Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны 9 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллахаар болжээ.
Тэрбээр эхлээд Ховд аймагт ажиллаж Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцахын зэрэгцээ аймгийн иргэдтэй уулзан, бодлого, үйл ажиллагаа, хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр зэргийн талаар танилцуулах юм байна.
9 дүгээр сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ажиллахдаа Бөхөн уул дахь Эзэн Богд Чингис хааны шүтээн хөрөг нээх ёслолд оролцох аж.
Түүнчлэн аймгийн иргэдтэй уулзахаас гадна Өлгий сумын 2 дугаар дунд сургуульд зочилж, багш сурган хүмүүжүүлэгч, ажилтнуудын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөжээ.
Сүүлийн үед Баян-Өлгий аймгийн казах иргэдийн аж амьдралтай холбоотой нийгмийн хэлэлцүүлэг өрнөж, улмаар иргэд монгол, казах үндэстний хооронд талцал хуваагдлын сэдэв болсон. Энэ үед Ерөнхийлөгч тус аймагт ажиллаж Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах гэж байгаа нь асуудлыг намжаах, Монгол Улс нэгдмэл улс гэдгийг сануулах зорилготой хэмээн ажиглагчид үзэж байна.

0 сэтгэгдэл