"Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал-хяналт" олон улсын дугуй ширээний уулзалт Монгол Улсад 2026 оны 9 дүгээр сарын 23-24-ний өдөр боллоо.
Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Авлигын эсрэг конвенцын Оролцогч улсуудын 11 дүгээр Бага хурлаар баталсан "Улс төрийн нам, сонгуульт албан тушаалд нэр дэвшигч болон сонгуулийн санхүүжилтийн ил тод байдлыг бэхжүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх тухай" 11/7 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, санаачилгыг үргэлжлүүлэх зорилгоор Сонгуулийн ерөнхий хороо олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд гадаадын 40 гаруй улс, олон улсын байгууллага болон Улсын Их Хурал, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар зэрэг төрийн байгууллага, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагын 70 гаруй төлөөлөгч оролцож, улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг хангах, хяналтад оруулах талаарх сайн туршлага, цаашдын чиг хандлагаа хуваалцсан юм.
Хуралдааны эхний өдөр олон улс улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг хэрхэн хангаж, хяналт тавьж байгаа болон тулгарч буй бэрхшээл, цаашдын чиг хандлагын талаар оролцогч улсуудын сонгууль, хяналтын байгууллагын төлөөлөл, олон улсын байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл хэлэлцсэн юм.
Хуралдааны хоёр дахь өдөр НҮБ-ын 11/7 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, улс орнууд үүрэг хүлээх талаар хэлэлцэж, дүгнэлт саналаа нэгтгэлээ. Тодруулбал, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын Оролцогч улсуудын 12 дугаар Бага хурлын өмнө бүс нутгийн хэмжээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ энэ удаагийн уулзалтаар тодорхойллоо.
"Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал-хяналт" олон улсын дугуй ширээний уулзалтад дүгнэлт, саналаа нэгтгэж цаашдын чиглэлээ тодорхойлсон "Улаанбаатарын мэдэгдэл" баримт бичиг гаргалаа.

0 сэтгэгдэл