Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.
Ирэх оны төсвийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авав.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ө.Шижир, Манай улс ирэх онд төрийн өмчийн объектуудаа түрээслүүлээд 1.7 тэрбум төгрөгийн орлого олно гээд төлөвлөж. 2020 онд түрээсийн төлбөрөөс 2.4 тэрбумын орлого олдог байсан бол одоо 1.7 болж буурсан байна. Тийм атлаа төрийн байгууллагууд, төслийн нэгжүүд 2027 онд 119.8 тэрбум төгрөгөөр бусдаас объект түрээслэх юм байна. Бид өөрийн хөрөнгөө өөрөө ашиглаж болдоггүй юм уу. Төр өөрөө хөрөнгөө метр квадратыг нь 50 мянгаар түрээслүүлдэг, өөрөө түрээслэхээрээ 170 мянган төгрөг хүртэл төлдөг. Хэмнэлтийн бодлого хаана байна вэ хэмээн асуув.
Сангийн сайд З.Мэндсайхан, Сангийн яам төслийн 47 нэгжийг 2026 оны 1 сараас эхлэн нэгтгэн 17 болгоод оффис түрээсийн зардлыг бууруулаад явж байгаа хэмээсэн бол Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, Байрны түрээстэй холбоотой асуудал сүүлийн гурван жилийн хугацаанд огцом тэлсэн байна. Засгийн газар энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж, төрийн өмчийн бүх агентлаг, улсын үйлдвэрийн газрууд, төрийн өмчит компаниудын түрээсийн асуудлыг нь шалгаад Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долдугаар хэлэлцэн шийдвэр гаргасан. Ажлын хэсгийн судалгааны хүрээнд өнгөрсөн долдугаар сард 22 улсын төсөвт үйлдвэрийн газрыг татан буулгаж, өндөр үнэтэй байр түрээслэхийг зогсоосон. Хамгийн өндөр түрээстэй нь ИНЕГ, шүүхийн байрууд байна. Мөн гадаад улсад суугаа манай ЭСЯ, консулын газруудын байр юм. Засгийн газар өнгөрсөн сарын хуралдаанаараа өндөр түрээс төлж байгаа гурван шүүхийн байрны асуудлыг шийдвэрлэсэн гэсэн хариулт өглөө.
УИХ-ын гишүүн Ц.Туваан, ирэх онд төсөвт байгууллагын албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж хэрхэн нэмэгдэхийг тодруулсан. Мөн сонгуулийн санал тоолох хар машиныг шинэчлэх хөрөнгө ирэх оны төсөвт тусгагдсан эсэхийг лавласан юм.
Сангийн яамны Төсвийн зарлагын хэлтсийн дарга П.Бат-Эрдэнэ, 2027 оны хоёрдугаар улирлаас төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдын цалинг 20 хувиар, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг 10 хувиар нэмэгдүүлэхээр холбогдох зардлыг 2027 оны төсвийн төсөлд тусгасан. Учир нь 2026 оны төсвийн тодотголоор боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбар болон бусад төрийн үйлчилгээний албан хаагчдын нэмэгдүүлэхээр тусгасантай холбоотой. Түүнчлэн ахмадуудын тэтгэвэр, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 2027 оны 01 дүгээр сарын 1-нээс 10 хувиар нэмэхээр тусгасан гэлээ.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Мягмар, Засгийн газраас 2027 оны төсөвт сонгуулийн санал тоолох автоматжуулсан төхөөрөмж болох хар машин худалдан авах төсвийг тусгасан. Нийт дүнгээрээ 29,2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Нийтдээ 3 мянган санал тоолох машиныг ирэх оны эхний улиралд багтаан хүлээж авах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эхний 1000 машиныг хүлээн аваад техникийн баталгаажуулалтыг хийгээд дуусаж байна гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ц.Туваан С.Зулпхар нар байр сууриа илэрхийлсэн бөгөөд төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

0 сэтгэгдэл