Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо болон “Дэлхийн морьтнууд” төрийн бус байгууллагаас монгол адуунд Монгол Улсын баатар цол олгох санаачилга гаргажээ.
Монгол адуунд төрийн дээд цол олгох нь түүний генофондыг хамгаалах, цэвэр цусны байдлыг хадгалах, эрлийзжих эрсдэлээс сэргийлэхэд чиглэсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийг улс төр, нийгмийн сэтгэл зүйн түвшинд баталгаажуулна гэж энэ асуудлыг санаачлагчид тайлбарласан юм.
Монгол адуу нь манай үндэстний ялагдашгүй хүч, тусгаар тогтнолын багана гэж үзэж "баатар" цол олгох нь түүхэн шударга ёсны илэрхийлэл бөгөөд монгол түмний нэгдмэл байдлыг хангах оюун санааны тунхаглал болно гэж тэд үзэж буй ажээ.
Гэхдээ одоогоор мөрдөж буй Монгол Улсын цол, одон медалийн тухай хууль болон холбогдох дүрэм, журмаар бол “Монгол Улсын баатар” цолыг түүхэн онцгой гавьяа байгуулсан “Үндэсний бахархалт амьд биет”-д олгох эрх зүйн боломж байхгүй юм байна.

0 сэтгэгдэл