Албан тушаалаа урвуулан ашигласан, авлига хээл хахууль авсан хэмээгдэж хуулийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа шалтгаанаар эх орондоо сүүлийн жилүүдэд ирж чадахгүй АНУ-д амьдарч байсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нар эх орондоо иржээ.
Тэд нийгмийн сүлжээ/сошиал дахь өөрсдийн болон ойр дотныхныхоо цахим хуудсаар "нислээ, буулаа, ирлээ, эх орондоо ирлээ, тавтай морил" хэмээн мэдэгдэж, ирснээ зарлав.
Гэвч тэдний ирсэн явдлыг "МАНАН дахин амиллаа" гэж үзэх хэсэг байна. Тухайлбал, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "МАНАН амилах цагаар…Үндэсний баялгийг тонон дээрэмдсэн МАНАН дэглэм нэгхэн жил дотор эргэн сэргэж, эрчээ авчээ. Тэмцэх бүү хэл дуугардаг ч хүн байхгүй болж. Болж ч гэж өмнө нь ч угаасаа ийм л байсан…" гэсэн бол Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар "Сүүлийн үед өдөр бүр surprise. Зугтаасан хүмүүс уригдаж, залагдаж очжээ. Зарим нь бүр төрийн соёрхол хүртэж очжээ. Жунай ахыг Сэбүгээс өөрөө очиж авч ирсэн юмсан. Хэрэг нь хаагдсан гэж сонсогдлоо. Би сурч боловсрох эрхээ эдлээд гадаадад сар гаран курст сурсан юм аа. Удахгүй курс дуусна. Очъё доо. Ард түмнийг ингэж доромжилж болохгүй ээ. Эбэ бас уригдаж иржээ. Мань хөөгдөж, МАНАН УРИГДАЖ, ШАГНАГДДАГ ӨДӨР хардаг би ч мөн азгүй юмаа даа" хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.


0 сэтгэгдэл