Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо болсон Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны 152 дугаар хурлын сүүлийн өдөр буюу өнөөдөр Парламентчдын хүний эрхийн хороо нийт 17 улсын парламентын гишүүдийн эрх зөрчигдсөн эсэх асуудлын талаар олон улсын 400-гаад парламентчдад танилцуулж, шийдвэр гаргуулжээ. Үүний нэг нь Монгол Улстай холбоотой буюу УИХ-ын гишүүн Х.Булгантуяагийн асуудал байсан байна.
Хурлаас УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг өөрийн чиг үүргийн хүрээнд чуулганы хуралдааныг удирдсаных нь төлөө “Төрийн эрхийг хууль бусаар булаан авах” гэмт хэрэгт буруутгаж буйд харамсаж байгаагаа илэрхийлж, парламентчийнх нь хувьд бүрэн эрхийг нь зөрчиж, айлган сүрдүүлэх, чөлөөтэй зорчих эрхийг хаах гэх мэт зөрчил гарч байгаа талаар цаашид хороо анхааралдаа авч хэлэлцэхээр тогтжээ. Мөн цахим орчинд нэр хүндийг нь унагах зорилгоор зохион байгуулалттай ажиллагаа, ялгаварлан гадуурхалт хийгдсэн байж болзошгүй тул үүнийг олж тогтоохыг Монгол Улсын Их Хуралд даалгасан шийдвэр гаргасныг танилцуулжээ.
Энэ удаагийн хурлын үеэр парламент руу дайрах нь ардчилал руу дайрч буй хэрэг. Хамтдаа арга хэмжээ авч, дуу хоолойгоо өргөх нь зөвхөн хувь парламентын гишүүдийг хамгаалж буй хэрэг биш, харин ардчиллын зарчмыг хамгаалж байгаа асуудал гэдгийг онцолсон байна.

0 сэтгэгдэл