УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлнэ гэж мэдэгдлээ.
АН-ын дарга бөгөөд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Н.Учралын Засгийн газраас хүлээх шинэ юм байхгүй юм байна. Муу Засгийн газрыг удаан явуулах нь ашигтай юу, илүү сайжрахын тулд өөрчлөгдөх нь ард иргэдэд хэрэгтэй юу гэдгийг бодох ёстой. Цэрэг амь насаа алдсан асуудлаар Батлан хамгаалахын сайд Д.Батлутад хариуцлага тооцож огцруулах шаардлагыг АН-аас Ерөнхий сайдад хүргүүлсэн. Гэвч Ерөнхий сайд Н.Учрал хариу өгөөгүй. Хүний амь бол тоглоом биш. Үүнийг үл тоомсорлож байгаа тул Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулж эхлэхээр боллоо. Ерөнхий сайд Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцож чадахгүй бол өөрт нь хариуцлага тооцох асуудлыг тавина гэдгээ бид мэдэгдэж байсан. УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдыг огцруулах акцыг эхлүүлнэ. Бүлгийн гишүүд "Хариуцлага алдсан сайддаа хариуцлага тооцохгүй гэж байгаа бол Ерөнхий сайдад өөрт нь хариуцлага тооцох асуудлыг тавих нь зүйтэй" гэж үзсэн. Сайд Д.Батлутыг "огцруулах" шаардлагад хариу ирүүлээгүйг "Хариуцлага тооцохгүй" гэсэн хариулт гэж ойлгож байгаа гэв.
Тэрбээр мөн "Парламент хоёр жилийн хугацаанд баталсан төсвөө 5 удаа тодотгож, гурав дахь Засгийн газраа бүрдүүлж, УИХ-ын даргаас эхлээд баахан томилгоо хийлээ. Гол чухал хуулиуд хэлэлцэгдэхгүй, хэлэлцэх эсэхийг нь шийдээд орхидог байдалтай энэ удаагийн парламент ажиллаж байна" хэмээн тодотгов.

0 сэтгэгдэл