Иран улстай хийж буй хэлэлцээ амжилтай урагшилж буй тул пүрэв гарагт төлөвлөсөн цохилтоо цуцалсан, удахгүй энхийн хэлэлцээрт гарын үсэг зурж магадгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгджээ.
"Исламын Бүгд Найрамдах Иран Улстай хийж буй хэлэлцээ Ираны дээд түвшний удирдлагад хүрч, тэд дэмжсэн тул би АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар өнөөдөр үдэш товлосон байсан цохилт, бөмбөгдөлтийг цуцалж байна" хэмээн Ерөнхийлөгч Доналд Трамп Truth Social цахим хуудсандаа бичжээ.
Түүний өгүүлснээр, АНУ, Израил, Саудын Араб, АНЭУ, Катар, Турк, Пакистан, Бахрейн, Иордан, Египет зэрэг сонирхогч бүхий л тал хэлэлцээрийн заалтуудыг дэмжсэн аж. Улмаар ирэх амралтын өдрүүдэд хэлэлцээрт гарын үсэг зурж магадгүй гэж тэр бээр онцолжээ.
Доналд Трамп ийнхүү мэдэгдсэнээс хэдэн цагийн дараа Иран улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Эсмаил Багаи мэдэгдэл хийж, "Иран хэлэлцээртэй холбоотойгоор эцэслэсэн дүгнэлтэд хүрээгүй" хэмээн онцолсон байна. Түүний өгүүлснээр, одоогоор шийдвэр гаргах холбогдох байгууллагууд хэлэлцээрийн баримт бичгийг хянан үзэж байгаа аж.
Энд дуулгахад, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн хоёр сарын хугацаанд "тун удахгүй хэлэлцээ хийнэ" гэж 38 удаа мэдэгдсэн талаар Tasnim агентлаг онцолсон байна.
Эх сурвалж: ШУА, Олон улс судлалын хүрээлэн

0 сэтгэгдэл