"Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал ба хяналт" олон улсын дугуй ширээний уулзалт Монгол Улсад хоёр өдөр болж өндөрлөлөө.
НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын Оролцогч улсуудын 11 дүгээр Бага хурлаар баталсан "Улс төрийн нам, сонгуульт албан тушаалд нэр дэвшигч болон сонгуулийн санхүүжилтийн ил тод байдлыг бэхжүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх тухай" 11/7 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, санаачилгыг үргэлжлүүлэхээр зорилготой уг уулзалтын төгсгөлд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Мягмар хандаж үг хэллээ.
Тэрбээр,
"Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Олон улсын байгууллага, хамтран ажиллагч байгууллагуудын эрхэм төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,
Олон улсын байгууллага, хамтран ажиллагч байгууллагуудын эрхэм төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,
"Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал ба хяналт" олон улсын дугуй ширээний уулзалт хоёр өдрийн турш үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлж, ийнхүү өндөрлөж байна.
Энэ уулзалтаар бид улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг хангах асуудлыг зөвхөн хууль тогтоомж, санхүүгийн тайлагналын хүрээнд бус, авлигаас урьдчилан сэргийлэх, сонгуулийн шударга байдлыг хамгаалах, ардчилсан институцид итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх өргөн хүрээний асуудал болохыг олон улсын туршлага, бодит жишээнд тулгуурлан хэлэлцлээ.
Хоёр өдрийн хэлэлцүүлгээс хэд хэдэн чухал санаа тодорхой гарч байна.Тухайлбал:
Нэгдүгээрт, Улс төрийн нам, нэр дэвшигчдийн санхүүжилтийн мэдээллийг нийтэд ил болгохоос гадна уг мэдээлэл үнэн зөв, цаг үеэ олсон, хүртээмжтэй, шалгах боломжтой байж, бодит хяналт, хариуцлагын үндэс болох шаардлагатай байна.
Хоёрдугаарт, үр нөлөөтэй хяналтыг нэг байгууллага дангаараа хэрэгжүүлэх боломжгүй гэдэг нь тодорхой байна. Сонгуулийн байгууллага, авлигатай тэмцэх байгууллага, аудит, хууль сахиулах болон бусад эрх бүхий байгууллагын уялдаа холбоо, мэдээлэл солилцоо, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой байна. Энэ асуудал манай уулзалтын үндсэн чиглэлүүдийн нэг байлаа.
Гуравдугаарт, улс төрийн санхүүжилтийн хяналт шинэ эрсдэл, шинэ технологийн орчинд нийцэн хөгжих шаардлагатай байна. Цахим тайлагнал, нээлттэй өгөгдөл, мэдээллийг тулган шалгах боломж, өгөгдөлд болон эрсдэлд суурилсан хяналт нь цаашдын шинэчлэлийн салшгүй хэсэг болж байна.
Мөн улс төр дэх хууль бус санхүүжилт, гуравдагч этгээдийн санхүүжилт, төрийн нөөцийг зүй бусаар ашиглах, гадаадын санхүүжилт зэрэг ил тод бус эх үүсвэрээс үүдэн гарах эрсдэл нь улс орнуудын өмнө нийтлэг сорилт болж байгааг бид хэлэлцлээ. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд үндэсний хүчин чармайлтаас гадна улс орон хоорондын туршлага солилцоо, олон улсын хамтын ажиллагаа улам чухал болж байна.
Энэ удаагийн уулзалтын онцгой ач холбогдол нь бид зөвхөн асуудал, сорилтыг тодорхойлоод зогсохгүй цаашдын хамтын ажиллагааны нийтлэг чиглэлүүдийг тодорхойлж чадсан явдал гэж үзэж байна.
Бидний хэлэлцэн дэмжсэн Улаанбаатарын мэдэгдэл нь энэ хамтын ойлголтын илэрхийлэл юм.
Уг мэдэгдлээр улс төрийн санхүүжилтийн мэдээллийг цаг тухайд нь, бодитой, хүртээмжтэй байдлаар нийтлэх, хяналтын байгууллагуудын хараат бус байдал, чадавх, бүрэн эрхийг бэхжүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог сайжруулах, улс төрийн санхүүжилтийн эрсдэлийг бууруулах, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, иргэдийн оролцоог дэмжих, мөн Дохагийн 11/7 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд олон улсын хамтын ажиллагаа, харилцан туршлага солилцож, хамтран суралцах, техникийн туслалцааг үргэлжлүүлэх чиглэлүүдийг онцолж байна.
Энэ бол бидний ажлын төгсгөл бус, харин дараагийн шатны эхлэл юм.
2025 онд Доха хотноо НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын (UNCAC) оролцогч талуудын 11 дүгээр бага хурлаар 11/7 дугаар тогтоолыг санал нэгтэй баталсан нь улс төрийн санхүүжилтийн ил тод байдал, хяналтын асуудлаар олон улсын хэмжээнд чухал суурь тавьсан. Одоо бид уг тогтоолын зарчим, зорилтыг бодитоор хэрэгжүүлэх нь чухал юм.
Монгол Улс энэхүү тогтоолыг санаачлан батлуулахад оролцсон улсын хувьд түүний хэрэгжилтийг дэмжих үйл хэрэгт цаашид ч идэвхтэй хувь нэмэр оруулахыг зорих болно.
Бид Улаанбаатар хотноо эхлүүлсэн энэхүү яриа хэлэлцээг үргэлжлүүлж, өнөөдөр хуваалцсан сайн туршлагыг бодит шинэчлэлтэй холбож, улс орнууд болон байгууллагуудын хоорондын мэргэжлийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийг уриалж байна.
Ялангуяа энэхүү уулзалтаас гарсан санал, зөвлөмж, сайн туршлага болон Улаанбаатарын мэдэгдлийн үндсэн чиглэлүүдийг 11/7 дугаар тогтоолын цаашдын хэрэгжилт болон Оролцогч улсуудын 12 дугаар бага хурал хүртэлх олон улсын хэлэлцүүлэгт хувь нэмэр оруулах бодит эхлэл болгох нь чухал гэж үзэж байна.
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Энэхүү уулзалтыг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC), Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA), Сонгуулийн тогтолцооны олон улсын хүрээлэн (IFES), Транспэрэнси Интернэшнл (Transparency International), Нээлттэй Нийгэм Форум (OSF), Нээлттэй Засгийн Түншлэл (OGP) болон бусад түнш байгууллагууддаа Сонгуулийн ерөнхий хорооны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Мөн хоёр өдрийн турш өөрсдийн мэдлэг, туршлага, сургамжаа нээлттэй хуваалцаж, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон нийт илтгэгч, хэлэлцүүлгийн чиглүүлэгч болон оролцогчид Та бүхэнд талархал илэрхийлье.
Та бүхний оролцоо, санал, туршлага Улаанбаатарын уулзалтыг зөвхөн олон улсын нэг арга хэмжээ бус, улс төрийн санхүүжилтийн ил тод байдал, хариуцлагыг бодитоор урагшлуулах хамтын ажиллагааны нэгэн алхам болголоо.
Бидний энд эхлүүлсэн хамтын ажиллагаа Улаанбаатараар дуусахгүй гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэнд Монгол Улсад хүрэлцэн ирж, бидэнтэй хамтран ажилласанд дахин талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд тань өндөр амжилт хүсье" гэв.
Эх сурвалж: СЕХ

0 сэтгэгдэл