Энэ оны Нобелийн Энх тайвны шагналыг хүний эрхийг хамгаалагч, 2008-2014 онд НҮБ-ын хүний эрхийн Дээд комиссараар ажиллаж байсан, Гаагын Олон улсын шүүхийн шүүгч, ӨАБНУ-ын иргэн Наванетхем “Нави” Пиллэй хүртлээ. Энэ тухай Осло дахь Нобелийн хороо мэдээлжээ.
Энх тайван болон олон улсын эрхзүйг бэхжүүлэхийн төлөөх хүчин чармайлтыг нь үнэлэн Пиллейд энэхүү шагналыг олгохоор шийдвэрлэснээ Нобелийн хорооны дарга Йорген Ватне Фрюднес мэдэгдсэн байна.
Энэ оны Нобелийн Энх тайвны шагналд нийт 287 хүний нэрийг дэвшүүлсний дотор АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын нэр байжээ.
Энэхүү шагналыг 1901 оноос хойш олгож байгаа юм. Анхны шагналтнууд нь Олон улсын Улаан загалмай нийгэмлэгийг үндэслэн байгуулагч, Швейцарын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Анри Дюнан, “Энх тайван, эрх чөлөөний лиг” байгууллагыг үндэслэгч, Францын улс төрийн зүтгэлтэн Фредерик Пасси нар байв.
Өнгөрсөн оны шагналыг Венесуэлийн сөрөг хүчний улстөрч Мария Корина Мачадо-д, 2024 оны шагналыг цөмийн зэвсгийг хураахын төлөө тэмцдэг Японы Nihon Hidankyo холбоонд олгожээ. Харин 2023 оны шагналыг Ираны хүний эрхийг хамгаалагч Наргес Мохаммади хүртсэн байна.
Анагаах ухаан, физик, хими, утга зохиолын салбарын Нобелийн шагналыг Шведийн нийслэл Стокхольмд, Энх тайвны шагналыг Норвегийн нийслэл Осло хотод гардуулдаг.

0 сэтгэгдэл