ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин анх удаа Курилийн арлууд дээр, тэр дундаа Япон улстай маргаантай байдаг, Хоккайдо арлаас холгүй орших Итуруп аралд зочилжээ. Энэ нь ОХУ-ын төрийн тэргүүний хувьд сүүлийн 16 жилд тус арал дээр очиж буй анхны тохиолдол юм. Өмнө нь 2010 онд Дмитрий Медведев Ерөнхийлөгчийн алба хашиж байхдаа тус аралд зочилж байсан юм.
Владимир Путин ийнхүү анх удаа Итуруп аралд айлчилсныг Япон улсын Ерөнхий сайд Санаэ Такаичи хатуу шүүмжилсэн байна.
Путин “Орост хандах Японы хандлагыг таагүй болголоо” хэмээн Такаичи сэтгүүлчдэд мэдэгджээ. Түүнчлэн энэхүү арал нь “түүхэн болон олон улсын эрхзүйн үүднээс онцгой Японы нутаг дэвсгэр” хэмээн онцолсон байна.
“Энэ үйлдэл нь япон ард түмнийг доромжилж байгаа хэрэг бөгөөд байж болшгүй хэрэг. Бид Оросын тал энэхүү асуудал хэр ноцтой гэдгийг бүрэн ухамсарлана гэж найдаж байна” хэмээн Санаэ Такаичи телевизээр хийсэн мэдэгдэлдээ онцолжээ.
Үүнээс өмнө Япон улсын Гадаад хэргийн сайд ч мөн Владимир Путин Итуруп аралд айлчилсныг эрс эсэргүүцэж, Итуруп бол Японы нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг, энэхүү айлчлалыг эсэргүүцэж байна хэмээн мэдэгдэж байв.
ОХУ, Япон улс Курилийн арлуудын эзэмшлийн асуудлаас болж олон жил маргаантай байгаа бөгөөд тиймдээ ч Дэлхийн II дайны төгсгөлөөр хоёр тал энхийн гэрээнд гарын үсэг зураагүй байгаа юм.
Курилийн арлуудын Итуруп, Кунашир, Шикотан болон Хабомаи арлуудыг Япон улс өөрийн нутаг дэвсгэр гэж тооцон, 1855 оны худалдаа, хилийн тухай Орос-Японы гэрээний үндсэн дээр эдгээр арлуудыг Хоккайдо мужийн бүрэлдэхүүнд оруулж тооцдог. Харин Оросын тал эдгээр арал нь Дэлхийн II дайны үр дүнгээр ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсон, Орос улс эзэмших асуудал маргаангүй гэж үздэг юм.
Эх сурвалж: ШУА, Олон улс судлалын хүрээлэн

0 сэтгэгдэл