт, инновацыг дэмжихэд анхаарч ажиллаж байгааг тодотголоо. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Австрали Улстай хамтарч, хөрөнгө оруулалт, технологи, стандарт, магадлан итгэмжлэл, мэргэжилтэн бэлтгэх туршлагыг татан оролцуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Ялангуяа, дээврийн нарны цахилгаан үүсгүүрийн суурилуулалт, ашиглалтын аюулгүй байдал, чанарын баталгааг хангах чиглэлээр Австралийн “PV” суурилуулагч, зураг төсөл боловсруулагчдыг магадлан итгэмжлэх тогтолцооны туршлагыг судалж, мэргэжилтэн бэлтгэх, гэрчилгээжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал дэвшүүлэв.
2025 оны байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 66.8 сая ам.долларт хүрсэн. Монгол Улсын 28 мянга орчим иргэн Австралид амьдарч байна. Ерөнхий сайд Австрали Улсад суралцах монгол оюутнуудын визийн нөхцөл, төгсөлтийн дараах ажиллах боломжийг илүү таатай болгох асуудалд онцгой анхаарч өгөхийг хүслээ.
Талууд хоёр улсын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх ажлыг урагшлуулж, дээд түвшний харилцан айлчлалын үеэр ярьж тохирсон асуудлыг бодит үр дүнд хүргэхийг зорьж байна.
Чингис хаан үндэсний музейд













Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд Монгол Улсад хийж буй гурав дахь удаагийн энэхүү айлчлал нь энэ сарын 22-23-ны өдрүүдэд үргэлжилж байгаа бөгөөд хоёр улсын улс төрийн харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Монгол Улс, Австрали Улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд эдүгээ "Өргөн хүрээний түншлэл"-ийн харилцаатай байна.

0 сэтгэгдэл