Монтенегро Улсын ерөнхийлөгч Яков Милатович, гэргий хатагтай Милена Милатович нар өчигдөр Монголын Бурханы Шашинтны Төв-Гандантэгчэнлин хийдэд хүндэт зочны ёсоор морилон саатлаа.
Зочдыг МБШТ-Гандантэгчэнлин хийдийн Гадаад харилцаа хариуцсан тэргүүлэгч лам М.Ганхуяг угтан авч, МБШТ-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламтан болон тэргүүлэгч лам хуврагууд хийдийн шашин соёлын голомт болсон Батцагаан цогчэн их дуганы үүдэнд хадаг дэлгэн халуун дотноор угтан авлаа.
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж эрхэм хүндэт зочдод Батцагаан цогчэн их дуганы түүх, бэлгэдэл, Монголын Бурханы шашны уламжлал, номын өв соёлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Ерөнхийлөгч Якoв Милатович Монголын Бурханы шашны гүн утга агуулга, бэлгэдэлд онцгойлон ач холбогдлыг илэрхийлж, бурханы шашинд чухал бэлгэдэл болсон хөх, шар, цагаан өнгөний утга учрын талаар Тэргүүн их хамба лам Д.Жавзандоржоос сонирхон асуув.
Тэргүүн их хамба лам эдгээр өнгөний бэлгэдэл, хүний сэтгэлийн мөн чанар, мунхаг харанхуйг арилган гэгээрэлд хүрэх оюун санааны зам мөртэй хэрхэн холбогддог талаар гүн утга агуулгатайгаар тайлбарлан өглөө.
Үүний дараа эрхэм хүндэт зочид төр, түмний их шүтээн Жанрайсиг дуганы өмнөх талбайд хүрэлцэн очиж, Монголын уламжлалт шашин, соёлын өвийн нэгэн чухал илэрхийлэл болсон цамын хүндэтгэлийн үзүүлбэрийг таалан сонирхов.
Ийнхүү Монтенегро Улсын ерөнхийлөгч Якoв Милатович, гэргий хатагтай Милена Милатович нарын Гандантэгчэнлин хийдэд хийсэн хүндэтгэлийн айлчлал нь Монголын Бурханы шашны уламжлал, түүх, соёлын үнэт өвтэй танилцсан, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, хүндэтгэлийг бэхжүүлсэн утга төгөлдөр үйл явдал боллоо.




Эх сурвалж: Гандантэгчинлин хийд

0 сэтгэгдэл