ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо энэ өдрүүдэд хуралдаж, Монголын анхны төрт улс Хүннүгийн язгууртны цогцолбор дурсгалыг бүртгэлээ.
Төв аймгийн Борнуур сумын нутаг дахь Ноён уул, Баянцагаан сумын нутаг дахь Чихэртийн Зоо, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын нутаг дахь Дуурлиг нарс, Архангай аймгийн нутаг дахь Гол Мод-1,2, Ховд аймгийн Манхан сумын нутаг дахь Тахилтын хотгор гэсэн цогц дурсгалыг судлах ажил “Чингис хаан” үндэсний музейд хэрэгжүүлсэн төсөл үр дүнгээ дэлхийд данслуулж чадлаа.
Дэлхийн өвийн конвенцод заасны дагуу тус жагсаалтад бүртгүүлэхийн тулд тухайн соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэн (Outstanding Universal Value)-тэй байх ёстой бөгөөд түүнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс илүүг хангах зайлшгүй шаардлагатай. Үүнээс гадна тухайн өв нь “жинхэнэ байдал” (Authenticity), бүрэн бүтэн байдал (Integrity) бүхий шинж чанарыг тус тус агуулах шаардлагатай байдаг.
Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон цагаас хойш Увс нуурын ай сав газар (2003), Дагуурын ландшафт (2017), Орхоны хөндийн соёлын дурсгалт газар (2004), Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор (2011), Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг (2015), Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд (2023) зэрэг 6 өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн байсан бол “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийн газрыг ийнхүү бүртгүүлснээр нийт 7 өвийг бүртгүүлээд байна.



0 сэтгэгдэл