Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Дорноговь аймагт ажиллах үеэр Алтанширээ суманд баригдаж буй Монгол Улсад нефть-химийн аж үйлдвэрийн суурийг тавьж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа энэхүү стратегийн томоохон төслийг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргаж, шуурхай арга хэмжээ авсны үр дүнд төмөр зам, авто зам зэрэг үйлдвэрийн гаднах дэд бүтцийн томоохон ажлууд богино хугацаанд хэрэгжиж, үйлдвэрийн болон түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн юм.
Өнөөгийн байдлаар үйлдвэрийн технологийн байгууламжуудын барилга угсралт, тоног төхөөрөмжүүдийн суурилуултын ажил эрчимтэй өрнөж байна.
Ерөнхийлөгч үйлдвэрийн талбайд ажиллах үеэр бүтээн байгуулалтад гар бие оролцож буй инженерүүд технологийн байгууламжийн суурийн боолтыг бэлгэдэл болгон Монгол Улсын Ерөнхийлөгчид дурсгав.
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд барьж байгуулж буй Газрын тос боловсруулах үйлдвэр нь түлш шатахууны импортын хараат байдлыг бууруулах, улс орны эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.



0 сэтгэгдэл