Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлахаар хүрэлцэн ирлээ.
Түүнийг Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Н.Энхболд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюань, ГХЯ-ны холбогдох газрын удирдлагууд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтан авав.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 13-15-нд айлчлахдаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Н.Учрал нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийх юм.
Ажиглагчид Ван И айлчилж байгаа нь энэ онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монголд айлчлах бэлтгэл байж магадгүй хэмээн үзэж байна. Ши Жиньпин Монгол Улсад өдгөөгөөс 12 жилийн өмнө буюу 2014 онд төрийн айлчлал хийж байв.

0 сэтгэгдэл