Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Түүхийн багш нарын анхдугаар улсын зөвлөгөөнд оролцож үг хэлэх үеэрээ маргааш УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг нь шийдэх гэж буй, дэмжигдэхгүй байх өндөр магадлалтай болсон УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийнхөө талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, Гишүүнийг эргүүлэн татах хуулиасаа би огт ухрахгүй. Би маш том эр зориг гарган ажиллаж байгаа. Өнөөдөр Монголд хэн ч хаан болохгүй. Би хаан болохгүй, ахиж нэр дэвшихгүй. Миний хугацаа ирэх жил дуусна, байх хугацаандаа Монгол төрөө цэвэрлэх чин сэтгэл байна. Энэ үүднээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг өргөн барьсан. УИХ-д хулгайч, дээрэмчид сууж үүрээ засдаг байж болохгүй. Тиймээс би хууль санаачилсан. Улсынхаа 3.5 сая иргэнийг төлөөлж ярих эрх ганцхан төрийн тэргүүнд бий. УИХ-ын гишүүд бол тойргийнхоо иргэдийг төлөөлж ярих эрхтэй. Тиймээс ард түмнийхээ хүсэмжлэлийг УИХ-д хуулийн төсөл болгон өргөн барьсан. Энэ хуулийг заавал батлах ёстой! Энэ бол ард түмний хүсэж байгаа зүйл. Ард түмэн нь хариуцлага алдсан гишүүдээ эргүүлэн татах хуультай болъё гээд шахаж, шаардаад байхад яагаад үүнийг эсэргүүцээд байна вэ? Юун УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хууль, эцэг эх байх эрхийг нь хасдаг хуультай орно шүү дээ Монгол Улс. Парламент төрийн тэргүүний өргөн барьсан энэ хуулийг хэлэлцэж батлах ёстой. Хэзээ батлах хүртэл нь энэ хуулийг Төрийн тэргүүн өргөн барьж ажиллана хэмээсэн байна.

0 сэтгэгдэл